Олимпын хотхоноос гарч, найз залуутайгаа зугаалсан тамирчныг нутаг буцаав

1722306257374Бразилын усанд сэлэгч бүсгүй Ана Каролина Виейра олимпын хотхоноос зөвшөөрөлгүй гарч, найз залуутайгаа шөнийн Парис хотоор зугаалсан тул шигшээ багаас хөөгдөж, нутаг буцаагджээ.

Ана Каролина усанд сэлэлтийн 4х100 метрийн чөлөөт сэлэлтийн буухиад оролцсон юм байна. Үүнийхээ дараагаар Бразилын усанд сэлэгч, найз залуу Габриэл Сантостой үгсэн тохирч, олимпын хотхоноос оргон гарч, хамтдаа шөнийн Парисаар зугаалсан гэнэ.

Үүнийг нь Бразилын Олимпын Хорооныхон олж мэдээд зэмлэхэд Ана Каролина уурлан бухимдсан тул тэр даруй эхний нислэгээр нутаг буцааж, шигшээ багаас хөөжээ.

Харин найз залуу Сантос нь уучлалт гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул сануулаад өнгөрсөн байна.

“Габриэл Сантост сануулга өгсөн. Харин Ана Каролина Виейраг шигшээ багаас хөөж, нутаг буцаах шийдвэр гаргасан. Бид энд тоглож наргих гэж юмуу эсвэл амрах гэж ирээгүй. Бид энд 200 сая татвар төлөгчийн мөнгөөр ажиллах гэж ирсэн. Тиймээс энд зугаа цэнгэл хөөх ёсгүй. Ана Каролина үзэл бодлоо илэрхийлэхдээ үл хүндэтгэсэн, түрэмгий зан авир гаргасан” хэмээн Бразилын усанд сэлэлтийн шигшээ багийн дасгалжуулагч Густаво Оцука мэдэгджээ.


URL: