Гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэх чинь ардчилал юм уу, Ерөнхийлөгч өө

Хоригдлуудын саналыг хүлээн авдаг агентлагтай болъё-

Гэмт хэрэгтэнд гишгэх газар байдаггүй гэж ярьдаг. Өс хонзон, атгаг санаандаа автан хүний алтан амийг ялаанаас дор үзэн хэрцгийгээр хөнөөж, эд хөрөнгөд нь халдаж байгаа гэмт хэргүүд бараг өдөр алгасахгүй гарч байна. Хийсэн хэрэгтээ гэмших нь битгий хэл хийх ёстой ажлаа хийсэн мэт хээв нэг аашлах “хүн араатнууд” өнөөдөр Ерөнхийлөгчөөс өршөөл гуйж, уйлан дуугарч байгааг юу гэж ойлгох вэ. Хэдийгээр Ерөнхийлөгч Өршөөлийн хууль гаргаж, цаазын ялыг “цаазалъя” гэдэг санал тавьсан ч энэ нь ямар ардчилал юм уу. Олныг сэрдхийлгэсэн аймшигт аллага үйлдчихээд шүүхээс цаазын ял сонссон “хүн араатнууд” сүүлийн үед Ерөнхийлөгчөөс өршөөл гуйх нь эрс нэмэгдэж байгаа нь түүний санаачилсан Өршөөлийн хууль, цаазын ялаас татгалзах санал хоёрын “гавьяа” гэхэд хэтрүүлсэн болохгүй байх. Харин өршөөл үзүүлэхийг гуйсан гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлэх шийдвэр гаргахдаа төрийн тэргүүнд юу бодогдож байдаг бол…
Ерөнхийлөгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн III хорооны нутагт хэвлэлийн цех ажиллуулдаг О гэдэг эмэгтэйг хүчирхийлж, амийг нь хэрцгийгээр хөнөөсөн Б.Борбанди, мөн бага насны охиныг зүй бусаар хүчирхийлж аминд нь хүрсэн хоёр нөхрийг торноос  сулласан нь гэмт хэрэгтнүүдийн сэтгэлд гэрэл асаасан гэлтэй.
Мөн өнгөрсөн онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь хилийн цэргийн ангийн Шанагын заставт үүрэг гүйцэтгэж байхдаа харуулын даргаа хөнөөн, улмаар заставтаа ирж хоёр хүнийг бүрэлгэж, олон хүн барьцаалсан Э.Оюунболд, М.Тулга, Г.Лхагважав нар ч төрийн тэргүүнийхээ ивээлд багтахаар уучлалт хүсээд байгаа. Үүнтэй зэрэгцээд Сүхбаатар дүүргийн нутагт нагац эгчийгээ хүчирхийлээд нөхөртэй нь хамт хөнөөж, гэрийг нь шатаахыг завдсан Д.Цэрэндорж өргөдлөө хүргүүлсэн байгаа. Одоо эдгээр материалтай Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан танилцажсуугаа биз.
Өнөөгийн нийгэмд улс орны аж амьдрал, өвөлжилтийн байдал, утаа угаар гээд хийх ажил үстэй толгойноос их байдаг. Энэ их ажлын хажуугаар Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан, хуулийн хэлтсийн зөвлөх нь өргөдөл, хүсэлт шагайж суухын оронд хоригдлуудын өршөөлд хамрагдах санал, хүсэлтийг нь  хүлээж авдаг агентлагтай болвол яасан юм бэ. Тэртэй тэргүй өнөөдөр ажлын байр хомс, дээд боловсролтой  ажилгүйчүүд хийх ажлаа олж ядан холхиж байна шүү дээ.
Ер нь, хүний амийг хонь алахаас дор үзээд хэрцгийгээр хөөсөн гэмт хэрэгтнүүдийг өршөөж байгаа юм чинь нарсанд суугаа малын хулгайчдаа ч гэсэн нар харуулвал яасан юм бэ, Ерөнхийлөгч өө. Тэд  ямар өршөөгдөж байгаа нөхөдтэй адил хүн алж, хүрээгээр нь галдсан биш. Тэгээд ч ХХААХҮ-ийн сайд нь ажлаа хийдэггүй, түүнд хариуцлага тооцдоггүйн “азаар” жил бүр 10 сая хол давсан мал үхэж байна. Ядахад тэднийг нь хоригдож байгаа хулгайчид цөөлж байг л дээ..
Дээр хоригдлуудын саналыг хүлээж авдаг агентлагттай болох санал гаргасан даа, тэр агентлаг нь  хоёроос дээш хүнийг хэрцгийгээр хөнөөсөн, орон гэрээ шатаахын хажуугаар хамаатан саднаа бүрлэгсэн этгээдийн гомдлыг шийдэж нар харуулна биз. Харин үүний балгаар сайн, саар бүх зүйлийг овжиноор ашиглах дуртай нөхөд “Гадаадад хямд үнээр зуучилна” гэдэг шиг  “Хүүг чинь, охиныг чинь Өршөөлийн хуульд найдвартай багтааж, нар харуулна.Тавигдах шаардлага: Хүнд хөнгөн хамаагүй анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн бол хөнгөлөлттэй, 18 нас хүрээгүй бол тэдэн хувиар ханшаа бууруулна” гэх мэтийн балай үгтэй зар сурталчилгаа хэвлэлээр цацаад сүйд болох вий дээ. Тэр ч бүү хэл, өнөөх алдарт “Чатын эмээ” гэдэг шиг 60 гарчихсан хөгшний уймраа болсныг далимдуулаад өс санасан нөхрөө нухуулчихыг ч байг гэхгүй. Жинхэнэ ардчилсан орон хэмээн бид итгэж, ардчилсан Ерөнхийлөгч сонгосон юм хойно хүчтэй, хүчгүй иргэний хөдөлгөөнүүд ч борооны дараах мөөг шиг олширох нь лавтай. Тэд мөрийнхөө хөтөлбөрт өршөөлөөр суллагдсан иргэдийг нийгэмшүүлнэ, ажлын байраар хангана, байрны квот олгоно гэх зэрэг гоё үгнүүдийг урсган мөнгө угаах арга хайх, зарим эрх мэдэлтэн давтан ялтай нөхрийг Өршөөлийн хуульд “чихэх” гэж үйлээ үзэж, үсээ цайлгах ирээдүй айсуй.  Харин энэ бүхний дараа хүний хүн байх эрхийг үүрд хассан хэрцгий гэмт хэрэгтнүүд биднийг хүний ёсоор хайрлалаа хэмээн Ерөнхийлөгч танд баярлаад “Төрийн тэргүүн түм бум наслаг” гээд өөрийн тань төлөө санал нэмэрлэх байлгүй дээ.
Д.Баатар

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих