Москва-Берлин-Лондон нислэг үйлдэнэ

”ATC GLOBAL 2012” олон улсын уулзалт семинар энэ сарын 6-8 өдөр Нидерландын вант улсын Амстердам хотод амжилттай болов.

Уг семинарт ХБНГУ-ын Тээвэр, барилга, хот байгуулалтын хөгжлийн яамны Иргэний нисэхийн газрын Олон улсын агаарын тээврийн газрын дарга Улрих-Мартин Штийл, дэд дарга Хайко Шофер, тус газрын бизнесийн эдийн засагч Клос Лофут нартай Бонн хотноо уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд 2009 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт тохиролцсон асуудлыг Монгол Улсын Засгийн газар баталгаажуулсан талаар ХБНГУ-ын талд мэдэгдэв.

Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Монголын агаарын тээврийн компаниуд ХБНГУ-ын Берлин, Франкфурт, Мюнхэн хотуудаас ИБУИНВУ-ын Лондон хот руу 5 дугаар эрх эдлэн нислэг гүйцэтгэх зохицуулалтын асуудлаар санал солилцов.

Агаарын тээвэрлэлтийн 5 дугаар эрх эдлэх асуудлыг зохицуулах тусгай хэлэлцээрийг 2009 онд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичиг болохыг хоёр тал харилцан зөвшөөрч, 2012 оны 7 дугаар сард Лондон хотод зохион байгуулах зуны Олимпийн наадмаас өмнө Монголын агаарын тээврийн компани ОХУ-ын Москва, ХБНГУ-ын Берлин хотуудаар дамжин Лондон хот руу нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг баталгаажууллаа.

Тус уулзалтад ИНЕГ-ын дарга С.Батмөнх, ЗТБХБЯ-ны ахлах мэргэжилтэн Ч.Мөнхтуяа, ХНБАҮА-ны дарга П.Ганболд, ХОХ-ийн дарга Ж.Чулуунбаатар, АНҮГ-ын МХ-ын менежер Д.Уртнасан, АХХ-ийн мэргэжилтэн О.Энхзул, Д.Түвшинбаяр зэрэг бүрэлдэхүүнтэй оролцлоо.

С.Заяа /shuud.mn/


URL:

Сэтгэгдэл бичих