Метротой болбол усанд автуулж мэдэх нь !

us-2-810x500Улаанбаатар хотод нэг л өдөр үргэлжлэн бороо ороход үер бууж, нийслэл тэр чигтээ урсах дөхөж байна.

Тэнгэрт хадсан үнэтэй байрууд ч усанд автаж, нийслэлийн Засаг даргыг түргэн авахуулж байгаа бол гэр хорооллынхон үерээр орж ирсэн хог шороотойгоо ноцолдож сууна.

Автозамууд нэлэнхүйдээ усанд автсанаас төмөр хүлгүүд хамраараа татсан ус туучих шаардлагатай болж байна.

Энэ янзаар нийслэл 2027 онд метротой болбол усанд автуулж мэдэхээр байна. Учир нь, жил бүрийн зун бороо ордог нь байгалийн үзэгдэл боловч түүнийг даван туулах дорвитой ажил хийгдээгүй нь зөвхөн нэг өдөр орсон бороо нотлоод өгөв.

Мэргэжлийн байгууллагуудад Улаанбаатар хотын аль хэсэгт хамгийн их үер буудаг талаар мэдээлэл судалгаа байдаггүй юу, аль эсвэл байдаг ч түүнийг нь дарга нар нь үл ойшоож ирсэн үү. Нийслэлд үерээс хамгаалах чиглэлээр авах арга хэмжээнүүд бороо орсны дараа л эхэлж байна. Тухайлбал, жил бүрийн зун Энхтайвны гүүр доогуурх автозам усанд автаж ирсэн. Тэгвэл эл байршилд ус зайлуулах хоолой тавих ажил маргаашнаас эхлэх нь.

Сэлбэ голын даланг хүчитгэх, түшиц хана хийх ажлыг саяхан эхлүүлсэн, амжвал ирэх намар ашиглалтад оруулах юм байна. Харин тэр болтол Сэлбэ гол дагуу амьдардаг иргэд бороо бага орж, үер бага буугаасай л гэж залбирах шаардлагатай болох нь.

Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай. Гэвч 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй. Ердөө 10 минутын аадар бороо ороход л автозамууд усанд нэлэнхүйдээ автдаг нь ийм учиртай. Тиймээс борооны улмаас тогтсон усыг Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас соруулдаг. Энэ ажил өнөө жил ч үргэлжлэх нь ээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг сааруулах гол арга нь метротой болох гэж эрх баригчид үзэх болсон. Иймээс 2028 онд багтаан метро барих амлалт өгсөн. Улаанбаатар хотод байгуулах метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур байна. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн.

Арваад хоногийн өмнө “Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын “Dohwa Engineering”, “Korea national railway”, “Korea railroad corporation”, “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарсан. Энэхүү түншлэлд Улаанбаатар хотын нөхцөл байдлыг сайтар ойлгуулж, метрогоо усанд автуулахгүй байхад анхаарахгүй бол хөгжилтэй орнуудынх шиг дэд бүтэц нь хөгжөөгүй Монгол Улсын хувьд өчнөөн хөрөнгө мөнгө зарж байгуулсан метрогоо ганц өдрийн бороонд усанд автуулчихаад усыг нь соруулаад сууж байж мэдэхээр л байна шүү.

Г.ХОРОЛ

https://news.mn/r/2733261/


URL: