Х.Нямбаатар: Зам таг түгжирчихсэн юм чинь автобусны буудал дээр хүмүүс хүлээдгээрээ л хүлээнэ биз дээ

Түгжрэлийг бууруулахад зориулсан 420 тэрбум төгрөгийг юунд зарцуулсныг өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Хотын дарга тайлбарлав.

8c2abec85a9c157cdb1b2d737b75e164 (1)Тэрбээр “Олон их наяд төгрөг алга болчихлоо гээд байна. 420 тэрбум төгрөгийг улсад нийслэлээс төвлөрүүлж өгдөг байсан орлогыг төвлөрүүлэхгүйгээр түгжрэлээ шийдэхээр гурван том ажил хийхээр төлөвлөсөн юм.

Үүнд Яармагийн гүүр, Ард Аюушийн гудамжийг холбох зам, 600 автобус худалдаж авахад зориулсан. Өнгөрсөн жил 600 автобусыг 260 тэрбум төгрөгөөр худалдаж авсан.

Өмнө нь ногоон автобус нийлүүлсэн “Тэнүүн-Огоо” компанитай холбоотой өр, авлага барагдуулах ажлууд хийгдлээ. Тус компанийн дансанд байсан 12 тэрбум төгрөгийг Сангийн яам татаж авсан. Тэдний нийлүүлсэн цахилгаан 50, жижиг 50 автобусыг комисс хүлээж авсан. “Тэнүүн-Огоо” компанийн дөрвөн авто баазыг гурван байгууллагын үнэлгээний дундаж ханшаар хуулийн байгууллага үнэлж байгаа. Эдгээр байгууллагын үнэлсэн үнэлгээгээр бид авсан. Одоо тус компаниас 1.6 тэрбум төгрөгийн авлагатай, үүний барьцаанд 10 ногоон автобус ШШГЕГ-т авсан” болохыг мэдээлэв.

Нийтийн тээврийн хүрэлцээ, багтаамжийн хувьд ”Одоогийн байдлаар өдөрт 1,200 автобус үйлчилгээнд гардаг. Цаашид өдөрт 2,000 автобус гаргаж болно.

Одоо шинэ, урт оврын, багтаамж ихтэй 31 автобус энэ сарын 25-н орчимд нийлүүлэгдэнэ. М:1, М:2, М:3 чиглэлд 10, 10-аар нь явуулна. 2014 онд Бат-Үүл даргын үед 10 урт автобус авсан нь ашиглалтын хугацаа нь дуусаж байгаа.

Зам засаад түгжрэл арилдаг бол энэ жил бүх замыг засаад дуусаж байна.

Улаанбаатар хотод тойрог хурдны зам, метро, метрополитан хотуудад байдаг бүтээн байгуулалт хийгдээгүйгээс 85,000 автомашин зорчих зам дээр 700,000 машин зорчиж, 600,000 хүн амтай байхаар төлөвлөгдсөн хотод хоёр сая хүн амьдарч байна” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулах үеэрээ “Зам таг түгжирчихсэн юм чинь автобусны буудал дээр хүмүүс хүлээдгээрээ л хүлээнэ биз дээ, амьдралтай юм ярь л даа” гэв.


URL: