О.Батнайрамдал: Лу.Гантөмөр дарга одоо охиныхоо авсан зээлийн хүүг төлөх хэрэгтэй
МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдалыг энэ удаагийн “Өглөөний зочин”-оор урилаа. Тэрбээр Боловсролын зээлийн сангийн асуудлаар анх “Шүгэл үлээсэн”. Харин одоо энэ асуудал юу болов, зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байгаа бол, цаашид яах вэ гэдгийг ярилцлаа.
Надад боловсрол маш их үнэ цэнээр олдсон
-“Ховдоос Харвард руу” гэдэг номоор нь О.Батнайрамдал гэдэг залууг уншигчид мэднэ. Эндээс харахад, 13 ястны өлгий нутаг Ховд аймагт төрж өссөн залуу юм байна гэдэг эхний төсөөлөл буудаг?
-Аав, ээж хоёулаа Ховд аймгийн Булган сумын харьяат юм. Өвөө эмээ маань ч Булгандаа амьдардаг байлаа. Ойрадын үрс сад, торгууд ястны үргэлжлэл. Бид эцэг эхээс дөрвүүлээ. Хоёр ах, ганц эгчтэй. Айлын отгон хүү. Манайх аймгийн төв рүү нүүж очоод Жаргалант суманд хүүхэд насаа өнгөрүүлсэн. Есдүгээр ангиасаа Улаанбаатарт суралцах тэтгэлэг аваад анх нийслэлд ирж байлаа.
-Аав ээж нь ямар алба эрхэлдэг байв?
-Аав маань насаараа л Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын их эмч хийсэн, Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Отгоншар гэдэг хүн. Ээж маань Ховд аймгийн техникумд агрономич, багшаар ажилладаг байлаа. 1990-ээд онд олон хүнийг хүчээр тэтгэвэрт гаргасан даа. Тэгэхэд залуу насандаа тэтгэвэрт суусан хүмүүсийн нэг. Түүнээс хойш наймаа хийж, ногоо тарьдаг байлаа.
-Хөдөө талд соёлын үрийг тарьсан сэхээтнүүдийн хүүхэд юм байна?
-Тийм ээ. Аав ээж хоёр маань Булган сумаас л их сургуулийн хуваарь аваад нэг нь анагаах, нөгөө нь хөдөө аж ахуйн их сургууль төгсөөд нутагтаа очиж ажиллан соёлын үрийг тарьсан сэхээтнүүдийн нэг. Манайх энгийн л нэг айл. Манай аав ээж хоёр бусдын л адил хүүхдүүдийнхээ боловсролд бүхнээ зориулсан хүмүүс.
-Улс төрд орж ирсэн нь хэзээнээс вэ?
-Би улстөрч болно гэдэг ч юм уу, улс төрд орно гэж бодож байгаагүй. Миний төсөөлөл, карьерт огт байгаагүй зүйл. Би Америкийн хамгийн том банкны нэг болох Банк оф Америкагийн Нью-Йорк дахь салбарт, дараа нь Австралийн салбарт хөрөнгө оруулалтын банкираар ажилладаг байлаа. Тэгж ажиллаж байхдаа сэтгэлдээ эх орноо байнга бодно. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн зүрх сэтгэлд эх орон нь байнга уяатай байдаг. Хэчнээн удаан ажиллаж амьдарсан ч энэ уяа байж л байдаг юм. Тиймээс би чаддаг, мэддэгээр нь боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийе гэж бодсон. Би ганцаараа ном уншаад л, мэдлэгээ тэлээд байвал зөвхөн Батнайрамдал л боловсролтой болоод байна. Тиймээс дэлхийн хэмжээний өндөр боловсрол эзэмшсэн хоёр найзтайгаа нийлээд подкаст хийж эхэлсэн юм. Дэлхийн шилдэг номыг англи хэл дээр уншаад залуучууддаа зориулаад монгол хэлээр яриад өгчихдөг байлаа. Ингээд Youtube сувгаар үнэгүй цацсан. Олон ч ном уншиж өгсөн. Монгол залуучууд маш их сонссон. Түүнийг эхлээд одоо долоон жил болжээ. Дэлхийн шилдэг 160 гаруй ном уншиж өгсөн байна. Манай номыг сонсдог залуучуудын бүхэл бүтэн үе гарч ирлээ. Монгол Улсын 21 аймгаас болон дэлхийн 60 гаруй улсад тархсан монгол залуучууд олуулаа сонсдог юм. Боловсролын системээсээ авч чадахгүй байгаа мэдлэг, мэдээллээ биднээр дамжуулан авдаг. Ингэж өөрийгөө хөгжүүлэн гарч ирж байгаа бүхэл бүтэн залуу үеийн төлөөлөл байгаа.
-Хэлний бэрхшээлийг үл харгалзан дэлхийн шилдэг номыг эх хэл дээрээ сонсож байгаа юм байна шүү дээ?
-Тийм ээ. Хэлний бэрхшээлээс гадна тэр ном Монголд ирэхгүй. Ирсэн ч худалдаж авах боломжгүй. Хөдөө байгаа хүүхэд яах юм бэ. Хэзээ ч тэр дэлхийн шилдэг ном буйдхан хөдөөд очихгүй байхгүй юу даа. Эх хэлээрээ дэлхийн шилдэг номыг миний хоолойгоор нэг цагийн хугацаанд сонсчихдог. Энэ нь миний хувьд сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцаад, бусдад боломж олгох үнэ цэнийг эргээд ойлгож мэдэрсэн юм. Ингээд Монголд ирсэн. Монголд ирчихээд улс төр рүү оръё гээд орчихсон юм биш. Өөрөө шүүмжилж байгаа зүйлийнхээ бодлогыг хамт бичилцье гээд шийдсэн. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг бичилцэх боломж нь олдсон. Ингээд эргээд хартал нэг мэдсэн улс төр рүү орчихсон байсан даа. Яах вэ, шалтгаан нь би гадаадаас подкаст дээрээ ажиллаад, сэтгэлээ тээгээд эх орондоо ирж байна шүү дээ. Эх орондоо ирэхдээ би маш том мөрөөдөл, төсөөлөлтэй ирж байгаа шүү дээ. Өөрийнхөө хийе гэсэн зүйлийн зураг төсөөлөл, өөрчилнө гэсэн зүйлийнхээ жагсаалттай ирж байлаа. Гэтэл тэр хүсэл мөрөөдөл, өөрчлөлтийг улс төр руу орж л, шийдвэр гаргах түвшинд очиж байж л хийх ёстой болсон. Тийм учраас л улс төрд орсон доо.
-Мэдээж, Батнайрамдалын хүсэл мөрөөдөл уншсан номоо бусдад ярьж өгөх подкаст хийх байгаагүй байх. Улс төрд орох, улстөрч болох тухай бодож ч байгаагүй гэдгээ та сая хэллээ. Хүүхэд байхдаа яг юу гэж мөрөөдөж байв?
-Би хүүхэд байхдаа л өөрийн ертөнцтэй хүүхэд байсан. Ховд аймгийн Жаргалант суманд амьдардаг боловч миний төсөөлөл шал өөр. Үлгэрийн ном их уншдаг байлаа. Эрт урьдын цагт… гэж эхэлдэг үлгэрийн ном болгонд дуртай. Түүнийхээ амтанд орж, 10 дахин шимтэн уншдаг. Жаргалант сум хэчнээн жижигхэн ч гэсэн би номоор дамжуулаад шал өөр ертөнцөд баатар болж бусдад тусалж, гавьяа байгуулан ондоогоор амьдардаг хүүхэд байсан. Түүндээ өөрөө баярладаг байлаа. Үлгэр болгон дээр нэг баатар гарч ирээд мангасыг дараад ард түмэнд тусалж, гэрэл гэгээ авчирдаг шүү дээ. Ийм төсөөлөл дотор амьдардаг. Номын сан дотор өнждөг. Аймгийн Нийтийн номын сангийн үлгэрийн ном болгоныг авч уншаад дуусгачихсан. Ингээд Насанд хүрэгчдийн танхим руу хулгайгаар орж ном уншдаг хүүхэд байлаа. Бага насандаа их олон ном уншжээ. Түүнийгээ би хичээл хийж байна, ном уншиж байна гэж хэцүүгээр хардаггүй хүүхэд байсан. Үлгэрийн баатар болсноор өөрийгөө төсөөлдөг байсан болохоос биш би ийм, тийм мэргэжилтэй болно гэж боддоггүй байлаа.
-Алим модныхоо хажууд унадаг гэдэг шиг номд дуртай болоход сэхээтэн аав ээжийн нөлөө их байсан болов уу?
-Манай ах нар, эгч ч гэсэн бүгдээрээ хичээлдээ жигдхэн сайн сурдаг хүүхдүүд байсан. Манайх гэр бүлээрээ боловсролд их ач холбогдол өгдөг. Аав ээж маань хүүхдүүдээ хичээл сургуульдаа амжилт гаргах, сурсан мэдсэнээ хийж хэрэгжүүлэхээр их урамшуулдаг байлаа. Үг, үйлдэл, хайраар илэрхийлэн байнга урамшуулдаг байв. Энэ бүхнийг багаасаа харж өссөн. Амьдралын зарим хүнд нөхцөл байдлыг ч анзааран харж, аав ээжийгээ ямар их золиос гарган биднийг сургаж, боловсролтой болгож байгааг дотроо ойлгож, дотроо шингээдэг байлаа. Миний ээж аймгийн төвөөс 25 км газарт алхан очиж ногоо тарьдаг. Буянт голын шумуулд дамжлуулахаа шахан зүдэж тарьсан тэр ногоогоо намар ченжүүдэд хямдхан өгнө. Асар их хөдөлмөрийн хямдхан үнэлэгдсэн тэр хөлс хүчээр бидний дөрвөн хүүхэд их сургуульд сурч, боловсрол эзэмшсэн. Аав маань өдөр ч, шөнө ч гэртээ харагдахгүй. Эрүүл мэндийн манаанд зогсож байсан эмч хүн.Ээж аавын маань энэ их хүч хөдөлмөр, буян хишиг бидэнд эргээд боловсрол болж ирсэн. Тиймээс би тэр их үнэ цэнээр олдсон боловсролыг өөрийн үнэт зүйлээ болгодог. Аав ээжийн хайр, золиосыг боловсролын үнэ цэнээр дамжуулж авсан.
-Та 1980-аад оны хүүхэд. Тэр үеийнхэнд боловсрол маш их үнэ цэнээр олдсон шүү дээ. Яагаад гэвэл, 1990 оны Ардчилсан хувьсгалаар өмнө нь байсан нийгэм задарч унасан. Гэнэт сургалтын төлбөр гэдэг зүйл гарч ирэн, эцэг эхчүүд энэ асуудалтай нүүр тулсан. Сэрж сэхээрсэн хэсэг нь яаж ч байсан үр хүүхдээ боловсролтой болгохын төлөө ханцуй шамлан зүтгэсэн. Малчин айл хүртэл малаа сургалтын төлбөрт зориулж байлаа?
-Надад боловсрол маш их үнэ цэнээр олдсон. Миний аав ээж амьдралаа золиослон надад боловсрол олгосон юм. Тиймээс одоо боловсрол бусдад эрх тэгш олдох боломжтой байгаасаа гэдэг хүсэл миний гол зорилго болчихсон байна. Би үүнийг зөвхөн тэр үеийнхэн хүртсэн гэж бодохгүй байна. Яагаад гэвэл, энэ асуудал өнөөдрийг ч хүртэл үргэлжилж байгаа. Боловсролын ялгаанаас болоод хүмүүсийн амьдрал тэгш бус болоод ирчихсэн байна. Гэхдээ энэ нь тэдний буруу биш. Яагаад гэвэл, дэлхийн хэмжээний сайн боловсрол эзэмших боломжтой суурь боловсрол олгох нь төрийн үүрэг байхгүй юу. Төрийн ялзрал нь буцаад ард түмэнд боловсролын ялгаа болж очиж байгааг би хувьдаа хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ тэглүүлэх нь хууль бус
-Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын …дугаар сургууль, Ховд аймгийн Булган сумын сургууль хоёрт олгож байгаа боловсролыг та ондоо байна гэж хэлэх үү?
-Тэгнэ. Өөр байх ёсгүй шүү дээ. Суурь боловсролыг адилхан олгох ёстой. Хүүхэд аав ээжээ сонгож төрдөггүй шүү дээ. Аймаг, улсаа сонгож төрдөггүй. Тэгэхээр тэр хүүхэд хаана, хэнийд төрснөөс үл хамааран суурь боловсролыг бүгдээрээ тэгш хүртээмжтэй, тэгш гараанаас авах эрхтэй. Тэр анхдагч эрхийг төр хангаж чадахгүй байгаа нь үнэндээ арчаагүй хэрэг шүү дээ. Яагаад гэвэл, тэр тэгш гараа, тэгш хүртээмжийг хүүхэд бүрт олгохгүйгээр бид шударга ёс, тэгш байдлыг яриад утгагүй байхгүй юу.
-Тийм учраас та Боловсролын сангийн зээлийн асуудлаар “Шүгэл үлээсэн” байх?
-Боловсролын зээлийн сан чинь боловсролын салбар доторх хамгийн муухай ялзралын нэг. Ялангуяа баян, хоосны ялгаан дээр дүүгүүрдэж, бүр доромжилж гарч ирсэн хэлбэр. Яагаад гэвэл, Боловсролын зээлийн сан дотроо хоёр янзын зээл олгодог байгаа. Нэг нь дотоодын зээл. Нөгөөдөх нь гадаадын зээл байхгүй юу. Том зургаар нь хараад үзвэл, гадаадын зээл нь нэг хүүхдэд оногдож байгаа хэмжээ нь оргил үедээ 250 мянган ам.доллар. Ойролцоогоор 800 сая төгрөг байгаа биз. Тэр нь дандаа албан тушаалтны хүүхдүүдэд олддог боломж байхгүй юу. Гэтэл ардын буюу ядарсан айлын хүүхдүүдэд юу олддог вэ гэвэл дотоодын их сургуульд суралцах нэг жилийн төлбөр буюу 4-5 сая төгрөг, үсрээд л найман сая төгрөгийн зээл олгогддог юм. Монгол Улсын хэмжээнд албан тушаалтнуудын хүүхдүүдийн Боловсролын зээлийн сангаас авсан гадаад зээл 360 орчим тэрбум төгрөг байна. Ийм хэмжээний мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс авч явсан байдаг юм. Тэгээд эргэн төлөлт байхгүй. Ямар ч хариуцлага хүлээгээгүй.
-Эндээс зээл авч явчихаад тэр хүүхдүүд яг сургуульдаа сурсан уу?
-Зөндөө асуудал бий. Хэлний дамжаанд суучихсан тохиолдол ч байна. Хувийн дансандаа мөнгө авсан нь ч байна. Үнэхээр бүр доромжлоод байдаг байхгүй юу. Энэ мэтээр 360 тэрбум төгрөгийн асуудал ярьж байна шүү дээ. Гэтэл дотоодын их, дээд сургуульд сурсан ардын хүүхдүүдэд олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт нь 70 орчим хувьтай. Яагаад ийм сайн төлөлттэй байдаг гээч. Алхам тутамд нь дарамталдаг байхгүй юу. Монголбанкны хар жагсаалтад оруулдаг. Дипломыг нь хурааж авдаг. Эгэл ардын хүүхдүүд хоорондоо алалцан байж найман сая төгрөгийн зээл аваад, дипломоо хураалган байж дарамтлуулан, Монголбанкны хар жагсаалт гэдэг санхүүгийн шоронд орон байж авдаг зээл байхгүй юу. Гэтэл үүн дээр 163 тэрбум төгрөг л яригдаж байгаа юм.
Та бод доо, одоогийн байдлаарМонголбанкны хар жагсаалтад 20.833 монгол залуу орж, дипломоо хураалгачихсан байна.Ингэхээр чинь тэр залуус сурсан мэргэжлээрээ ажиллаж чадахгүй. Банкнаас зээл авч чадахгүй. Тэр битгий хэл Мобикомоос очоод нэг гар утас авч чадахгүй. Ингээд амьдрал нь санхүүгийн шорон болчихож байгаа юм. Тэгээд димлом байхгүй болохоор ажил байхгүй ажил байхгүй болохоор амьдрал байхгүй тэгш бус гинжин хэлхээд орчоод тэрнээс гарч чадахгүй л байгааг хараад харамсаж явдаг.
Яагаад гэвэл, оюутан байхдаа хөнгөлөлттэй зээл аваад төлж чадаагүй залуус байхгүй юу. Гэтэл яахаараа албан тушаалтны хүүхдүүд болохоор нэг хүүхдийн 200-700 сая төгрөгийн зээл авчихаад ичих ч үгүй төлж чадахгүй гээд яваад байдаг юм. Ийм хариуцлагагүй үйлдэл нь шударга бус байдал гаарсны тод жишээ. Саяханаас юм уу даа Гадаадын сургалтын зээлийн чанаргүй зээлийг Монголбанканд өгч хар жагсаалтад оруулж эхлэж байгаа гэсэн урд нь ийм зүйлс огт байгаагүй одоо харин бага ч болов үр дүн гарч байна уу даа гэж харж байна. Ер нь алагчилахгүй л шийдэх журмаар нь явах ёстой шүү дээ Боловсролын зээлийн сан гэх байгууллага нь өөрөө эс үйлдэл гаргаж байгаа юм байна. Зээлээ төл гэж шүүхэд өгөхгүй ямар нэгэн хариуцлага тооцохгүй зүгээр л загас шиг дуугүй байгаад байгаа нь өөрөө том асуудал болоод байгаа. Би ч гэсэн энэ байгууллагыг яагаад ардын хүүхдийг төл гээд элдэв янзаар нь дарамтлаад байдаг мөртлөө эрх мэдэл албан тушаалтай хүмүүсийг өрийн араас нь явахгүй бүүр ч эсэргээрээ хууль зөрчин барин зээлийг чөлөөлүүлэх санал гаргаж байгаа нь хамгийн том асуудал юм. Үүнийг л Эс үйлдэл гэж хэлэх байх даа. Үр хүүхдүүддээ өгөх боловсролын боломжийг тэгш бус олгосны гай. Өдөр, шөнө шиг ялгаа тод харагдаж байна. Нэг нь бүр харанхуй хонгил. Нөгөөдөх нь болохоор гэрэл нь ихдэж, хагарах гэж байгаа тайз шиг байна. Үүнийг өнөөдөр ярихгүй гээд яах юм бэ.
-“Шүгэл үлээчихлээ”. Үр дүн хэр гарсан бэ. Эргэн төлөлт хэдэн хувьтай байна вэ?
-“Шүгэл үлээсэн”-ээс хойшхи 10 сар дотор хийгдсэн эргэн төлөлтийг энэ асуудлыг хүмүүс огт мэддэггүй байх өмнөх жилүүдтэй харьцуулахад тав дахин ихэссэн. Гэхдээ том зургаар нь харвал, дахиад л 95 орчим хувь нь төлөгдөөгүй л байна. 360 тэрбум төгрөгийн чинь үсрээд л тавхан хувь нь төлөгдсөн байна гэсэн үг. Үүнийг төлсөн гэж үзэх үү. Юу гэж хэлэх вэ. Тэгэхээр үүнийг сайд руу дайрах гэлээ ч гээд ч юм уу, өөрсөд дээрээ эмзэг хүлээж аваад байх хэрэггүй. Уучлаарай, та бүгдийн карьераас чинь том зүйлийг яриад байна. Бүхэл бүтэн системийн гажуудал, цаашлаад Монгол Улсад үнэхээр шударга ёс байх уу, баян, хоосны ялгааг бид шийдэж чадах уу, үгүй юу, бид үр хүүхдүүддээ боловсролын тэгш боломж олгож чадах юм уу, үгүй юу гэдэг асуудлыг ярьж байхад тэр улс төр гээч чинь 87 дахь асуудал шүү дээ. Тиймээс би үүнийг шийдэл гартал, хариуцлага тооцогдох хүртэл нь ярина. Яагаад гэвэл, энэ зөвхөн Батнайрамдалын асуудал биш. Би ч өөрөө нэг хохирогч нь. Гэхдээ тэр шалтгаан огт биш.
-Одоо яах вэ?
-Боловсролын алдагдсан боломж гэдэг чинь мөнгөөр үнэлшгүй. Магадгүй ирээдүйн Монголын Ерөнхийлөгчийн боломжийг хулгайлчихсан байвал яах вэ. Монголын ирээдүйг тэр чигээр нь өөрчлөх түүхэн хүн байж болно шүү дээ. Улс орноо өөрчлөх боломжийг хулгайлуулж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Тиймээс бид үүнийг шийдэхгүй өдөр өнгөрөх тусам ирээдүйд нэг хүүхдийн боломж алдагдаж байгаа. Энэ хариуцлагыг хэн хүлээх юм бэ. Дараагийн хүүхдэд боломж олдох цаг иртэл нь би энэ асуудлыг хөндөж тавин явах болно. Ингэх гэж би Монголд ирсэн. Одоо цаг хугацааны хувьд УИХ-ын гишүүдээ сонгох сонгууль ойртсон. Энэ үеэр яадаг билээ. Улстөрчид “Намайг сонгоод өгөөч” гээд ард түмнээсээ мандатаа гуйгаад явна. Тэгвэл ард түмэн яг энэ үеийг далимдуулаад “Та болоод таны ойр дотны хэн нэгэн Боловсролын зээлийн сангаас зээл авсан бол, тэр зээлээ тэглүүлсэн бол Боловсролын зээлийн сангийн өрөө төл” гэж шаардах хэрэгтэй.
-Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ тэглүүлсэн хүмүүс ч гэсэн төлөх ёстой юу?
-Тэглүүлэх чинь өөрөө хууль бус зүйл. Тухайн үедээ Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийг 2011 онд баталсан. Тэр хуулийн 8.8 дээр “Татвар төлөгчдийн мөнгөөр олгосон боловсролын сургалтын зээлийг чөлөөлөх, хүчингүй болгох, багасгах шийдвэр УИХ-ын журмаар хэрэгжүүлнэ” гээд заачихсан. Гэтэл Лу.Гантөмөр даргаас эхлээд хууль зөрчиж эхэлсэн байхгүй юу. Лу.Гантөмөр өөрөө сайд байхдаа энэ хууль бус тэглэлтийг “Загалмайлсан эцэг” нь. Үүнийг бүр улс төрийн оноо авдаг схем болгож гаргаж ирсэн хүн учраас би нэр цохож хэлээд байгаа юм. Лу.Гантөмөр сайд асан өөрөө ёс зүй өндөртэй Японд дээд боловсрол эзэмшсэн атлаа бүхэл бүтэн түүхтэй АН-ыг толгойлж байгаа мөртлөө яагаад ийм ёс зүйгүй үйлдэл гаргаад байгаа юм. Лу.Гантөмөрын хойш 800 орчим оюутан авсан зээлээ тэглүүлсэн байна шүү дээ. Үүний хагасаас илүүг нь Лу.Гантөмөр дарга хийх дөрвөн жилийн хугацаандаа тэглэсэн байгаа юм. Анх ингэж эхлүүлээд түүнээс хойшхи сайд нар тэр тушаалыг нь үг үсэггүй хуулаад л чөлөөлөөд л байсан байна. Тийм учраас зээлээ чөлөөлүүлсэн, тэглүүлсэн гэж бодож байгаа бол уучлаарай, “Өрөө төл” гэж хэлээд байгаа юм. Энэ чинь буцаад дараагийн хүүхдэд боловсрол олгоно. Ийм боломжийг ард түмэндээ олго. Ямар ч шүүх дээр очсон наад мөнгө чинь заавал эргүүлж төлөх ёстой юм. Татвар төлөгчдийн мөнгөнөөс зээл авч болсон юм чинь одоо зээлээ эргэн төлчихөөд ард түмнээсээ очиж мандатаа гуйна уу. Тийм ёс зүйтэй байгаач. Ард түмэн чинь дандаа ёс зүй асууж байгаа шүү.
-Улайм цайм ёс зүйгүй зүйл яваад байхад яагаад хэн ч хариуцлага хүлээхгүй байна вэ?
-Лу.Гантөмөр эхлээд Боловсролын зээлийн сангаас гаргасан зээлийг тэглэсэн. Хоёрдугаарт, охин Г.Хулангаа өөрөө сонгон шалгаруулж, нэгдүгээрт жагсааж байгаад Брауны их сургуульд оруулахдаа өөрийн гарын үсэг зурж байгаад Боловсролын зээлийн сангаас зээл өгсөн байдаг юм. Дараа нь хүн амьтан намайг “Ашиг сонирхолын зөрчилтэй” гэж муу хэлэх вий гээд Авлигатай тэмцэх газраас “Ашиг сонирхолын зөрчилгүй” гэдэг албан тоот авчихсан байгаа байхгүй юу. Ингэхээр чинь Авлигатай тэмцэх газраас ёс зүйн дүгнэлт гарахгүй шүү дээ. “Аав нь охиндоо…” гэдэг хуулийн зүйл заалт байхгүй учраас хууль зөрчөөгүй байх л даа. Гэхдээ ингэж албан тушаалаа ашиглан байж, өөрийн охиноо нэгдүгээрт жагсаан, түмний хүүхдийн өмнө оруулан байж зээл өгөх нь ёс зүйтэй үйлдэл мөн үү гэхээр уг нь хэнд ч ойлгомжтой байгаа биз дээ. Үнэндээ Лу.Гантөмөрт л ойлгогдохгүй байгаа болохоос биш эгэл жирийн аав ээжүүд “Болохгүй” л гэж хариулна. Тухайн үед би Харвардын их сургуульд тэнцчихээд байгаа мөртлөө ардын хүүхэд учраас аваагүй шүү дээ. Тэгээд “Миний охин үнэхээр мундаг байсан юм аа” гээд байгаа юм. Уучлаарай, тэгвэл би охиноос нь илүү л эрэмбэлэгдэх сургуульд орчихсон юм шүү дээ. Өнөөдөр манай улсад улстөрчдөд ямар ч ёс зүй алга. Огт хариуцлага хүлээхгүй яваад байна. Үүнд нам хамаарахгүй шүү. Ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуй л даа. Ард түмний бухимдах нь аргагүй шүү дээ. Боловсролын зээлийн сангийн асуудлыг үе үеийн сайд бүгдээрээ мэдэж байсан.
-Одоо УИХ-д горилогчдын дунд Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй болон хамаарал бүхий этгээдийнхээ зээлийг төлөөгүй хүмүүс байгаа юу?
-Зөндөө байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд байна. УИХ-ын гишүүн болчихоод эхнэрийнхээ Боловсролын зээлийн сангаас авсан зээлийг 2021 онд тэглүүлсэн. Уг нь шаардлагагүй байхгүй юу даа. Төлчих л хэрэгтэй шүү дээ. Лу.Гантөмөрийн хувьд энэ асуудлыг гаргаж ирсний дараа бантсандаа охиныхоо зээлийг эргүүлэн төлсөн. Гэхдээ одоо зээлийнхээ хүүг төл. Өнөөдөр Монголд банкнаас зээл авчихаад ардаасаа нэхүүлэн байж өгөхдөө хүүг нь төлөхгүй салаавч гаргадаг хүн байна уу. Байхгүй шүү дээ. Жирийн ард иргэд нь амьдралаараа дэнчин тавин байж, дампууран барин банкны хүү төлж байхад яагаад дарга. сайд нар “Зээлээ тэглүүлчихсэн юм чинь би одоо болчихсон” эсвэл “Зээлээ төлчихсөн юм чинь” гээд явж болдог юм бэ. Зээлээ төл. Зээлээ төлсөн бол одоо хүүгээ төл. Энэ мэтээр маш урт жагсаалт хөвөрнө гэдэг нь аль хэдийн ил тод болсон шүү дээ.
-Сүүлийн үед танай намын нэр хүнд ард түмний дунд их унаж байх шиг?
-Би бас анх тэгж боддог байсан. Гэхдээ үгүй юм байна гэдгийг би өөрийнхөө энэ жишээгээр баталж байгаа гэж боддог. Дотоод ардчилал бас байна шүү дээ. Би хэдийгээр МАН-ын удирдах албан тушаал хашдаг ч гэлээ болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг гаргаж ирээд зоригтой хэлж, шүүмжилж болж л байна шүү дээ. Тэглээ гээд намайг нэг дарга нь ирээд л загнаж, дарамталсангүй. Улс төрийн соёл нь бэхжиж чадсан институци учраас манай намын байр суурь энэ асуудал дээр нэг байгаа гэж ойлгож байна. МАН бол МАН-ын дэмжигч, гишүүд, тэдний эрх ашгийн төлөө, тэдний үзэл баримтлал, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, түүний төлөө шийдэл олох тийм байгууллага. МАН-ын дэмжигч, гишүүд бол 100 хувь Боловсролын зээлийн сангийн асуудлыг “Зөв шийдэх ёстой” гэдэг байр суурин дээр байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Үүнд огт эргэлзэхгүй байна. Тийм учраас би МАН-ын дэмжигч, гишүүд болон энэ намын үнэт зүйл, шударга ёс, эрх чөлөөний төлөө энэ асуудлыг гаргаж ирсэн. Нам харгалзахгүй энэ асуудал дээр нэгдсэн байр суурьтай байж ард түмний хүсч буй шударга ёсны хүлээлтийг хангах ёстой. Надад хэн нэгнээс айх, ичих, санаа зовох юм огт алга. Би зөв зүйл хийж байгаадаа эргэлзэхгүй байна учир нь нийгмийн алдагдсан боломжийг нэхэж боловрсолын тэгш байдлыг бий болгох нь чухал юм. Эцэст нь хэлэхэд зөв зүйл хийхэд буруу цаг хугацаа гэж хэзээ ч байдаггүй. Буруу зүйл хийхэд ч зөв цаг хугацаа гэж байдаггүй юм. Хөшигний цаана нэг юм хувааж авдагтай би хэзээ ч эвлэрэхгүй.
https://news.zindaa.mn/4uhe
URL: