Ногоон автобусны хэргийг “Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуягт тохох уу?!

Ногоон автобусны хэргийг “Тэнүүн огоо”-гийн А.Ганхуягт тохох уу!“Ногоон автобус”-ны хэрэг гэж бас нэг том хэрэг бий. Зөвхөн ногоон автобус ч биш, улаан, өөр ямар ямар ч билээ дээ, олон жилийн туршид хийсэн “нийтийн тээврийн шинэчлэл”-ийн ард ийм автобусны хэрэг явдаг.

Энэ хэргийн талаарх нийтийн сонсголыг өнгөрсөн хавар өмнөх УИХ-ын үед хийсэн. Олон нийт ерөнхийдөө энэ хулгайн талаар багцаа мэдээлэлтэй болсон. Гэвч шүүх дээр бас л энэ хулгайн сэдэл шийдвэрийг гаргасан улстөрчгүй, албан тушаалтангүй болчихсон явж байна. Одоо энэ хэргийг “Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуягт тохоод өнгөрөх гэж байх шиг байна. Уг нь анх энэ асуудал сөхөгдөхөд А.Ганхуягийн талаар өөр зүйл албан бусаар яригдаж байсан. Тэрбээр нэр бүхий улстөрчдөд “…Би удаан хоригдохгүй шүү. 100 хоноод үгээ хэлж эхэлнэ шүү гэсэн” гэж яригдсан. Гэвч А.Ганхуяг 2024 оны нэгдүгээр сарын 31-нд хоригдож байгаа газраасаа ил захидал бичсэн байдаг. Түүндээ “…Намайг ногоон автобусны гэх хэргээр 2023 оны аравдугаар сараас эхлэн 461 дүгээр хорих ангид дөрвөн сар гаруй хугацаанд цагдан хорьж мөрдөн шалгаж байна. Энэ хугацаанд нийгэмд намайг улс төрийн нам, улс төрчидтэй холбон онц ноцтой гэмт хэрэгтэн мэтээр хэт нэг талыг барьсан мэдээллийг хэвлэл, мэдээлийн бухий л сувгаар хангалтай тараажээ. Нэгэнт мөрдөн байцаалт дууссан тул унэн бодит байдлыг тайлбарлах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. …2022 оны есдүгээр сараас Монгол Улсын Засгийн газраас нийтийн тээвэрт парк шинэчлэлийг хийхээр хувийн болон төрийн автобус тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцаад манай бааз дээр Ерөнхий сайд Д.Амарбаясгалан сайд Ж.Сүхбаатар сайд, хотын дарга нар ирээд бидний бүтээн байгуулалтыг хараад сайшаан магтаж, төр, хувийн хэвшлийн консорциум байгуулж ажиллах талаар яригдсан.

Нийслэл хотод 2009 онд Солонгосын Дэү шинэ автобуснууд орж ирсэнээс хойш парк шинэчлэл хийгдээгүй 14 жил болсон ба хамгийн урт удаан хугацаанд үйлчилгээнд явсан Дэү автобусуудыг дахин сонгож худалдан авахаар шийдвэрлэсэн нь Солонгосын Дэү автобусны чанарт итгэснийх биз. Гэтэл үйлдвэрлэгч буюу Солонгосын Дэү компани нь захиалагчийг, Монгол Улсыг, ард түмнийг гутаан доромжилж шаардлага хангахгуй автобусуудыг илгээснээр бүхэл бүтэн улсаараа хохирч байгаад маш их харамсаж байна.

Түүнчлэн энэ ажлыг хариуцан ажиллаж байсан ажилтан албан хаагч, улс төрчдийн нэр хүндийг хүртэл нийтэд илтэд гутаан доромжлох хор уршигтай нөхцлийг бүрдүүлсэнд Солонгосын Дэү компанид үнэхээр гомдолтой байна. Энэхүү хэргийг ногоон автобус цавчаа ногоон” гэх нэрэн дор хэт улс төржүүлсэн сэдэв болгон миний компани, ажилчдын хийж бүтээснийг үгүйсгэн харлуулж байгааг харахад хүнд байна. Гэтэл би ямар ч улс төрчтэй холбогдож байгаагүй, огт хамааралгүй, анхнаасаа бизнесийн салбарт ажиллаж ирсэн учраас улс төрийн талаар ойлголт байхгүй, энэ салбарын хүмүүстэй дотно харилцаанд огт орж байгаагүй.

Миний зүгээс Ж.Сүхбаатар сайд, хотын дарга нартай ямар ч ойр дотно холбоо хамааралгүй, эсрэгээрээ манай компанид таагүй дургүй гэдэг. Сайдын зүгээс улс эх орондоо хэрэгтэй түүхэнд үлдэх онцгой ажил хийж байгаа учраас ажлынхаа ач холбогдлыг ойлгож, хариуцлагатай цаг хугацаандаа ажиллахыг сануулж анхааруулж байсан.

Мөрдөн байцаалтын үеэр Ж.Сүхбаатар сайдтай заавал холбох гэж шахаад түүнд өгсөн, өгөхөөр тохиролцсон зүйл огт байгаагүй байхад “…Ингээд хэлчих ээ, тэгвэл таныг гаргая л даа” гэж тулгаж шаардаад байсан нь эрүү шүүлт гэx үү, дарамт cүрдүүлэг гэx үү үнэхээр хүнд байсан” гэж бичиж байв.

Улмаар уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээр энэ оны долоо, наймдугаар сард тус бүр товлоод тодорхой шалтгаанаар хойшлуулаад байна. Тодруулбал, хамгийн сүүлд 2024 оны наймдугаар сарын 12-нд хэлэлцээд хойшлуулсан. Түүгээр дараагийн шүүх хурлыг 2024 оны аравдугаар сарын 21-нд товлоод байна. Хамгийн гол нь өдгөө энэ хэрэг нь “…А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох” гэчихсэн явж байгаа юм. Гэтэл, А.Ганхуяг бол бизнесмэн. Харин түүнийг буруутгаж буй үйлдэл нь төрийн оролцоотой худалдан авалт байдаг. Төр худалдан авалтыг зохион байгуулсан. Цаашлаад албан тушаалтнуудын тушаал шийдвэр, оролцоогүйгээр энэ үйл ажиллагаа болоогүй гэсэн үг. Гэвч хэдэн сар шуугиад хэрэг явдал намжингуут хамаг бурууг бизнесмэн дээр тохоод төр өөрөө, тэдгээр шийдвэрийг гаргасан албан тушаалтнууд буруугүй болж үлдээд байгаа нь бас л нэг улс төрийн хэлмэгдүүлэлт болох гээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ”

Б.Дамдин-Очир


URL: