Татвар тэглэхээс өөр шийдэлгүй төр

Screenshot 2024-05-21 142242Хүнсний захаас монгол үйлдвэрийн нэг килограм гурил 2600 төгрөгөөр авлаа. Үнэ нь жаахан нэмэгдэж дээ л гэж бодов. Гэхдээ үнэ нь буугаасай эсвэл хямдхан орос, хятад гурил идэх юм сан гэж хүссэнгүй. Харин тэр өдөр манай хууль тогтоогчид гурилын гаалийн татварыг тэглэв. Монгол хүн хямдхан гурил идэж байвал үндэсний үйлдвэр дампуурсан ч яах вэ гэдэг шийдвэрийг гаргалаа. Үүний үнэн шалтгаан нь сонгууль болох гэж буйд л байгаа юм.
Үүний хажуугаар цементийн импортын татварыг дөрөв дахин багасгаж таван хувь болгож буурууллаа. Шалтгааныг нь цементийн үйлдвэрүүд бүтээн байгуулалтын улиралд ажиллах түүхий эдийн болон түлш шатахууны нөөцөө бэлдээгүй гэв. Үйлдвэрлэгчдийг хэт бассан шийдвэр байлаа. Үүний шалтгаан нь мөн л сонгууль юм. Зөвхөн иргэдийн өнөөдөрт хэрэгтэй, сонгуулийн сурталчилгаа хийхдээ тэдний чихэнд эерүү сонсогдох ямар нэгэн гоё юм ярихын тулд л эрх баригчдын гаргасан шийдвэр юм.
Монгол Улсад дотоодын дөрөв, БНХАУ-ын төрийн өмчит нэг үйлдвэр бий. Тэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа тохиолдолд Монгол Улсын цементийн хэрэглээг хангаад байж чадна. Тав хүрэхгүй сар эрчимтэй үргэлжилдэг бүтээн байгуулалтын улирлын үеэр манай төрийнхөн цөөн хэдэн үндэсний үйлдвэрлэгчээрээ оролддог уламжлалтай. Цементийн үйлдвэрүүдийн үнийг сонирхвол, Монцемент МАК-ийн 50 кг-ын ууттай цемент үйлдвэрээсээ 325 мянган төгрөг, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай улаан цементийнх 325 мянга, Ховд эко үйлдвэрийнх 280 мянган төгрөг байна. Харин импортын хятад цемент 280 мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа аж.
Ийм байхад импортын цементийн татварыг бараг л тэглэв. Хэн хожиж, хэн хохирох нь вэ? Татваргүй орж ирэх импортын бүтээгдэхүүний чанартай хэн, хэзээ хариуцлага ярих вэ?
2022 оны есдүгээр сард Засгийн газар тухайн оныг дуустал цементийн импортын татварыг тэглэж байсан. Хамгийн их эх орон, тусгаар тогтнол ярьж, төрийн далбааны өмнө инээж зургаа авхуулдаг хүмүүс эсрэгээрээ хамгаас хортой үйлдлийг хийдгийн жишээ бол улс орны стратегийн шинж чанартай бараа бүтээгдэхүүний импортын татварыг тэглэдэг, үндэсний үйлдвэрлэгчдийг буланд шахдаг, хувиараа бизнес эрхлэгчдийг татварын бодлого, хууль журмаар далайлгадаг байдал юм.
Үнэндээ татварын хатуу бодлоготой, зах зээл багатай, эдийн засаг чадавх муутай, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, хууль, эрх зүйн асуудал олонтойн дээр төрийн зохистой зохицуулалт, дэмжлэггүй Монгол Улсад үйлдвэрлэл тэр тусмаа хүнд үйлдвэрлэлийг тогтвортой явуулна гэдэг давшгүй даваа. Зориглоод давахыг хичээж яваа хэдийгээ импортын татвар тэглэх, торгох, лацдах зэргээр шоглоод илүү ачаа үүрүүлчихнэ.
Хүчирхэг улс, хөгжингүй орон болох, тусгаар тогтносон, бие даасан байдлаа хадгалахын гол үндэс бол үндэсний үйлдвэрлэл. Хэдэн сая тонн нүүрс зараад олон тэрбум доллар олохоос хичнээн сая дахин илүү өөртөө итгэх итгэл бол үндэсний үйлдвэрлэл юм. Энэтхэгийн IT салбарын эцэг гэгддэг тэрбумтан, бизнесмэн Нараяана Мурти /Narayana Murthy/ “Хэрэв Англи дэлхийн хүчирхэг улс болсон бол ач гавьяа нь аж үйлдвэрийн хувьсгалынх” гэж хэлсэн нь бий. Түүний энэ үг их алдартай. Учир нь үнэн гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг болохоор.
Ер нь үндэсний үйлдвэрлэл хүмүүсийн сэтгэл, сэтгэлгээн дээр хөлөө олж, оршин тогтдог юм байна гэдгийн нэг жишээ бол Даблин хотын зүүн хэсэг тэнгисийн эрэг орчмын дүүрэгт байх нэгэн жижигхэн дэлгүүр. Хүний хөл тасрахгүй тэдний бүтээгдэхүүний бараг 90 хувь нь уугуул үйлдвэрлэгчдийнх. Импортын хүнс, бараанаас үнэтэй боловч хэн ч тэгж бодохгүй, харин ч дугаарласаар авах бөгөөд үнэтэйгээсээ эхэлж дуусна. Яагаад гэдэг асуултад “ирландад хийсэн” болохоор гэж хариулдаг. Ийм сэтгэлгээтэй хүмүүсийн ачаар тэр дэлгүүр 60 гаруй жил ажиллаж, түүний цаана буй үйлдвэрлэгчид, фермерүүд өсөн дэвжсээр байдаг юм билээ.
Монгол хүмүүст ийм сэтгэл бий юу. Хэрхэн бий болгох вэ? Мэдээж бий. Гэвч тэдний худалдан авах чадвар, өндөр өртөгтэйгөөр бий болж буй үндэсний үйлдвэрлэл хоёрын дунд хана үүсдэг. Дэд бүтэц хөгжөөгүй, бүрэн үйлдвэрлэгч улс биш тул үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн өртөг, зардал ихтэйгээр бүтдэг. Үүнийг шийдэх цор ганц арга зам бол үндэсний үйлдвэрээ л дэмжих. Тэд олон болох тусам монголчуудын асуудал багасаж, хөгжил нэмэгдэнэ.
Гэтэл төр нь “Манай ядарсан иргэд хямд гурил идэх, цемент хямд үнээр авах хэрэгтэй” гэж үздэг, стратегийн бүтээгдэхүүний импортын татвар тэглэж, бууруулж “нүд рүүгээ хуруугаа хийсэн” хямдхан шийдвэр гаргасаар үүрсэн ачаандаа түүртэж яваа хэдэн үйлдвэрлэгчээ түлхэж унагаад байж болохгүй. Ардчилсан орнуудад төрийн зөв зохицуулалтаар үйлчилдэг үндэсний үйлдвэр, брэнд, бараа, бүтээгдэхүүнээ импортоос хамгаалах, олон улсын түвшинд хүртэл нь дэмжих, цаашлаад экспортод гарахад нь тусалж, дэмнэх тухай ойлголт манайд алга.
Яг эсрэг талаас нь үйлдэл хийдэг Засгийн газартай. Улаан буудай, түүний бүтээгдэхүүнүүд, гурилын экспортоороо дэлхийд тэргүүлэгч ОХУ-аас гурил, тэжээлийг, дэлхийн хамгийн том цемент үйлдвэрлэгч БНХАУ-аас цементийг импортын татваргүй оруулж ирэх шийдвэр гаргагч зөвхөн Монгол Улсад л байх болов уу?! Угтаа яаж хүчирхэг улс болохын талаар, бие даасан байхын тухай бодож байх учиртай хүмүүс өнөөдөр хэрхэн амархан амьдрах вэ л гэдэгт л толгойгоо ажиллуулж байна.
Уул нь “Бар”, “Арслан” гэх мэт гоё нэртэй, жинхэнэ хүчирхэг улс болох зорилгын хамгийн эхэнд “Үйлдвэр барих, үйлдвэрүүдтэй болох, үйлдвэрлэгч орон болно” гэдэг зорилт байх ёстой баймаар.
Хятад яагаад үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг вэ. Тэд яаж ийм сайн бас хүчирхэг болсон юм бэ? Удирдагчид нь үйлдвэрлэл бол хөгжлийн зам юм гэдгийг олж харсных. Тэгээд дотоодын үйлдвэрлэгчдэдээ томоохон дэмжлэг үзүүлж эхэлсэн бөгөөд хамгийн чухал нь тэдний зорилго өнөөдөр хямдхан хоол идэх бус ирээдүйд хүчтэй болох байж. Энд ганцхан жишээ дурдъя. Засгийн газраас нь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор бүтээгдэхүүн, борлуулалтад олгодог урамшуулал. Өндөр технологи, сэргээгдэх эрчим хүч зэрэг улс орны стратегийн шинж чанартай салбарт үйлдвэрлэл явуулж байгаа үйлдвэрүүдэд төрийн зүгээс ирдэг дэмжлэг. Хятад дэлхийн нийт түүхий гангийн үйлдвэрлэлийн 54 хувийг үйлдвэрлэгч болж чадсан нь үүний үр дүн гэж эдийн засгийн судлаачид үздэг.
Ийм учраас үндэсний үйлдвэрлэл түүнд зориулсан зөв дэмжлэг бол аливаа улсын хөгжлийн түлхүүр, эдийн засгийн хөдөлгөгч хүч. Харин монголчуудад үндэсний үйлдвэр чухал уу. Үйлдвэржилт өрнөхгүй байгаагийн шалтгаан юу вэ?
Хариулт нь, ид хийж, бүтээж хөдөлмөрлөх насны, эрүүл бие, саруул ухаантай залуус ажиллахын тулд гадагшаа явж буйн шалтгаан үйлдвэржээгүйнх. Ажилгүйдэл, ядуурал ихсэж, ажилгүй боловч ажил хийх хүн олдохгүй байгаагийн шалтгаан үйлдвэржээгүйнх. Шатахуун түлш, эрчим хүчиндээ санаа зовж гараа хумьж суугаагийн шалтгаан үйлдвэржээгүйнх. Монгол Улсын эдийн засгийн өсөлт муу, олигтой хөгжиж өгөхгүйн шалтгаан үйлдвэржээгүйнх.
Тэгвэл үйлдвэржээгүйн шалтгаан нь иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад анхаарах, инфляцыг тогтвортой байлгах, үндэсний үйлдвэрээ дэмжих цогц бодлого боловсруулж бас барьж чаддаггүй төрийнх.
Харин үүний шалтгаан бол одоо цаг дээр олон нийтэд таалагдах зорилгодоо хүрэхийн тулд ард түмний амьдрал, улсын ирээдүйг бодохгүйгээр зөвхөн сэтгэл хөдлөлөөс нь оноо цуглуулах үнэ цэнгүй шийдвэрүүдийнх. Харамсалтай нь ийм шийдвэр өнөөдөр гурил, тэжээлийн импортын татварыг бүрэн тэглэж, цементийг бараг л татваргүй болголоо.
Сонгогчдод гоё харагдаж, сайхан яригдахаар зүйлс л байвал улс орон, үнэ цэн, маргаашийн ирээдүй хамаагүй цааш нь “тэглэх”-д манай Засгийн газар бэлэн байгаа.
Эцэст нь, энд өгүүлсэн шалтгаанууд, нийгэмд үүссэн асуудлуудыг шийдвэрлэх хөгжлийн шалгарсан ганцхан арга бол үйлдвэрлэл. Тиймээс Монгол Улсад үндэсний үйлдвэрлэл л хэрэгтэй.
 Р.Буд
https://itoim.mn/a/2024/05/15/for-you/adz

URL: