Ардын намынхан энэ нийгэмд дасахгүй байна

УИХ-ын гишүүн З.Энхболдыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Эрдэс, баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байхад та нэлээд ширүүн үг хэлж байсан. “Хэрэв Д.Зоригтыг огцруулахгүй бол УИХ эвгүй байдалд орно. Хуулиа биелүүлдэггүй ийм УИХ гэж юу байсан юм бэ” гэж. Чухам яагаад ингэж хэлэх болов?

-УИХ бодлогоо хууль, тогтоолын хэлбэрээр гаргадаг. Түүнийг нь Засгийн газар биелүүлдэг ийм л газар. Хууль батлаад нэг жил болж байхад хууль нь биелэхгүй, цаашид биелэх магадлалгүй болчихоод байхад биелүүлээгүй сайдад арга хэмжээ авахгүй гэдэг ийм УИХ байх хэрэг байна уу гэсэн асуулт гарч байна. Хэрэгжүүлэхгүй байж болдог, хэрэгжүүлэхгүй байсан хүндээ арга хэмжээ авахгүй юм бол хууль, бодлого батлах хэрэг байна уу гэдэг зүйлийн талаар л би ярьсан.

-Хуралдааны үеэр Ерөн­­хий сайд С.Батболд танхимынхаа сайдыг нэлээд өмөөрч, гишүүдэд хатуухан үг хэлж байсан. Тэрбээр “Д.Зоригтыг огцруулах шаардлагагүй. Ингэж ярьж байгаа гишүүд асуудлаа ойлгохгүй, улстөржүүлж байна” гэсэн?

-УИХ-ын үндсэн үүрэг бол өөрийнхөө томилсон Засгийн газрыг хууль хэрэгжүүлэх үүргээ хэрхэн биелүүлж байгаад нь үнэлэлт, дүгнэлт өгөхөд оршдог.

Д.Зоригт сайн хүн байж болно, түүнийг өмөөрч болно. Харин асуудал нь хүндээ биш. Тэр хуулийг хэрэгжүүлэх үү, үгүй юү гэдэгт л асуудал байгаа юм. Хуулийг нэг грамм зөрчиж болно, 100 грамм зөрчиж болохгүй гэдэгт ялгаа байхгүй. Нэг бол хэрэгжүүлнэ, үгүй бол хэрэгжүүлэхгүй. Хуулийг жилийн дараа хэрэгжүүлнэ гэж гаргаж болдог. Харин Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан даруйд  хэрэгжүүлэх ёстой байсан. Жил хагас өнгөрчихсөн байхад шалтаг яриад сууна гэдэг нь энэ хуулийг хэрэгжүүлэх хүсэлгүй байна гэсэн үг. УИХ-ын бодлого ойлгомжтой, тодорхой байгаа. Засгийн газар энд, тэндгүй алт ухдагийг болиулна, томоохон уул уурхайн үйлдвэрээр явна. Жалга болгонд алт ухаад байхаар хянаж болохгүй байна. Тэнд хууль зөрчөөд байна гэдэг зүйлийг ярьдаг. Үүнийх нь дагуу гарсан бодлого юм. Чуулганы хэлэлцүүлгийн явцыг харахад УИХ буруу бодлого гаргачихсан юм уу гэж ойлгогдохоор юм ярьж байсан. Хэрэгжих боломжгүй хууль гаргасан ч гэх шиг. Залуу хүн болохоор хуулийг хэрэгжүүлэхгүй жил болж болно гэх  шиг. Ийм ялгаа аль ч хуульд байхгүй. Тэр сайд залуу, хөгшин байхыг хэн ч сонирхохгүй. УИХ-аас баталсан хуулиудыг хэрэгжүүлж чадна гээд л түүнийг сайд болгосон. Чадахгүй бол зайгаа тавьж өгөөд явах ёстой. Сайдын ажилтай л зууралдаад байх юм.

-Нэр бүхий гишүүд үндэслэл гаргаж, Д.Зоригт сайдыг огцрох хэрэгтэй гэж үзсэн. Гэтэл Ерөнхий сайд тэдний тавьсан үндэслэлийг үгүйсгэсэн шүү дээ?

-Хууль батлаад жил болж байхад хэрэгжүүлэхгүй байгаа нь үндэслэл биш л юм байна. УИХ-ын олонхийн бодож байгаагаар шүү дээ. Гэхдээ 14 гишүүн тэгж бодохгүй байгаа. Би үүнийг улстөржөөд ялих шалихгүй зүйлээр өөнтөглөөд байсан гэж бодохгүй байна. Яагаад гэвэл 14-ийн тав нь Ардын намын гишүүн. Гишүүд нам харгалзахгүй, байгаль орчноо хамгаалах гэж баталсан хуулиа хэрэгжүүлэх тал дээр санал нэгдэж байгаа гэсэн үг. Харин эсрэг санал өгсөн 42 гишүүн байгаль орчныг сүйтгэж болно, алтаа ухаж болно, УИХ хууль гаргасан ч хэрэгжүүлэхгүй байж болно гэдэг дээр л санал өгсөн.

-Байгалиа хамгаалж гаргасан хуулийг гишүүд хэрэгжүүлэхгүй гэсэндээ биш байх. Байнгын хорооны хурал дээр гэхэд л Д.Зоригт сайдын асуудлыг хэлэлцэх үеэр бүлгийн дарга, зарим гишүүн хүртэл суугаад хяналттай байсан. Үүнээс л болсон байх?

-УИХ-ын гишүүдийг саналаа өгөхөд нь намын зүгээс нөлөөлж, улс төрийн аргаар шийдэх асуудал мэр сэр байдаг. Харин УИХ нь хууль биелүүлээгүй сайдтай хариуцлага тооцох гэхээр нам оролцоод байгааг сайн ойлгохгүй байна. Харин Ардчилсан намын бүлгийн зүгээс энэ асуудлыг тусгайлан авч хэлэлцээгүй. Манай нам Д.Зоригт сайдыг огцруулах эсэх дээр намын шийдвэр гаргахгүй, цэвэр гишүүдийн шийдвэр байх ёстой. УИХ хяналтынхаа үүргийг биелүүлж байна гэж үзсэн. Харин Ардын нам яахаараа бүлгийн хурлаа хийгээд өмөөрөөд, Удирдах зөвлөл нь хуралдаад байгааг ойлгохгүй байна. Тэдэнд Монголын байгаль орчин хамаагүй болчихсон юм уу.

-Та анхнаасаа хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэж байсан хүн. Гэхдээ нэг сайдын асуудлыг ярихаар хамтарсан Засгийн газар огцорно гэж байх уу?

-Д.Зоригтын өөрийгөө хамгаалах тактик нь ийм юм билээ. Манай намд байдаг Засгийн газрын гишүүд Д.Зоригтыг огцруулахгүй гэж санал өгч байна лээ. Бодвол “Би огцорвол бүгд огцорно шүү” гэж айлгасан юм шиг байна лээ. Хэн нэгэн Д.Зоригт гэдэг хүн сайд байх нь надад сонин биш. Харин УИХ-аас баталсан хууль биелдэг байх нь чухал. Хуулиа биелүүлдэггүй сайдыг заавал үлдээнэ гээд улайраад байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Энэ Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн. Учир нь олонхи болсон нам Засгийн газраа эмхлэн байгуулаад явах заалт Үндсэн хуульд бий. Хамтар ч болно гэдэг эрхийг ард түмэн бидэнд өгөөгүй. Олонхи бол олонхи байх хэрэгтэй.

-Намын даргаа огцрох ёстой хэмээн шүүмжилдэг гишүүдийн нэг нь та. Оюутолгойн гэрээ будилаантай боллоо, цаашлаад Тавантолгойн асуудал хэл ам дагуулж байгаа нь сөрөг хүчингүй байгаагийнх уу?

-Асуудал нь сөрөг хүчин байх­гүйдээ биш. Гол нь 2008 оны сонгуулиар ард түмний өгсөн мандатад л учир байгаа юм. Ардчилсан нам ард түмний мандатгүйгээр Засгийн эрх барихад оролцож байгаа. Ардын нам бол ард түмний өгсөн мандатыг буруугаар ашиглаж, өөртөө ирсэн хариуцлагаа өөрөө хүлээхгүйгээр бусадтай хуваалцаад явж байна. Манай нам дүрмээ шинэчилж байна. Алдаагаа засах байх гэж найдаж байна. Өнгөрсөн намар бол засч чадаагүй.

-Энэ сард Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болно гэж байсан. Юунаас болоод хойшлоод байгаа юм бол?

-Намын дүрмийн боловс­руу­лалтын ажлын явц дуусахгүй байна. Бараг шинэчилсэн найруулгын түвшинд хийх гэж байгаа юм. Би одоо хүртэл ажиллаж байна.

-Хурлын үеэр намын дүрмээс гадна даргын асуудал яригдах уу?

-Намын дарга хэн байх вэ гэхээс илүү Ардчилсан нам өөрөө сонгуульд ялдаг хүмүүсийн байгууллага баймаар байгаа юм. Багийн Засаг дарга, нийслэл, дүүрэг, аймаг, сумын ИТХ, улмаар УИХ-ын сонгуульд амжилт олдог нам байх ёстой. Түүнээс биш дотооддоо дөрвөн удаа сонгууль явуулснаараа сайн болдог бол манайх хамгийн сайн нам болох байлаа. Тэгэхээр бусад сонгуульд амжилт олдог дүрэмтэй болохоор өөрчлөлт хийж байгаа.

-Д.Зоригт сайдын асуудлыг нэр бүхий гурван гишүүн тавьсан. Та ч ийм байр суурьтай байсан. Эсрэг байр суурьтай байгаа гишүүд нийлээд Д.Зоригтыг огцруулах асуудлыг дахин гаргаж тавих гэж байгаа сураг байна. Энэ тухайд?

-Бидний зорилго Засгийн газраас аль болох олон сайдыг огцруулаад байя гэдэгтээ биш. УИХ-аас баталсан хууль, дүрэм зөв хэрэгжиж байна уу, огт хэрэгжихгүй байна уу гэж хянах үүргээ л гүйцэтгэж байгаа юм. Алдаа гаргахгүй байвал сайшаал, магтаалаа хүртээд явна. Ер нь ганц Д.Зоригтын алдаа биш болчихоод байгаа юм. ТЭЦ V-ыг барих талаар өмнөх парламентын үеэс л эхлээд ярьсан. ТЭЦ-V-ыг барих ажлыг хариуцсан хүн нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд. Энэ хүн ажлаа хийхгүй дөрвөн жил болчихвол монголчууд л хохирно. Тэгэхээр ард түмэн цахилгааны хомсдолд орох аюулд орж, бүгдээрээ хохирох гээд байна. Бүгдээрээ хохирохгүйн тулд ажлаа хийдэггүй сайдыг ажлаа хийдэг, ТЭЦ V-ыг барьж чадах хүнээр солих нь бидний зорилго.

-Таныхаар ТЭЦ V-ыг барьж чадах сайдаар хэнийг ажиллуулах ёстой гэж?

-Лав л Д.Зоригт биш. Ядаж тэнд цахилгааны инженерийн сургууль төгссөн хүн байх ёстой. Монгол Улс цахилгааны хомсдолд орчихоод байна гэдэг үгийг сүүлийн хоёр жил хангалттай ярьж байгаа. Манай улсын нэг хүнд ногдох ДНБ өсөхийн хэрээр хүмүүсийн цахилгааны хэрэгцээ өсч байгаа. Манай улс шиг хоёр сая 700 мянган хүн амтай улсад 2.7 гегабаттын хүчин чадал байх ёстой юм. Гэтэл одоо суурилуулсан хүчин чадал 800 мегабатт хүрэхгүй байна. Олон жилийн өмнөөс ийм болоод байгаа. Хамгийн хурцаар илэрсэн нь 2007 оны сүүлч. Яагаад ингэж илэрдэг юм гэхээр 400, 500, 600 мегабаттын станцыг барих, төлөвлөх ажлыг ойролцоогоор таван жил хийдэг. Бид 2007 онд барих зөвшөөрлийг нь өгөөд, бол одоо гурван жил нь явчих байсан. Өнөөдөр Д.Зоригтын оронд өөр хүн сайд боллоо гэхэд дор хаяж таван жил хэрэгтэй. Тэгэхээр инженер хүн энэ яамыг толгойлох ёстой л гэж би үзэж байгаа юм. Түүнээс биш гадаад харилцааны ч юм уу, хэлний мэргэжилтэн очоод ийм нарийн зүйлийг ойлгохгүй.

-Ардын нам дотроо зөрчилдөөд эхэллээ. Сонгууль дөхөж байгаа энэ үед танай намд энэ байдал ашигтай байх уу?

-Хятадын соёлын хувьсгалын үеэр “улаан хамгаалагч” гэж юм мэдэхгүй залуучууд жагсаал хийдэг байсан. Хүн зоддог, хийрхдэг. Өнгөрсөн даваа гарагт болсон жагсаал нэг тиймэрхүү юм харагдаж байна лээ. 70, 80 жил болсон нам гэхэд хэцүүхэн л харагдсан шүү. Юу нь болохгүй байгаа юм. Тэгтлээ бие, биеэ үзэн ядах нь сайн зүйлд хүргэхгүй. Нэр сольсонтой нь санал нийлэхгүй байгаа хүмүүс өөр намаа байгуулаад явна л биз дээ. Ардчилсан намыг байгуулахад нэг хэсэг нь санал нийлэхгүй, Монголын социал демократ нам гэдэг нэрээ аваад нам байгуулаад явсан. Түүний араас бид чулуу шидээгүй, залуучуудынх нь байгууллага жагсаал хийгээгүй. Тэр бол хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх. Нэрээ өөрчилсний дараа түүнтэй санал нийлэхгүй байгаа гишүүн гарч л байг л дээ. Юунаас нь айгаад байгаа юм.

-Тэгэхээр энэ сиймхий, Ардын намын дотоод хагарлыг та бүхэн харин ч овжин ашиглах ёстой юм биш үү. Үгүй гэж үү?

-Бидэнд сонин биш. Өөр нам юугаа хийж, хэнтэйгээ муудалцаж байгаа нь. Би зүгээр л зарчим яриад байна. Санал нийлэхгүй хүмүүсээ үзэн ядахаа боль. Хүн бүрт үзэл бодлоо илэрхийлэх эрх бий. Ц.Шинэбаяр гишүүнд ч гэсэн тэр эрх байгаа. Түүнийх нь араас зохион байгуулалттайгаар муулаад байж болохгүй шүү дээ. Ардын намаас ялгаатай нь Ардчилсан нам хүмүүсийг өөр үзэл бодолтой байхыг нь хүндэтгэдэг. Хүн юу бодож, санах нь түүний эрх. Энэ эрх чөлөөг олж аваад манай улс 20 жил болж байна. Ардын намынхан яагаад ч юм энэ нийгэмдээ дасч өгөхгүй байна. Өөр үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг болж байж Ардын нам Ардчилсан нам шиг болно. Ядаж манай нам шиг дотроо байгаа фракциудаа зөвшөөрч, тэдэнтэйгээ ажилладаг болох хэрэг­тэй. Ардчилсан намд өөр үзэл бодолтой хүмүүс бий. Гэхдээ бид нэг дүрэмд захирагдаж байгаа.

-Танай нам фракциа зөвшөөрдөг гэлээ. Гэтэл Ардчилсан хүчний холбоог намаа бутаргаж, тараах гэж байна гэх дайралт нэг хэсэг гарч байсан. Энэ нь та бүхнийг зөвшөөрөхгүй байгаагийн илрэл биш гэж үү?

-Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай бид хэвийн харилцаатай. Н.Алтанхуягийн хэв­лэлээр өгсөн хэдэн ярилцлагыг эс тооцвол шүү дээ. Энэ нь намын даргын хувийн бодол. Ардчилсан хүчний холбоо Ардчилсан намын хийж чадахгүй байгаа ажлыг хийх гэж байгуулагдсан юм.

-Ардын намын дотоод хагарлыг бий болгоод байгаа гол хүн нь Н.Энхбаяр гэж удирдлагууд нь үзэж байгаа. Мөн танай Ардчилсан хүчний холбоог ч гэсэн Н.Энхбаяртай холбодог. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Түүнтэй ямар ч харилцаа холбоо байхгүй. Хүмүүс үндэслэлгүйгээр хардаж байна. Н.Энхбаяр гэдэг хүнтэй Ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс нь өмнө төрийн ажлын дагуу буюу аюулгүй байдлын зөвлөлийн хуралд сууж байхдаа л хамгийн сүүлд уулзаж байсан. Дахин нүүр тулж ярилцах нь байтугай утсаар ч ярьж байгаагүй. Холбоотой байх ч үндэс байхгүй. Н.Энхбаярын сайн, мууг бүгд мэдэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяр шиг сайн хүн байхгүй байлаа. Ялагдсаных нь дараа Н.Энхбаяр шиг муу хүн байхгүй болчихсон. Энэ бол бас л хийрхэл. Хэтэрхий хувирамтгай байна, манайхан. Төрийн тэргүүн байсан хүнээ ингэж буланд шахаж болохгүй л дээ. Н.Энхбаярыг Ардчилсан хүчний холбоотой холбох нь нөгөө талд л хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярын эсрэг хүмүүст л хэрэгтэй юм.

-Сонгуулийн тухай хууль яагаад таг болчихов. Намууд ойлголцохгүй байна уу?

-Хоёр нам систем дээрээ тохирохгүй байгаа. Бид хүнийг нь сонгодог, намын нэрээр ч сонгодог холимог системийг Ардын намыг нэрээ солихоос өмнө гаргасан. Нэрээ сольсны дараа, намын нэрээр санал авахгүй шүү гэчихээр пропорциональ сонгууль буюу хувь тэнцүүлсэн сонгууль ерөөсөө явахаа больчихож байгаа юм. Нам л дугуйлахгүй бол хувь тэнцүүлсэн сонгуулийг март гэсэн үг. Манай бүлгийн хурал дээр өнгөрсөн даваа гарагт Сонгуулийн тухай хуулийн явцын талаар ажлын хэсэгт орсон гишүүдээсээ асуусан. Систем дээрээ тохирохгүй байна гэж байна лээ. Бусад заалт буюу зөрчлүүдийг яаж шийдэх вэ, мөнгө тараадгийг хэрхэн болиулах вэ, сонгуулийн санхүүжилтийг яаж ил тод болгох талаар нарийвчилсан заалтууд дээр ажиллая гэж байгаа. Одоо бүдүүн тоймын хуультай байна. Цагаан сараар тойрогтоо очоод хүмүүст 10 мянган төгрөг өгсөн бичлэг нь байгаа. Дараа нь тэр УИХ-ын гишүүн болчихсон. Гишүүн болоход тараасан 10 мянган төгрөг нь тус болсон байх л даа. Б.Чойжилсүрэн гишүүнд арга хэмжээ авъя гэхээр зөвхөн сонгуулийн үеэр тараасан мөнгөнд л арга хэмжээ авах хуультай. Сонгуулийн хуулийг батлахдаа өмнө нь болох зүйлийг бодоогүй байсан. Тэгэхээр би одоо Сонгуулийн тухай хуулийг хийхдээ бусад үед ч үйлчилдэг байхаар хийе гэж бодож байгаа. Ингэж Сонгуулийн тухай хуулиа засахгүй болгохгүй бол тэр цоорхойгоор нь гарч ирсэн гишүүд олон байна. Ингэх тусам УИХ-ыг хэн ч хүндлэхгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:  “Улс төрийн тойм” сонин.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.