Төсөв “найрын ширээний ууц” болох вий
Сүүлийн үед УИХ болон Засгийн газар, байнгын хороодын хурлаар төсөв тойрсон олон асуудал өрнөж байна. Угтаа улс орон, иргэдийн ирээдүй, төсөв мөнгөтэй холбоотой асуудлуудыг дээдэс хэлэлцэж байна. Харин түүнд анхаарал хандуулах сөхөөтэй иргэд ховорхон байна. Харин тэднийг төрд төлөөлж, төрийн бодлого шийдвэрийг зөв чигт нь залж залуурдаж, иргэдийн амьдрал ахуй, ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлж, улс орноо хөгжүүлэх, эдийн засгаа эрчимжүүлэх үүрэг амлалт хүлээсэн УИХ-ын 126 гишүүний тал нь чуулганы хуралдаандаа суусан байдалтай төсөв тойрсон хэлэлцүүлэгүүд өрнөж байна.
Төрийн мөнгө гэж үгүй. Харин татвар төлөгчдийн л мөнгө гэж байгаа. Тийм учраас иргэдийн хуруу хумсаа хугалах шахам ажиллаж төлсөн татвар, олсон орлогоос нь бүрдүүлж байгаа улсын орлогыг юунд, яагаад, ямар зорилгоор, хаана хуваарилж байгаа талаар иргэнд хамгийн их мэдээлэлтэй байж, төсвийн мөнгөнөөс хумслах боломжийг хэнд ч олгодоггүй байх хараа хяналтыг давхар тавьж байх учиртай.
Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд иргэдээ мэдээлэлтэй, мэдлэгтэй, хэрсүү, хяналттай, оролцоотой байлгахыг төрийн ямар ч сайд, дарга, гишүүд хүсэж байсан түүх байхгүй. Тийм учраас амьдралдаа нүдээр үзэж, гартаа бариагүй хэдэн зуун сая, тэрбум, их наядаар яригдах тоон үзүүлэлтүүдийг тэр бүр тогтож сонсож, тооцоолж үздэггүй ч байж болох.
Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлт болох сонгуулийн холимог тогтолцоогоор анхны 126 төлөөлөл бүхий Улсын Их Хурал 2024 оны долдугаар сарын 2-ны өдөр байгуулагдаж, улс төрийн намуудад ард түмний дэмжлэг авсан иргэдийн саналыг гээхгүй байх зарчим дор Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын төлөөллөөс бүрдсэн Хамтарсан Засгийн газар байгуулагдаж “Хурдтай Хөгжлийн Төлөөх Зориг” бодлогоо батлуулсан. Тиймээс 2024 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулган хуралдаж, нэн яаралтай горимоор төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Угтаа Монгол Улсын 2024 оны төсвийг батлахдаа төсвийн зарлагыг түүхэн дээд хэмжээнд нь буюу 27 их наяд төгрөгт хүргэж баталсан байдаг. Гэтэл одоо дахин тодотгож 30 их наяд болгож гурван их наядаар нэмэгдүүлж байна. 2023 оны төсөв өмнөх оноосоо 34 хувь, 2024 онд 31 хувь буюу нийт дүнгээрээ 65 хувиар тэлсэн бол оны төгсөлд төсвийг дахин тодотгож зарлагын хэмжээг 3.1 их наядаар тэлж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны нийт зарлага 13.9 их наяд төгрөг байсан бол 2024 онд 27.4, 2024 оны тодотголоор 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн зарлага 16.6 их наяд төгрөгөөр буюу даруй хоёр дахин нэмэгджээ.
Ийнхүү орлогоо нэмэгдүүлэн тооцохдоо нийт 78.1 сая тн нүүрс экспортлох зорилт тавьснаар уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх орлогыг 9 их наяд хүрнэ гэж тооцсон бөгөөд хэрэв төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл гадаад өрийн хэмжээгээ 3.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх эрсдэлтэй юм.
Монгол Улс нийт төсвийн орлогынхоо 32 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг. Тус салбараас улсын төсөвт 2021 он 3.4 их наяд төгрөгийн орлого олохоор тооцож байсан дүн, 2024 онд 8 их наяд, тодотголоор 9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ үзүүлэлт бол Монгол Улс эдийн засгаа солонгоруулж уул уурхайн дагасан эдийн засгийн хараат байдлаасаа гарах бодлогын эсрэг явж байгаагийн тод илрэл. Жил ирэх тусам уул уурхайгаас улам бүр хараат болох бодлогоо төсвөөр дамжуулан хэрэгжүүлж байгаа гэдгийг зарим эдийн засагчид анхааруулсаар байна.Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар зайлшгүй анхаарах ёстой зүгнэлт бол Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлт юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт тодотгол хийхээс илүүтэй ирэх 2025 оны төсвийн төсөлд эдгээр төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусган хэлэлцэх нь илүү зохистой гэж үзэж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.
Өөрөөр хэлбэл, он дуусахад хэдхэн сар үлдсэн байхад томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр төсвийн зарлагыг гурван их наядаар нэмэгдүүлэхээс илүүтэй ирэх оны төсөвт тусгах нь илүү үр дүнтэй гэдгийг зөвлөмжиндөө дурдсан гэдгийг санахад илүүдэхгүй.
Мөн түүнчлэн хоёр хоногийг өмнө Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл,2023 онд Монгол Улсын төсвөөс санхүүжсэн төсөл, хөтөлбөрүүд ямар үр дүтэй байсан талаар дүгнэн ярилцаж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулсан гэдгийг илтгэлийнхээ эхэнд Сангийн сайд Б.Жавхлан онцолж буй. Харин аудитын байгууллагаас хийсэн дүгнэлт дээр төсвийн гүйцэтгэлтэй холбоотой олон зөрчил илэрсэн гэдэг нь анхаарал татаж байна. Угтаа УИХ-аар 2023 онд төсвийн орлого, зарлага, гүйцэтгэл нь ямар байсан талаарх дүггнэлтээ ч бүрэн дүүрэн хийж, хэлэлцэж амжаагүй байхад, 2024 оны төсөвт тодотгол оруулах цаашлаад 2025 оны төсөв хэлэлцэх асуудлууд ар араасаа хөврөх нь.
Өмнөхөө дүгнэж, одоогоо цэгнэж, ирээдүйгээ зөв төвлөх цаг хугацаа, эрэмбэ дараатай байхгүй бол ар араас нь хэлэлцэж байгаа төсөв, мөнгөний асуудалд тавих иргэдийн хяналт суларвал, татвар төлөгчдийн бүрдүүлдэг төсвийн мөнгө төрийн эрх мэдэлтнүүдийн, тэр дундаа хамтарсан Засгийн газарт багтсан МАН, АН, ХҮН-ий найрын ширээний ууц болох вий.
https://news.mn/r/2747177/
URL: