“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”-н ажил зогсчээ

“Эрдэнэс Таван толгой”-н ажил бүтэн сарын хугацаанд зогслоо гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээллээ. Гэрээгээр ажиллуулдаг компанийнхаа он гарснаас  хойших  хөлсийг төлөөгүйгээс болж ажил нь зогсонги байдалд оржээ. Урд хөрш рүү нүүрс зөөдөг машинуудынх нь тоо хаанаа ч хүрэхгүй болохоор хувийн компаниудтай хамтран ажилласан аж. Харин машиныг нь хөлсөлж нүүрс зөөлгөснийхөө хөлсийг өнөөдрийг хүртэл өгөөгүй гэнэ. Шалтгааныг нь асуухаар “Цаанаасаа мөнгө нь шилжиж орж ирээгүй гэсэн хариу л хэлдэг” гэж тээврийн үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн жолооч ярьж байна. Тэд компанийнхаа болон өөрсдийнхөө нэрийг хэлэхийг хүсээгүй юм. Шалтгаанаа “Бид энэ компанитай хамтарч ажилладаг. Мөнгө төгрөг авах асуудалтай. Элдэв дарамт, шахалт ирж магадгүй учраас нэр усаа зарламааргүй байна” гэж тайлбарлав.

Монголын төрийн өмчит ком­пани анх удаа урд хөрш рүү нүүрсээ экспортолж эхэллээ гэсэн мэдээлэл нэлээд дээхнэ  цацагдаж байлаа. Өчнөөн машин эгнээд зогсчихсон, том дарга нар тууз хайчилсан сүртэй арга хэмжээ болж байсан ч өнөөдөр байдал тийм ч сайнгүй байгаа бололтой. “Засгийн газар  21 мянган төгрөгөө Цагаан сараас өмнө өгнө гээд хамаг мөнгийг нь булаагаад авчихсан гэсэн. Төр сонгуулийн амлалтаа биелүүлэ­хийн тулд амьдрах гэж ядаж яваа монголчуудаа ингэж хохироож болохгүй биз дээ” гэж манай со­нинд хандсан иргэн хэлж байв. Засгийн газар Хятадын төрийн өмчит “Чайналко”-гийн охин ком­пани “Чалко”-той гэрээ байгуулж 250 сая ам.долларын урьдчилгаа авсныг хэлж байгаа бололтой. Гэрээний гол агуулга нь “Урьд­чилаад ийм мөнгө өгчих, бид тэр мөнгийг чинь иргэддээ тараах гэсэн юм, оронд нь нүүрсээ танайх руу зөөе” гэсэн утгатай. Тодруулж хэл­бэл урд хөршөөс урьдчилж авсан 250 сая ам.доллар иргэн бүрд 21 мянган төгрөг болж очиж байгаа гэсэн үг. Төлбөр тооцооны хувьд олонд ил байгаа мэдээлэл гэвэл энэ. Таван толгойн нүүрсээ зөөх болзлоор айлаас авч тарааж бай­гаа “Хүний хөгжил”-ийн мөнгө сар бүрийн дундуур  иргэдийн гар дээр ирдэг. Энэ сард хугацаандаа баг­таж орсон эсэхийг сонирхлоо. Хадгаламж банкны “Өргөө”-гийн салбараас тодруулахад “Уг нь сар бүрийн 15 гэхэд тараагдчихдаг байсан. Харин энэ удаа хойшлог­доод байгаа. Хэзээ хуваарилаг­дахыг хэлж мэдэхгүй байна” гэж байлаа. “Хүний хөгжил”-ийн мөн­гийг “Хадгаламж” банкнаас гадна “Капитал” банкаар тараадаг. “Ка­питал”-ын Центрпойнт-ын салба­раас лавлахад “Энэ сарын төсвийн санхүүжилт орж ирээгүй байгаа. Хорьдоос хойш л орж ирэх эсэх нь шийдэгдэнэ” гэсэн хариу өгөв.   “Эрдэнэс Таван толгой”-н урьд­чилгаа мөнгөнөөс тарааж байгаа “Хүний хөгжил” сангийн мөнгө ямар шалтгаанаар саатсаныг, тус ком­панид гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн мөнгө хэзээ олгогдохыг   албаны хүмүүсээс тодруулж дараагийн удаа уншигчдадаа хүргэх бол­но. Харин энэ дугаартаа Өмнө­говийн Таван толгойн орд дээр чухам ямар асуудал үүсээд байгаа талаар эх сурвалжуудын мэдээл­лийг хүргэе.

ЗАСГИЙН ГАЗАР НҮҮРС ТЭЭВЭРЛЭСЭН КОМПАНИУДЫН  ХӨЛСИЙГ ӨГӨӨГҮЙ БАЙНА

Нүүрс тээвэрлэсний хөлс нэг­дүгээр сараас хойш эздэдээ ирээ­гүй байгаа аж. Жижиг компаниу­дынх нь хөлсний  20 хувийг л өгсөн гэнэ.

Том компаниудын хөлсийг өгөөгүй  байгаа юм байна. Гэрээнд 20-иос дээш машинтай компанитай хамтарч ажиллана гэж заажээ. Хүнд даацын 20 машинтай монгол компани цөөн учраас иргэд хэд хэдээрээ нийлж компани байгуулан гэрээ хийжээ. Том машин шата­хуун, сэлбэг энэ тэрээс эхлээд их мөнгө шаардаж байж хөдөлдөг учраас өнөөдрийг хүртэл тээвэр­лэлтийн ажил зогсоод байгаа аж. Хүнд даацын тэрэгний олонхийг нь банкнаас зээлээр авсан байдаг гэнэ.

“Эрдэнэс Таван толгой”-д гэрээ­гээр машин явуулдаг иргэн Г найз­тайгаа нийлж машин лизингээр авчээ. 100 сая төгрөгийн үнэтэй машиныг 40 сая төгрөгийн урьд­чилгаа төлж зээлжээ. Сард бан­кинд өгдөг төлбөр нь дөрвөн сая 200 мянган төгрөг.  “Өнгөрсөн хоёр сарын төлбөрийг төлөх гэж байд­гаа барлаа. Арай л байраа хураал­гачихсангүй” гэж Г ярилаа. Ийм асуудалтай хүмүүс олон байгаа аж.

ХЯТАД ЖОЛООЧ НАР ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГ ГЭВ ҮҮ?

Таван толгойн ордоос олон компани урагшаа нүүрс тээвэр­лэдэг.  Улсын, хувийн, орон нутгийн компаниудыг оруулж тооцвол нийт­дээ 8000 гаруй машин явдаг бо­лолтой.  Нүүрс зөөдөг хятад жо­лооч нар өдөр, шөнөгүй тээвэр хийдэг гэнэ. Таван толгойд тээвэр хийдэг иргэн Д  “Хятадууд мөнгөний төлөө ядрахыг мэдэхгүй  ажилла­даг. Хар тамхины нэг төрлийг байнга хэрэглэж унталгүй явж чаддаг. Тэр бодисоо мини гэж нэрлэдэг юм билээ. Тэрийгээ тат­чихаад мансуурчихсан явж байдаг ш дээ. Таван толгойд гарч байгаа ослын нэлээд хувийг нь хятадууд гаргадаг нь ийм учиртай” гэж ярив. Наанаа монгол гэж харагддаг ч цаанаа хятад эзэнтэй  олон ком­пани Таван толгойд тээвэр хийдэг гэж бидний хандсан гурван ч эх сурвалж хэлсэн. Хятад эзэнтэй гэгддэг компаниудын жолооч нар нь ч хятадууд аж. “Монголчуудыг Хятадын хилээс цааш 25 км-ийн дотор л явахыг зөвшөөрдөг. Бид машинаа наана нь тавьчихаад цаашаагаа ийм зайд л гардаг бол хятадууд машинтайгаа Монголын нутаг руу 200-300 км газарт чө­лөөтэй явдаг. Бид тийм их ачаа оруулдаг хэр нь юу ч авч орж ирэх эрхгүй. Машиныхаа сэлбэгийг ч авчирч чаддаггүй. Ер нь Таван толгойн нүүрсний тээврийг хята­дууд атгачихсан. Бүх мөнгө ураг­шаа гарч байна. Монголчууддаа ийм боломж олгохгүй хятадуудад найр тавиад байгаагийн учрыг ойлгохгүй юм” хэмээн ярьж байлаа. “Жижиг Таван толгойн  дөрөв, найм­дугаар аман дээр хятадууд дархан эрхтэй.  Тэнд очиход эхлээд хята­дуудын машинд нүүрс ачуул­даг. Бидэнд ямар авлигад өгөх  тийм их мөнгө байх биш. Хүлээж байгаад 2-3 хоногтоо ачуулбал их юм бол­дог” хэмээн тэндээс нүүрс зөөдөг жолооч ярьсан юм. Манай со­нины редакцид хандсан иргэн Д “Цагаан сараар монголчууд сар шахам амарсан. Гэтэл тэнд хята­дууд ажиллаж л байсан. Хятадуу­дыг ингэж олноор нь оруулж ирж хууль зөрчүүлэх эрхийг хэн өгдөг байна аа. Тийм л юм бол манай улс тагнуул, хилийн цэргээр яах юм. Хэрвээ хятадууд олноороо хүч түрж  орж ирдэггүй, хил дээрээ өгөлцөж авдаг байсан бол  ачааны хөлс болох их хэмжээний мөнгө мон­голчуудад орох ёстой. Яг үнэн­дээ монголчуудын авах ёстой мөн­гөний энэ сувгийг хятадууд атга­чихсан байна” хэмээн ярилаа.

ТЭЭВРИЙН ХӨЛСӨӨ ХЭМНЭХИЙН ТУЛД ЗАСМАЛ ЗАМААР ЯВДАГГҮЙ

“Эрдэнэс Таван толгой”-н хувьд бас нэг асуудал анхаарал татав. “Энержи ресурс” засмал зам барьс­ны дараа “Эрдэнэс Таван тол­гой”-гоос нүүрс тээвэрлэх ма­ши­нууд ч засмал замаар явах боломж­той, тэр талаар яриа хэлэл­цээ хийж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Энэ яриа ажил болоогүй бололтой. “Эрдэнэс Та­ван толгой” тээврийн хөлсөө хэм­нэхийн тулд “Энержи ресурс”-ийн барьсан зас­мал замаар явдаггүй гэж тэнд ажилладаг жолооч нар ярьж бай­на. “Эрдэнэс Таван толгой нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар өгдөг. Нүүрс­ний үнэ нь 100 ам.дол­лар бай­сан бол тээврийнхээ үнийг өсгөөд засмал руу орох бо­ломж­той. Нүүрс­ний үнэ нь ийм бага учраас тээврийн хөлсөө багаар бодохоос өөр аргагүй байдаг. Гэтэл засмал зам руу ороод ирэхээр нэг удаагийн ачилт 70 тн-оор хяз­гаарлагддаг.

100 тн-оор ачиж байж ашигтай ажиллах учир шороон замаар явдаг юм шиг байна лээ. Одоо тэнд “Энержи ресурс”-ын машинууд л засмалаар, бусад нь шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа. Урьдынх шиг бөөн шороо босдог хэвээрээ. Экологио бодсон ч тэр, машины эвдрэл энэ тэрээ харсан ч тэр  засмалаар явбал илүү дээр шүү дээ” иргэн Г ярилаа.

Ц.БААСАНСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.