Хүнтэй гэрлээд, Токиогоос нүүвэл 600 мянган иен шагнана
Японы хүн ам тасралтгүй буурч буй гэдэг ч Токиогоор алхаад үзвэл танд тэгж санагдахгүй болов уу. Японы нийслэл хүн зон нь багтахгүй хөл хөдөлгөөнтэй байгаа бол орон нутагт эсрэгээрээ байна. Орон нутагт төрөлт цөөрч, залуус Токиог зорих нь олширсон. Тиймээс Японы засгийн газар хүн амаа жигд хуваарилахыг хүсч байна. Энэ хүрээнд хүнтэй гэрлээд, Токиогоос нүүж буй эмэгтэйчүүдэд 600 мянган иен шагнахаар төлөвлөжээ. Токиогийн 23 төв тойрогт амьдардаг, эсвэл тэнд ажилладаг эмэгтэйчүүд үүнд хамрагдана.
Тус хөтөлбөрийг ирэх хавраас эхлэх 2025 оны санхүүгийн жилийн төсөвт багтаахаар төлөвлөжээ.
Нүүж очих боломжтой хот, бүс нутгийн жагсаалтыг хараахан гаргаагүй байна. Гэхдээ эзгүйрэх эрсдэлтэй байгаа бүс нутгийн иргэдийн тоог нэмэгдүүлэхийг зорьж буй тул Осака зэрэг чухал хот бус илүү хөдөө орон нутгийн жижиг хотууд байх магадлалтай.
Японы засгийн газар хүмүүсийг Токиогоос нүүхийг дэмжихийн тулд их хэмжээний мөнгө санал болгож байсан тохиолдол ганц үүгээр тогтохгүй. Одоогоор Токиогоос нүүж, очсон газартаа тогтвортой бизнес эрхэлж буй иргэдэд 600 мянга хүртэлх иен, гэр бүлд нэг сая иенийн буцалтгүй тусламж олгож буй. Харин шинэ төлөвлөгөөнд багтах эмэгтэйчүүд арай өөр нөхцөлтэй. Тэд очсон газартаа заавал ажил хайх шаардлагагүйгээс гадна Токиогоос нүүсний 600 мянга, хүнтэй гэрлэсний 600 мянга аль алийг нь авах боломжтой.
Мөнгөн шагналыг ийн хүйсээр ялгаварлах нь шударга бус гэж зарим хүн үзэж байна. Энэ нь эмэгтэйчүүдийг нийслэлээс шахах гэсэн, эсвэл эрчүүдийг урхинд оруулах гэсэн шууд бус арга байж болох юм. Тус улсын эдийн засаг нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэл зэрэг эрэгтэйчүүд давамгайлсан салбаруудад түшиглэдэг тул хөдөө тосгоны хүн амыг хангалттай өсгөхийн тулд Токиогийн эмэгтэйчүүдийн шилжилт хөдөлгөөн зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Эх сурвалж: JAPAN TODAY
URL: