БУСДАД ХУУЛЬ БУСААР ГАЗАР ОЛГОСОН ГЭХ ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ ГЭЖ ХЭН БЭ
“НАМАЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ГАЗРЫН АСУУДЛААР ШАЛГАЖ БАЙГАА НЬ ҮНЭН”
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хууль бусаар газар олгосон гэх мэдээлэл бий. Тодруулбал, тэрбээр С гэх компанид 2000 мкв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмшүүлэх захирамж гаргаж, давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Улмаар түүнийг эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэх.
Түүнээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хууль бусаар газар олгосон эсэх талаар тодруулахад “2021 онд нэг компани найман аймагт олон улсын сүлжээ зочид буудал барихаар төлөвлөж байгаа. Түүний нэг нь танай аймаг гээд бидэнд зочид буудал барих хүсэлт явуулсан. Тухайн үед аймгийн ой тохиож байсан учир зөвшөөрчихсөн юм. Тэгээд 2022 онд таван давхар карказ босгочихоод үйл ажиллагаа нь одоог хүртэл зогсчихсон байгаа. Бусад аймгуудад ч үйл ажиллагаагаа явуулаагүй гэсэн. Тийм учраас өнгөрсөн нэгдүгээр сард намайг бусдад хууль бусаар газар олгосон хэмээн үзэж, шалгаж байгаа нь үнэн. Аймгийн Засаг дарга бусдад газар олгохдоо төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаагаар олгож болдог. Би тус компанид төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгосон. Түүнийг минь хууль зөрчсөн гэж үзээд байгаа. Гэхдээ шалгалтын ажиллагаагаар гэм буруугүй, бусдад хууль бусаар газар олгоогүй гэдэг нь тодорхой болох байх. Тус компанийн үйл ажиллагаа үргэлжилж, зочид буудалтай болвол сайн л байна. Одоогийн байдлаар тус газрыг өөр зүйлд ашигласан зүйлгүй. Сонгууль дөхчихсөн болохоор нэгнийгээ харлуулах ажил давхар байна гэж үзэж байна” гэсэн юм.
450 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦ, 60 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ ЦАГААНХҮҮГИЙН МӨНХБАТ
Тэрбээр 1980 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Комюьютерийн програм хангамжийн инженер мэргэжилтэй, Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн байна. 2001-2003 онд “Ньюфийл” ХХК-д инженер, 2003-2005 онд “КЭПСА” ХХК-д захирал 2007-2012 онд “Сатилайт Повер” ХХК-д ерөнхий захирал, 2012-2014 онд Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөх, 2017-2020 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, 2020 оноос Дундговь аймгийн Засаг даргаар тус тус томилогдон ажиллаж байгаа. Мөн тэрбээр 2012 оноос Дундговь аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн, 2015 оноос Ардчилсан намын Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, 2012-2016 онд Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016-2020 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2017 оноос одоог хүртэл Дундговь аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд тэрбээр мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын тэргүүний ажилтан, Барилга хот, байгуулалтын яамны тэргүүний барилгачин цол хүртэж байжээ. Ц.Мөнхбат нь хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ 231 сая 884 мянган төгрөгийн орлоготой, 450 сая төгрөгийн орон сууцтай, 20 сая төгрөгийн машинтай, 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 48 сая төгрөгийн малтай, гурван тусгай зөвшөөрөлийн эрхтэй хэмээн мэдүүлсэн байна.
https://ergelt.mn/news/21/single/44228
URL: