Тэрүнофүжи аварга 10 дахь түрүүгээ хүртэж, Ёкозүнагийн зөвлөлд хариу барив
Мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн сүүлийн өдөр өчигдөр/2024.07.28/ тохиож, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндааны арав дахь түрүүгээ хүртлээ. Башё эхлэхээс өмнө Ёкозүнагийн зөвлөлөөс Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг тун анхааралтай ажиглаж байгаа гэв. Бэртлийн улмаас хоёр ч башё дараалан бүтэн барилдаж чадаагүй түүнийг долоо болон есдүгээр сарын башёд ямар амжилттай барилдахыг харгалзан зодог тайлуулах эсэхийг нь шийднэ гэх мэдээ гарсан юм.
Тэгвэл Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлах болоогүй гэдгээ харуулж, бэртлээсээ эргэн ирж Нагоя башёд түрүүлэв. Ингэхдээ эхний арван өдөр нэг ч уналгүй 10-0 гэж башёг эхлүүлсэн. Башёгийн төгсгөлд гурван удаа өвдөг шороодсон ч нэмэлт барилдаанд Таканошог давснаар түрүүлэх болзлоо хангажээ. 12 даваа, гурван унаатай түрүүлсэн Тэрүнофүжи “Миний хийх ёстой зүйл өөрчлөгдөхгүй. Хамгийн чухал нь хийж чаддаг зүйлсээ л хийх явдал. Түрүүлэхэд хангалттай бэлэн байсандаа баяртай байна. Би ийм нөхцөл байдалд олон удаа орж байсан учир асуудалгүй” гэжээ.
Өдгөө 32 настай ёкозүна Тэрүнофүжи хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын Хацү башёд түрүүлээд байсан юм.
Нагоя хотод анх удаагаа түрүүлж буй Тэрүнофүжи “Би өмнө нь Нагоя хотод түрүүлж байгаагүй ч энэ удаад түрүүлж чадлаа. Намайг олон жил дэмжиж буй дэмжигчдэдээ сайхан үр дүн харуулахыг зорилоо. Хамгийн сайн барилдаанаа үзүүлж, түрүүлэх хэмжээний байгаадаа баяртай байна” гэв.
Бусад монгол бөхчүүдийн тухайд сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн озэки цолоо эргүүлэн авах боломжоо алдаж, найман даваатай башёг өндөрлүүлэв. Угтаа тэрбээр арван давсан бол озэки цолоо эргүүлэн авах байжээ. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил долоон даваа, найман унаатай башёг өндөрлүүлсэн бол озэки Хошорюү С.Бямбасүрэн есөн даваатай ч сүүлийн хоёр өдөр бэртлийн улмаас барилдсангүй башёгоо дуусгав.
https://news.mn/r/2741501/
URL: