Анхан шатны шүүхээс Бишимбаевт 24 ЖИЛИЙН ял, Байжановт 4 ЖИЛИЙН ял оноолоо

жэахжэ_20240514093454Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр /2024.05.13/ эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр 24 жилийн ял оноолоо.

Бишимбаев болон түүний үеэл Бахытжан Байжанов нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэж, Куандык Бишимбаевийг эхнэрээ санхүүгийн хувьд хараат байлгах, удаа дараа зодох зэргээр бие болон сэтгэлзүйд нь хохирол учруулж, онц хэрцгийгээр, санаатайгаар хөнөөсөн гэм буруутай гэж үзэн, 24 жилийн ял оноож, түүний үеэл Б.Байжановыг хүнд гэмт хэргийн талаар мэдээлээгүй, нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, 4 жилийн хорих ял оноосныг Казахстаны Дээд шүүхээс мэдэгджээ.

Эхнэр Салтанат Нукеновагийн аминд хүрсэн Казахстаны эдийн засгийн сайд асан Бишимбаев хатуу дэглэмтэй колонид ял эдлэх юм.

Түүнийг хоёр зүйл ангиар ялласан бөгөөд эхнэрээ бие болон сэтгэлзүйн хувьд дарамталж, тарчлаасан гэж үзэн 7 жил, онц хэрцгийгээр хөнөөсөн гэж 20 жилийн ял оноож, шүүх өмнөх гэрлэлтээс нь төрсөн насанд хүрээгүй хүүхдүүд байгаа, гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан зэргийг харгалзан үзэж, 24 жилийн хорих ял болгосон байна.

Бишимбаевын үеэл Байжанов дунд дэглэмтэй хорих ангид ял эдэлнэ. Мөн шүүхийн зардалд 3300 тенгегийн торгууль, Салтанат Нукеновагийн гэр бүлд 69 мянган тенгегийн нөхөн олговор төлөх юм. Тэрбээр өөрт нь оноосон гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ял оноосны дараа “Шүүх буруугүй хүнд ял оноолоо” гэж хэлсэн байна.

Анхан шатны журмаар шийдвэрлэж, танилцуулсан шүүхийн шийдвэр нь хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй буюу эцсийн шийдвэр биш юм.

https://news.zindaa.mn/4v02


URL: