Хүний эрхийн зөрчилтэй хуулийн зүйл заалтыг шинэчилнэ
МАН 2020 оны УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөртөө хүний эрхтэй холбоотой хэд хэдэн заалтыг дэвшүүлсэн бөгөөд үүнийг бодит ажил болгох үүднээс “Хүний эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлого”-ыг хэрэгжүүлэхээ зарласан билээ. Эрх баригч МАН-аас “Хүний эрхийн нөхцөл байдал – тулгамдсан асуудал – шийдвэрлэх арга зам” сэдэвт суурь судалгаануудыг хийж дуусгаснаа ч энэ үеэр мэдэгдэж байсан юм. Мөн хүний эрхийн чиглэлээр өмнө нь хийсэн 150 гаруй судалгааг эмхэтгэсэн гэдгээ хэлж байлаа. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа “Хүний эрхийг хамгаалж дээдэлдэг, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийн төлөө эрх баригч намын хувьд илүү санаачилгатай ажиллана. Ижил тэнцүү гараанаас гарсан бусад улсуудтай харьцуулахад бид харьцангуй илүү амжилттай яваа мэт боловч яг хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан хөгжсөн нийгэм болсон уу гэвэл бас хангалтгүй байна. Ялангуяа хууль эрх зүйн орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгагдаагүй зүйлс олон байна. Энэ санаачилга нь эрх барьж буй улс төрийн нам санаачлан эхлүүлэх гэж буй анхны тохиолдол юм. Ингэснээр хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг, хуулийн дор ижил тэгш эрхтэй амьдардаг нийгмийг бүтээнэ. Энэ ажил хий хоосон уриа лоозонгийн төдий болох учиргүй. Тийм ч учир МАН хүний эрхийн төлөв байдалд иж бүрэн дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн гэж байсан юм. Тэгвэл тэрээр өнгөрсөн сарын 15-30-ны өдрүүдэд болсон УИХ-ын ээлжит бус чуулганыг төгсгөлд тодорхой үүрэг бүхий Ажлын хэсгүүдийг байгуулах үүрэг өгсөн билээ. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгах, хуулийн тогтоомж тодорхой, ойлгомжтой байх талаар болон яам, агентлагаас баталсан олон дурэм, журмыг цэгцэлж, цаг үеийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн байх учиртай тул 1991 оны Үйдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Дампуурлын тухай зэрэг хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах шаардлагатай гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Тамгын газрын удирдлагууд өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагаа болон Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, дэд дарга Э.Лхагва, Хуулийн газрын дарга Ч.Дондогмаа нар оролцлоо.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “УИХ-ын даргын захирамжаар 53 ажлын хэсэг байгуулагдсан. Хүний эрх хууль зүйн хүрээнд 16 ажлын хэсэг, төрийн байгуулалтын болон төрийн албаны чиглэлээр таван ажлын хэсэг, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр ес, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр 16 ажлын хэсэг, байгаль орчин, хүрээлэн буй орчны чиглэлээр гурван ажлын хэсэг, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын хүрээнд таван ажлын хэсэг байгуулсан. Эдгээр ажлын хэсгээс 18 нь энэ намрын чуулганд асуудлаа өргөн барьж хэлэлцүүлнэ. Үүнээс нэн тэргүүнд асуудлаа хэлэлцүүлэх ажлын хэсгүүд бий. Тухайлбал, УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан байгуулсан. Энэ ажлын хэсэг энэ намрын чуулганы хугацаанд стратеги төлөвлөгөөгөө өргөн барьж батлуулах ёстой. Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг судлах, санал дүгнэлт гаргаж хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Г.Дамдинням гишүүнээр ахлуулан байгуулсан. Гуравдугаарт, Хууль, тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Хуулийн төсөл боловсруулахад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо хязгаарлагдмал байна гэж үзэж байгаа учраас хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Энэ ажлын хэсгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ахалж байгаа” гэлээ.
2024 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу аравдугаар сарын 01-ний өдөр эхлэх бөгөөд үүнээс өмнө хуульд заасны дагуу Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч ажиллаж байгааг мэдээллээ. Ирэх оны улсын төсвийн төслийг D-Parliament цахим хуудаст байрлуулсан бөгөөд иргэд саналаа өгөх боломж нээлттэй байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: