Махны холбоо нөөцийн махны үнийг нэмэхээр шийджээ

Засгийн газар хаврын тарчиг цагаар нөөцийн гэх 12 мянган тонн мах зах зээлд гаргах шийдвэр гаргасан юм билээ. Гэхдээ Засгийн газар болоод хотын захиргаа өөрсдийн мөнгөөр мах худалдаж аваад зооринд хадгална гэсэн үг биш юм. Малчдаас мах худалдан авдаг компаниудын 12 мянган тонн махын кг тутамд нь 800 төгрөгийн урамшуулал олгоод 3700 төгрөгөөр зарахаар тохирсон аж.

Энэ тохиролцоонд тулгуурлан нөөцийн мах бэлтгэсэн компаниуд дөрвөн мянган тонн мах цагаан сарын өмнөхөн зарсан гэдэг юм. Гэхдээ ихэнх нь нөөцийн махаа худалдаанд гаргасангүй. Харин захын ченжүүдэд нөөцийн махаа (Цэнхэр тамгатай) нууцаар өгч 6000 төгрөгөөр заруулаад байгаа аж. Махны бизнес эрхэлдэг компаниуд 2011 онд 120 тэрбум төгрөгөөр мах худалдан авсан гэж мэдээлснээс үзвэл өдгөө 100 гаруй мянган тонн мах байх бололцоотой аж.

Махны компаниуд худалдан авсан махаа ОХУ, БНХАУ, Арабын Эмират, Казахстан зэрэг улсад гаргах сонирхолтой байдаг. Ойролцоогоор кг махаа арав гаруй ам.доллараар экспортлодог юм билээ. Гэтэл Засгийн газар 9500 төгрөг хүрчихээд байгаа махыг 3700 төгрөгөөр зарахыг тулгаад байгаа гэнэ. Нөөцийн махны хувь заяаг атгаж буй газар бол Монголын махны холбоо” аж. Шулуухан хэлэхэд махны бизнес эрхэлдэг компаниуд холбоо байгуулсан хэрэг л дээ.

Холбооны захирлаар “Тайж трейд” компанийн захирал Л.Ганпүрэв ажилладаг. Цагаан сарын дараагаар “Нөөцийн мах ховор байна. Компаниуд махаа зарахгүй байна” гэсэн мэдээлэл тархсан. Энэ үеэр Монголын махны холбооны удирдлагууд эзгүй байсан аж. Саяхан тус холбооны гишүүд хуралдаж нэгдсэн шийдэлд хүрсэн байна. Монголын махны холбооны нарийн бичгийн дарга И.Баттогтох “Манай холбооны удирдах зөвлөл хуралдаад нөөцийн махны үнийг шинэчлэн тогтоосон. Үхрийн мах кг нь 5500, хонины мах 5100, ямааны мах 4000 төгрөг болгохоор шийдсэн. Харин хотын захиргааны зүгээс ямар нэг зөвшилцөл, хариу хэлээгүй байгаа учраас зарлаагүй байна” гэлээ.

Нөөцийн мах хомсдолтой, дараалалтай байсны учир ийнхүү тайлагдаж магадгүй боллоо. Ихэнх компаниуд ихээхэн хэмжээний мах хүнсний захуудаас худалдан авч эрэлт үүсгэн Засгийн газраас найман тэрбумын урамшуулал хүртсэний дараа дахин ашиг хийхээр дарамталж эхэллээ. 38 сая малтай монголчуудын хувьд махны хомсдолд орно гэдэг голын эрэг дээр цангаж үхэхтэй адил хэрэг юм даа.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих