МУГТ Э.Цэндбаатар: Гурван сар тасралтгүй бэлтгэл хийсний үр дүн өнөөдөр гарлаа

343796495_963535345084007_6256189549405414975_nМУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа өнөөдөр буюу 10 дугаар сарын 17-нд Флорида мужийн Плант хотод хийлээ. Тэрбээр Пуэрто Рикогийн боксчин Фрэнси Фортунатог ялж тивийн бүсийг эх орондоо авч ирэхээр боллоо.

Түүний хувьд тулаанаа хийж гарч ирээд монголынхоо ард түмэнд баярын сэтгэгдэл хуваалцлаа. Тэрбээр, ”Гурван сар тасралтгүй бэлтгэл хийсний үр дүнд хүсэн мөрөөдөж байсан аваргын бүсээ авсандаа маш их баяртай байна. Намайг үргэлж дэмжиж ирсэн монголынхоо ард түмэнд маш их баярлалаа. Өнөөдөр би мөрөөдлийнхөө жижигхэн хэсэгт л хүрлээ. Цаашдаа ирээдүйд их олон  том том бүснүүдийн төлөөх тулаануудыг хийх болно.

Манай дасгалжуулагч миний энэ амжилтад маш том нөлөө үзүүллээ. Намайг гурван сар тасралтгүй бэлтгэл хийлгээд, хараа хяналт, сахилга баттай байлгаж өгсөн. Заримдаа хэт их шахалтаас болж бэлтгэлээ, багшийгаа үзэн яддаг үе байсан ч гэсэн сэтгэлзүйгээр дэмжиж, тусалж ирсэн нь энэ ялалтын эх үндэс болж өглөө.

Хоёрдугаар раундаас хойш гар бамбайж хавдсанаас өөр хүндрэл бэрхшээл бага байлаа. Хүчтэй ч өрсөлдөгч байсан.

Боксын спортыг сонирхож байгаа дүү нартаа хандаж хэлэхэд, хүсэл мөрөөдөлтэй байгаарай, монголчууд хичээвэл бүхий л зүйлсийн манлай болж чадна. Тиймээс хүссэн бүхий л зүйлээ хийгээд ахынхаа араас гарч ирээрэй гэж хүсмээр байна” гэлээ.


URL: