“Төрийн ордныхон ажилчдын автобусаар зорчино”

457853543_825973873029356_1709540827430125675_n-1-810x500Хотын дарга Х.Нямбаатар, Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн нар өнөөдөр /2024.09.02/ мэдээлэл хийлээ.

Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн:
-Автомашины дугаарын хязгаарлалт хийнэ. Энэ зохицуулалт бол шинэ зүйл биш. Ирэх жилүүдээс өөр шинэ арга хэмжээг авч, түгжрэлийг бууруулна. Эхний ээлжинд УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, яам, агентлагийн ажилтан, алба хаагчид нэгдсэн ажилчдын автобусаар зорчино. Автомашины улсын дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор зорчуулах чиг үүргийг нийслэлийн удирдлагад өгсөн. Энэ долоо хоногтоо багтан олон нийтээс санал асуулга авч, түгжрэлийг бууруулах шийдвэрийг гаргана.  Нийслэлд 800 мянган авто машин бүртгэлтэй байгаагаас өдөр тутам 450 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд өдөр тутам оролцож байна. Тиймээс хамтарсан Засгийн газраас дэд бүтцээ шийдэхээр ажиллана.
Цахилгаан хөдөлгүүртэй суррон дугуй, скүүтрийг насанд хүрээгүй хүүхэд унахгүй бөгөөд явган хүний замаар зорчуулахгүй.
Нийслэлд тусгай зам хийхээр судалгаа хийж, зураг төслийг гаргаж байгаа.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Нийслэлд энэ жил 77 тэрбум төгрөгөөр замын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Бүгд өнгөрсөн зургадугаар сард дууссан. Нийслэл бонд гаргах эрх авч, 270 тэрбум төгрөгөөр тендер зарлаж, гэрээгээ дарааллан хийж байна. Нийт авто замын 70 хувийг шинэчилнэ. Зам засварын ажлыг хамгийн ихдээ ажлын 15 хоногт хийж дуусгана. Ирэх жил нийслэлийн гэр хорооллын явган хүний замыг шинэчилнэ. Шар хадны эцэс, Долоон буудлын зам гэх мэтээр ажлаа хийж байна. Замын санд 70 тэрбумаас илүү санхүүжилт байгаагүй. Дарааллаараа ажлаа хийж байна.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа төр хувийн хэвшлийн автобусуудаас жолоочтой нь ЗГХЭГ болон УИХ-ын Тамгын газарт өгч байгаа.
Эхний ээлжид есөн автобус өгнө. Цаашдаа 10 автобус үйлчилнэ. Саарал ордны ажилчид автобусаар ажилдаа ирж, очно. Ард Аюушийн гудамжийг Содонгийн уулзвартай холбох ажил ганц нэг айлаас болж гацсан. Тиймээс 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн айлын үнэлгээг төсвийн тодотголоор өгөхөөр болсон. Маргаашаас нүүлгэн шилжүүлэлт эхэлж, ажлаа дуусгана. Ирэх жил гэр хороолол болон хороолол дундах зам, явган хүний замыг бүхэлд нь шинэчилнэ.
“Авлига” хороололтой холбоотой өндөр барилгын зөвшөөрлийг салбар яамнаас өгдөг. Би энэ хороололтой бүх мэдээллийг нийслэлийн цахим сайтад нээлттэй тавина.
Нийслэлд 170 гаруй халаалтын зуух бий. Ирэх өвөл эдгээр зуухууд жилд 130 мянган тонн түүхий нүүрс түлэхээ зогсоож, мидлинг түлнэ. Эмнэлгүүдийн өвлийн бэлтгэл хангах чиглэлээр алслагдсан дүүргүүдийн эмнэлэгт тодорхой хөрөнгө гаргаад ажиллаж байна. Би ямар ч хайрга дайрганы зөвшөөрөл олгоогүй. Экологийн цагдаагийн албанд энэ чиглэлээр даалгавар өгч, шалгуулъя. Сүүлд манай хүүг эрүүлжүүлэхэд орсон гэх мэдээлэл цацагдсан. Манай хүү одоо 13 настай. Энэ бол ташаа мэдээлэл. Барилга, хот байгуулалт, Зам, тээврийн сайдын хамтарсан тушаалаар замын бродюрын өндөр 15 см байх ёстой. Одоо 10 см өндөртэй байна. Тахилтад хураасан байгаа дахин ашиглаж болох бродюруудыг ирэх жил Гачуурт, Баянхошууны хойд тойруу зам, зуслангийн замд ашиглах зөвшөөрлийг салбарын сайдаас хүссэн.

URL: