Хойд айлын эзний дуу зөөлөрсөн ч…
Хойд айлын эзэн ирээд явлаа. 5 дахь удаагаа манайд зочлохдоо 5 асуудал шийдсэний 2 нь эрчим хүч, 2 нь шатахуунтай холбоотой байв. Бөмбөрцөг даяар том дуулиан дэгдээж ирээд, жижигхэн асуудал шийдчихээд буцав. Цаанаа бол маш том асуудал шийдчихлээ. Бид харин том асуудалд унан байж, том асуудлаа шийдүүлэв.
Зээл өгчхөөд…
Дулааны 3 дугаар цахилгаан станцыг өргөтгөн, шинэчлэх ажлын зураг, төслийг боловсруулахаар боллоо. Үүнд 1 тэрбум 326 сая евро буюу 4.8 их наяд төгрөг зарцуулна. Энэ мөнгийг ОХУ-аас 2 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлэх юм. Манай улсыг уг зээлийн үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлж байгаа. Рублиэр авах зээл атал яагаад ч юм еврогоор яриад байгаагийн учрыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын хэн нь ч УИХ-ын Төсвийн байнгын хороонд тайлбарласангүй.
Тус станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын (4×12 МВт) блок станцыг нурааж, суурин дээр нь 250 МВт-ын (2×125 МВт) блок станц барих юм. Үүний зураг, төсвийг ОХУ-ын “Интер РАО экспорт” компани гаргана. Энэ компанийг ОХУ манайд санал болгожээ. Зээл өгч, өөрийнхөө компанийг оруулж ирэн, тухайн ажлыг хийлгээд, өгсөн мөнгөө буцаагаад авч явдаг явдал энэ удаад ч давтагдах нь. Дэлхийн бүхий л улс ийм аргаар гадаадын улсад зээл өгдөг болсон цаг үед бид амьдарч байгаа хойно яая гэх вэ. Уг нь манай инженерүүд, эдийн засагчид энэ зураг, төслийг боловсруулчих байх шүү.
Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 32 хувийг дулаанаар хангадаг энэ станцыг өргөтгөн шинэчлэх нь бидний хувьд амин чухал асуудлын нэг. Зураг, төсвийг нь боловсруулчихвал энэ ажлыг ямар хугацаанд яаж хийх, хэдэн төгрөг зарцуулах нь тодорхой болох юм. Үүний дараа гол ажлын гэрээ байгуулах, хийх гээд үндсэн ажил ундарна. Тэр болтол бид гал алдчихалгүй тэсэх хэрэгтэй.
Хамтарсан судалгааны дараа тэд юу ч гэж мэднэ
Монголын хамгийн богинохон нэртэй газар гэдгээрээ цэцэрлэгийн хүүхдээс тэтгэврийн хөгшчүүл хүртэлх бүх хүнд нэрээ цээжлүүлсэн Эг гол хүн сэн бол нүд нь ширгэхээр боллоо. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн иргэд ч нүүх үү, үлдэх үү гэдгээ мэдэхээ байжээ. “Алаагүй ч гэсэн амраагаагүй” гэдэг үг энд яв цав таарч байна. Эг гол, Сэлэнгэ мөрний бэлчирт усан цахилгаан станц (УЦС) барих бидний мөрөөдөлд хойд айл 33 жилийн дараа, сая л нэг юм нааштай юм дуугарав.
Монгол цахилгаангүй байх нь хойд айлд ашигтай. Тэд манайд цахилгаан зардаг, бид мөнгөө төлөөд авдаг. Жил бүр тэднийд 25-26 сая ам.доллар төлж байна. 2023 онд гэхэд ОХУ-аас 938 кВт/цаг цахилгаан худалдан авчээ. Манай хувьд тэднийхээс чамгүй их цахилгаан авч, яггүй мөнгө төлдөг бол тэдний хувьд шалихгүй. Шалихгүй ч гэлээ тэд Эг гол дээр УЦС барих бидний төлөвлөгөөг гацааж, жаахан ч гэсэн мөнгө олоод л байгаа юм.
Хамгийн гол нь мөнгөндөө биш. Манайхыг цахилгаан, шатахуун гээд юм юмаар хараат байлгах нь тэднийд тал бүрийн ашигтай. Тэдний дуу захирангуй, бидний чих зөөлөн байна гэсэн үг л дээ.
ОХУ-ын нутаг дахь Байгаль нуурыг тэтгэгч хамгийн том цутгал нь Сэлэнгэ мөрөн. Усны тунгалаг Хөвсгөл нуураас урсаж гардаг ганц гол Эг Булган аймгийн нутагт ирээд, Сэлэнгэд нийлдэг. Тиймээс ч Байгаль нуур цэнгэг. Энэ гинжин холбооноос болоод, оросууд өдий болтол бидэнд саад болж, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд хүртэл алтан хошуу өргөсөн юм.
Эг гол дээр УЦС баривал Байгаль нуурын биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж оросууд сэрдэж, Дэлхийн өвийн хороо болгоомжилж байлаа. 2021 онд Дэлхийн өвийн хороо дахин нэмэлт судалгаа хийхээр шийдвэрлэсэн юм. Уг судалгааг Франц улсын “БРЛ инженеринг” компани, Монгол Улсын “Престиж инженеринг”, “Санни трейд” ХХК-ийн хамтарсан түншлэл гүйцэтгэж, тайлангаа 2022 оны дундуур бэлэн болгож, Дэлхийн өвийн хороонд хүргүүлсэн байна. Тус хороо энэ оны 7 дугаар сарын 21-31-нд Энэтхэгийн нийслэлд хуралдав.
Уг судалгаагаар Сэлэнгэ мөрний урсацыг цаг, хоног, сар, жилээр хэмжиж, нарийвчлан гаргажээ. Эг гол дээр УЦС байгуулсан ч Сэлэнгэ мөрний ус татрахгүй, Байгаль нуурт нөлөөлөхгүй. Тиймээс хойд айл бага ч болов тайвширчээ. Гэхдээ тэд өөрсдөө хэмжиж үзэхээр боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сая манай улсад айлчлахдаа Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловоо дагуулан ирж, Эг гол дээр байгаль орчны хамтарсан үнэлгээ хийх гэрээнд гарын үсэг зуруулав. Энэ нь Эг гол дээр УЦС барихад оросууд саад болохгүй гэсэн үг биш ч, бас бариулна гэсэн үг биш. Хамтарсан судалгааны дараа тэд юу ч гэж дуугарч мэднэ.
Бариагүй УЦС-ын бараан түүх
Эг гол дээр УЦС барих санаачилга 1964 онд гарч, хамгийн анхны судалгааг 1964-1965 онд хуучнаар ЗХУ-ын “Электросеть проект” институт хийсэн байна. Энд УЦС баривал байгаль орчинд ямар нөлөө үзүүлэхийг 1992 онд Швейцар, Итали, Монголын компаниуд хамтарч, нарийвчлан судалжээ. Үүгээр сөрөг нөлөөгүй гэсэн дүн гарсан аж. 1995 онд зарласан Эгийн УЦС-ын тендерт Малайз улс ялж, 450 МВт-ын хүчин чадалтайгаар, 3 жилийн дотор 350 сая орчим ам.доллароор барьж, өөрсдөө 18 жил ажиллуулан, өртгөө нөхөж, ашиг олж аваад, манай улсад хүлээлгэж өгөхөөр тохирсон байна. Гэвч Засгийн газар уг тендерийг хүчингүй болгож, Чехийн “Техно-Арт” компанид өгсөн ч бүтээгүй.
ТЭЗҮ-ийг нь манай улс Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар боловсруулсан. Техник талаасаа ч, эдийн засаг талаасаа ч бүх тооцоо, судалгааг хийсэн, ажлаа эхлэхэд бэлэн. 1991-1995 онд хийсэн энэ ТЭЗҮ-д 5.2 сая ам.доллар зарцуулжээ. Үүний 3.8 сая нь хөнгөлөлттэй зээл, 1.4 сая нь буцалтгүй тусламж байв. Уг станцыг анх 327.8 сая ам.доллароор байгуулахаар 1992-1995 онд Швейцар, Итали, Монголын компаниуд ажилдаа орох гэтэл мөнгө байхгүй гээд зогсоочихсон.
2006 онд Хятадаас 300 сая ам.долларын зээл хөнгөлөлттэй авч, уг станцыг байгуулахаар 2007 онд тендер зарлан, “Синомач камке” консерциум шалгарчээ. Гэвч уг компанитай тохирч чадсангүй. Дараа нь Хятадын компанитай гэрээ байгуулах шатандаа больсон юм. 2007-2008 онд Азийн хөгжлийн банкнаас 486 сая төгрөг зээлж, 220 МВт-ын хүчин чадалтай байхаар тооцон, ТЭЗҮ хийлгэсэн ч дараагийн Засгийн газар уг төслийг зогсоожээ. 2013 онд Засгийн газар Эг гол дээр УЦС барих төслийн нэгж байгуулсан юм. 2015 онд БНХАУ-ын “Экспорт, импорт” банкнаас 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авч, 703 саяар нь энэ төслийг санхүүжүүлэхээр тохирсон. Энэ нь нийт санхүүжилтийн 85 хувь байв. Үлдсэн 15 хувийг Монгол Улсын Засгийн газар гаргахаар болсон.
Гэтэл 2016 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Шүрэнгийн гол дээр 750 сая ам.доллароор 250 мВт-ын УЦС барихаар тухайн үеийн Засгийн газар мөрөөдөөд бас л биелээгүй. Ийн Сэлэнгэ мөрөн дээр зэрэг УЦС барихаар зүтгэсэн нь өнөө л эрчим хүчээр хараат байдлаасаа салах гэсэн хүсэлтэй холбоотой байв. 1997-2014 онд ОХУ-аас нийт 320 сая ам.доллароор цахилгаан авчээ. 2014 онд гэхэд 287 сая кВт/цаг цахилгаан авч, 57 тэрбум төгрөг төлсөн байлаа, тэр үед.
2017 онд Францын “Трактебел инженеринг” компанийн зөвлөснөөр Эгийн УЦС-ын ТЭЗҮ-ийг 95 хувь өөрчлөн, 220 МВт-ын хүчин чадлыг нэмж, 315 МВт болгосон байна. Үүнийг дагаад өртөг нь 827 сая төгрөг болж, өсөв. Энэ станц 50 жил ажиллаж, цагт 600-610 сая кВт цахилгаан үйлдвэрлэнэ.
2017 онд Засгийн газар 117 дугаар тогтоол гаргаж, уг төслийн нэгжийг “Эгийн голын усан цахилгаан станц” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгожээ. Тус компанийн үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусгаж ирлээ.
Манай улс Эгийн УЦС-тай холбогдуулан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг 1992, 2014, 2019 онд хийжээ. 2021 онд Дэлхийн өвийн хороо дахин үнэлгээ хийлгэсэн. Одоо дахиад Оростой хамтарч, үнэлгээ хийхээр боллоо. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгээд, тайлан бэлэн болгоход хамгийн ихдээ нэг жил зарцуулдаг ч яг үүн дээр хэр удахыг хэн ч мэдэхгүй байна. Мэдэж байгаа юм гэвэл Шүрэн ч алга, Эг ч алга.
https://time.mn/vxZ.html
URL: