БНСУ: Ажил хаялтад нэгдээгүй эмч нараа гадуурхаж байна

AEN20240424006700320_02_i_P4-810x500Өмнөд Солонгосын эмч нар засгийн газраас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг эсэргүүцэн ажил хаялт зарлаад ойролцоогоор хагас жилийн хугацаа өнгөрч байна. Эмч нар удаан хугацаанд ажил хаяснаар эмнэлгүүдийн үйл ажиллагаа тасалдаж эхэлсэн. Тэгвэл ажил хаялтад нэгдээгүй эмч нараа бусад нь гадуурхаж эхэлсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам Даваа гаригт мэдэгдлээ. Тодруулбал, ажил хаялтад нэгдээгүй яаралтай тусламжийн эмч нарын хар жагсаалтыг гаргаад, цахим сүлжээнд байршуулж, тэднээр доог тохуу хийж байсныг илрүүлжээ. Эрүүл мэндийн яам энэ хэргийн цаана хэн байгааг мөрдөн шалгахыг цагдаагийн байгууллагаас хүсээд байна.

Ажлаа хийж буй яаралтай тусламжийн эмч нарыг “албадан хөдөлмөр эрхлэгсэд” гэж нэрлээд, шаргуу хөдөлмөрт нь талархъя гэсэн утгатайгаар тус цахим нийтлэлд шоолсон байжээ.

Ажил хаялтад нэгдээгүй эмч нарын жагсаалт цахим орчинд хэдийнэ тарсан байсан. Гэхдээ энэ удаад эмч нарын хувийн мэдээлэл, хорлонтой сэтгэгдлүүд нэмэгдсэн байснаараа ялгаатай. Энэ мэдээллээс болж ажлаа хийж буй эмч нар сэтгэл санааны дарамтад ороод байгааг холбогдох албаныхан мэдэгджээ.

Хар жагсаалтын хэрэгтэй холбоотойгоор одоогоор 30 орчим хүнийг мөрдөн байцаалтад шилжүүлээд байна.

Эмч нарын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор анагаахын сургуульд элсэгчдийн квотыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг засгийн газар анхлан гаргасан боловч ажил хаялт, жагсаал цуглаан хоёрдугаар сараас хойш үргэлжилж байна. Анагаахын оюутнуудын тоог 2000-аар нэмэгдүүлэх төлөвлөгөө анх гаргасан ч зургадугаар сард энэ тоог 1500 болгож эцэслэн тогтоожээ. Боловсон хүчний тоог нэмэх нь илүү их өрсөлдөөн үүсгэж, цалинг бууруулна гэж үзсэн тул эмч нар эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Эх сурвалж: YONHAP


URL: