Д.Соулия: Монголд -40 хэм хүйтэн байна гэхээр найз нар маань итгэдэггүй
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улстай 1962 онд дипломат харилцаа тогтоож, 2007 оноос хоёр улсын иргэд харилцан визгүй 30 хоног зорчиж байна. Лаосын 130 орчим оюутан манай улсын их, дээд сургуульд 1976-2020 оны хооронд хүний их эмч, малын эмч, зоотехникч зэрэг мэргэжил эзэмшжээ. Тэдний адилаар ХААИС-ийн дөрөвдүгээр курст сурч буй оюутан Дарасук Соулиятай ярилцлаа.
-Монгол орныг хэрхэн төсөөлж байв, анх ирсэн сэтгэгдлээ хуваалцах уу?
-Монголыг хүйтэн сэрүүн уур амьсгалтай орон гэж л төсөөлж байсан. Анх удаа хүйтэн уур амьсгалыг мэдрээд гайхсан. Манай орон зун болон борооны улиралтай, өвөл, хавар, намар байхгүй учир мэдэхгүй шүү дээ. Жилийн 5-10 дугаар сарын хооронд борооны улирал, 12-4 дүгээр сард зун болдог. Ийм дулаан газраас тэс өөр цаг агаартай, тэр тусмаа цас их унаж, тэсгим хүйтэн өвөл болдог оронд ирэхэд үнэхээр сонин санагдсан. Бид хэзээ ч цас харж байгаагүй. Байгаль өнгөө солиод, гадаа битүү цагаан цас болчихоор хэдий хүйтэн ч үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм билээ. Намайг хилийн чанадад сурна гэхэд манай гэрийнхэн биеэ дааж, амьдрал үзэх хэрэгтэй гээд таатай хүлээж авсан. Байнга л холбогдож, ядарч байна уу, элдэв юманд битгий санаа зовоорой, хэцүү санагдсан үедээ яриарай гэцгээдэг юм.
-Тэгвэл нэгдүгээр курсийн өвөл хамгийн хүйтэн, хэцүү санагдсан болов уу?
-ХААИС-д сурч буй манай улсын дөрвөн оюутан төсөөлж байсан ч, ийм хүйтэн гэж мэдээгүй гэж ярьж байсан. Бид дулаан, зузаан хувцасгүй ирж байлаа. Өвөл хүйтэн байсан болохоор зузаан хувцас мэдээж авсан. Гэхдээ зарим өдөр 3-4 давхар хувцас өмсөх тохиолдол ч байлаа. Гэрийнхэндээ өнөөдөр -40 хэм хүйтэн байна гээд, зураг үзүүлж, цас харуулаад ярихаар тэд хэлэх үггүй болж, “Хүмүүс яаж амьдардаг байна аа” гээд гайхдаг. Ээж маань “Чи зүгээр үү, дулаан хувцас өмсөөрэй, өвдөөгүй биз дээ, гэрээсээ аль болох битгий гар, даарна шүү” гээд л захьдаг юм.
-Энэ өвөл цас их унасан, онцгой хүйтэн байсан шүү дээ. Дөрвөн өвлийг үзсэн болохоор ажрахгүй өнгөрөв үү?
-Үгүй ээ. Одоо ч өвөл болоход хэцүү санагддаг хэвээрээ. Өглөө бүр сургууль руугаа явахдаа нүүрээ битүүлээд, зөвхөн нүдээ гаргадаг. Хүйтэнд нүүрээ ил гаргаж чаддаггүй шүү дээ. Найзууддаа, нутгийнхандаа -40 хэм хүйтэн байна гэхээр итгэхгүй мэт гайхдаг нь хэвээрээ л байгаа.
-Монгол үргэлж хүйтэн байдаггүй шүү дээ. Хөдөөгийн агаар зундаа сайхан, байгаль нь үзэсгэлэнтэй. Хөдөө явж үзсэн үү?
-Монголыг хүйтэн л гэж бодож байснаас зундаа тийм халуун гэж бас төсөөлөөгүй. Зуны амралтаараа Хөвсгөл нуурт очсон. Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан нуур. Гэхдээ нарны тос авч яваагүй учраас хурц наранд түлэгдээд, арьс маань хорсоод, бов бор болчихсон.
-Монголд таван жил амьдарсан гэхээр чамгүй олон найзтай болсон байх даа?
-Тийм ээ, маш олон найзтай. Ихэнх нь АШУҮИС, МУИС-д сурдаг. Мөн ХААИС-ийн болон ажил хийдэг найз нар ч бий. Тэдэнтэй уулзаж, цагийг сайхан өнгөрүүлдэг. Хичээлээс бусад сэдвээр ч сонирхолтой яриа өрнүүлдэг.
-Танд манай орны юу нь хамгийн сайхан санагддаг вэ?
-Монгол оронд байгалийн үзэсгэлэнт газар олон байдаг шүү дээ. Манай сургуулийн урд байдаг Богд уул маш сүрлэг, сайхан. Найзуудтайгаа Богд уул руу явган алхах дуртай. Явган алхаж, байгалийн сайхныг мэдэрч байгаа нь энд байх хугацаанд цагийг хамгийн сайхан өнгөрүүлсэн дурсамжуудын нэг байх.
-Тэгвэл хэцүү санагдаж байсан зүйл байдаг уу?
-Хамгийн хэцүү санагддаг зүйл нь бидний ичимхий зан юм уу даа. Лаос оюутнууд их ичимхий, нэрэлхүү учир профессор, багш нар хичээл заахдаа биднийг онцлоод, “Ойлгож байна уу, ойлгосон уу” гээд асуухад нь хариулахад их тухгүй байдаг.
-Монгол хэлээр муугүй ярих юм аа. Монгол хэл сурах хэр бэрхшээлтэй байна вэ? Хэдэн хэлээр ярьдаг вэ?
-Эхний жил МУИС-д хэлний бэлтгэлд сурч байхад амархан санагдсан. Энэ бол ширээ, энэ бол самбар гээд л төвөггүй сурч байлаа. Харин ХААИС-д сурахад шал өөр, ялгаатай. Хичээл нь монголоор ордог болохоор хэлний бэрхшээл байсан шүү. Учир нь биднийг хэлний бэлтгэлд сурах үед цар тахал дэгдэж, монгол хэлийг онлайнаар дөрвөн сар, танхимаар дөрвөн сар сурсан. Монгол хэлний өгүүлбэрийн бүтэц их хэцүү санагддаг. Гэхдээ хэл сурахад хамгийн чухал нь тухайн хэлийг өдөр бүр хэрэглэх, байнга хүмүүстэй харилцаж, ярилцах гэж боддог доо. Би англи, франц, тай хэлтэй.
-Хэл сурч байгаа хүн ном их уншдаг шүү дээ. Одоо ямар ном уншиж байна вэ?
-Хичээлээ тарсны дараа номын санд суугаад олон янзын ном уншдаг. Яг одоо хичээлийн улирал дуусах дөхсөн болохоор шалгалтандаа бэлдэн, хичээлийн номнуудаа л эргүүлж байна даа.
-Монгол ахуй соёлтой хэр танилцаж байна вэ?
-ХААИС-ийн 2, 3 дугаар курст дадлагаар хөдөө явж, монгол гэрт амьдарч, гал түлж үзсэн. Монголын үндэсний баярууд их гоё санагддаг. Төгсөхөөсөө өмнө наадам үзэх хүсэлтэй байгаа. Цагаан сараар айлд очиж, зөндөө бууз идэж байлаа. Найзуудындаа зочилж, гэр бүлийнхэнтэй нь танилцаж дайлуулдаг үнэхээр гоё баяр. Цагаан сар таалагддаг шүү.
-Жуулчид Монголд ирээд заавал морь унаж үзэхийг хүсдэг. Та морь унаж үзэв үү?
-Улаанбаатарын ойролцоо Тэрэлжид очиж гурван ч удаа морь унасан. Байгалийн сайханд морь унаад явах үнэхээр сонирхолтой, гоё юм билээ. Гэхдээ бөгс өвдөх нь жаахан хэцүү шүү. Лаост морь тийм ч элбэг биш болохоор морь унаж үзээгүй юм. Монголчуудын дээдлэн хайрладаг амьтан нь морь бол манайд заан байдаг. Лаост ирсэн жуулчид заан их унаж үздэг. Мөн Тэрэлжид аялахдаа, дэлхийд цөөн байдаг хоёр бөхтэй тэмээтэй зургаа авахуулсан. Одоогоор тэмээ унаж үзээгүй ч явахаасаа өмнө амжуулна гэж боддог.
-Монгол хоол хэр таалагддаг вэ?
-Монгол малын мах маш сайхан амттай байдаг учир мах идэх дуртай. Нутагтаа очоод энэ амтыг санах байх аа. Хамгийн амттай нь адууны мах. Гэхдээ жаахан үнэтэй санагддаг юм. Цуйван хамгийн сайхан хоол. Хуушуур, бууз, хорхог гээд бүгдэд нь дуртай.
-Монгол, Лаосын мал аж ахуйн ижил төстэй, ялгаатай зүйл юу байна вэ?
-Монголд таван хошуу мал бий. Харин манай оронд хонь, ямаа, тэмээ байдаггүй. Ихэвчлэн гахай, үхэр, далайн амьтан байдаг. ХААИС-д сурахдаа таван хошуу малын талаар өргөн мэдлэгтэй болж байна даа.
-Төгсөх курсийн дипломоо ямар сэдвээр бичиж байгаа вэ?
-Нохойн гударга өвчний тухай сэдэв авсан. Ц.Ариунаа багш маань диплом яаж бичих, ямар ном, материал унших гэхчлэн зааж зөвлөж байгаа. Малын эмч болохын тулд олон янзын амьтныг судалж, суралцаж байна. Би нохойнд маш хайртай. Нохойн гударга нь зөвхөн Монголд бус дэлхийн олон оронд гардаг, вирусээр үүсдэг халдварт өвчин юм. Амьсгал, тэжээл боловсруулах замаар дамжин халдварладаг. Энэ өвчний талаар диплом бичиж байна даа.
-Ирээдүйн төлөвлөгөөгөө хуваалцаж болох уу?
-ХААИС-аа төгсөөд нутагтаа очиж мал эмнэлгийн чиглэлээр судалгаа хийнэ. Хэрэв боломж олдвол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажиллах хүсэлтэй явдаг. Манай улсын олон судлаач тэнд ажилладаг юм. Мэдлэг, боловсролоо улам дээшлүүлж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэж боддог. Мэдээж хэн нэгэнтэй гэр бүл зохиож, аз жаргалтай амьдрахыг мөрөөдөж байна.
-Лаосын Хөдөө аж ахуйн дэд сайд асан нь манай улсын ХААИС-д сурч байсан юм билээ?
-ХААИС төгссөн олон лаос оюутан маш сайн боловсрол эзэмшсэн байдаг. Өдөр бүр монголоор ярьж, шинэ мэдлэг олж авч, өөрсдийгөө сорьж байна. Олсон мэдлэгээ амьдралд хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн дадлага ч хийдэг. Олон төгсөгч нутагтаа очин улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж яваа.
URL: