Дарга бүхнийг мэднэ

Бид хэдийгээр ардчилсан нийгэмд шилжээд багагүй хугацаа өнгөрч байгаа боловч нийтийн шийдвэр гаргах түвшинд социалист нийгмээс улбаатай хуучин хам шинжүүд эдүгээ хүртэл байсаар л байна. Түүний нэг бол “бүхнийг дарга мэддэг” явдал юм. Ардчилсан улс орнуудад, нийтийн хэмжээний аливаа асуудлыг шийдвэрлэхдээ ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн мэргэдийнхээ дуу хоолойг сонсож, судалж, асууж, харилцан ойлголцож шийдвэрлэдэг хандлага нэгэнт хэвшил болон тогтжээ.  Харин манайд бол эсрэгээрээ, хэдэн дарга нар энэ улс орныг удирдаад байна уу гэж андуурмаар, дарга л юу гэнэ түүнийг бусад нь аялдан дагаж, үг дуугүй хэрэгжүүлнэ. Тэгэх тэгэхдээ бүр өмнө хойно нь сууж босон бялдуучилж дагалдана, даргын үг бол бичигдээгүй хууль гэсэн зарчим үйлчилнэ.

Хэлбэрийн төдий хурлууд, шийдвэр гаргах эрх мэдэлтнүүдийн чуулган болдогч гэлээ эцсийн бүлэгтээ “даргын шийдвэрийг л батламжилна”. Даргын үг бол хууль, түүнийг зөрчих нь албан хаагчдад хууль зөрчихөөс илүү хор хохиролтой, учир нь ингэснээсээ болж ажилгүй болж ч мэднэ, авдаг хэдээсээ салж ч мэднэ, “аавынд орж ч” мэднэ. Иймээс буруу, зөв аль нь байлаа ч гэсэн “нүдэн балай, чихэн дүлий байдлаар” даргын үгийг дагах нь тэдэнд “өлзийтэй.” Улмаар дарга бүр өөрийнхөө багийг бэлтгэнэ. Өөрийн багаа өөрийг нь үг дуугүй дагах, өөрийнх нь булхайг хаацайлагчдаар бүрдүүлнэ. Тэдэнд өөрийн гэсэн дуу хоолойгоо илэрхийлэх боломж үгүй, шаардлага ч үгүй, гагцхүү “даргадаа сайн үйлчилж” байх нь чухал. Хатуухан хэлэхэд яг л “хоолоо хүлээсэн ноход шиг эзнээ тойрон эргэлдэнэ.” Дарга өөрөө хууль зөрчсөн ч “дарга учраас” хариуцлага хүлээнэ гэж байхгүй, хариуцлага гэдэг үг даргад дэндүү хол, энгийн иргэнд хэтэрхий ойрхон. Дарга өөрөө хариуцлага алдсан ч бүх бурууг доорх ажиллагсаддаа хамаатуулна. Дарга наанаа шударга ёсыг хэрэгжүүлнэ гэж их ярьдаг боловч, цаанаа шударга бус явдлыг үүсгэгч, далдуур дэмжигч нь байдагнь байдаг.

Дарга хүсвэл бүхнийг шийднэ, даргын хүсэл бодлыг ил далдуур “даргыг хүрээлэгчид нь” хэрэгжүүлнэ. Дарга далдаас бүхнийг удирдаж ч бас чадна. Мөн дарга нар улсын тусгай хангамж эдэлнэ, тэд одоогоос 20-иод жилийн өмнө социализмын үеийн дарга нарыг тусгай хангамжийг шүүмжилж, түүнийг эдлүүлэхгүй байхаар зорих атал эдүгээ тэднээс илүү хангамж эдлэх болжээ. Унаа машин, байр сууц, утас холбоо гээд энэ хангамжийн жагсаалтыг дурьдвал нэлээд урт жагсаалт гарах болно. Бүр байчихаад 1.000.000.000 төгрөгийг тойрогтоо зарцуулах нэрэн дор өөрсдөө зориулан төсвөөс хувиарлуулах шийдвэр гаргуулах болжээ.

Хэвлэл мэдээлийн хэрэгслээр тэд ярихдаа бүхнийг мэдэж байгаа, анхааралдаа авсан байгаа, асуудлыг ойлгож байгаа, удахгүй шийдвэрлэх гэж байгаа, улс орноо хөгжүүлэх гэж байгаа мэтээр ярих авч яг үнэндээ тэд ширхэг талх, кг махны үнэ ямар байгааг ч мэдэхгүй, тэд аливааг ард түмэнд хэрэгтэй байдлаар шийдвэрлэнэ гэхээсээ илүү өөртөө унах ашиг хонжоогоо л тооцож бодно. Тэдний зарим нь өөрсдийгөө хамгаалуулахаар бүхэл бүтэн “фронт” ажиллуулна. Үүнд нь түүний төлөө дуугардаг иргэний хөдөлгөөн, хэвлэл мэдээлийн хэрэгсэл, интернэт сайт, эрдэмтдийн төлөөлөл хамаарна.

Харин дарга “дарга байхдаа л сүртэй”. Түүнийг албан тушаалаасаа буунгуут нь хэн ч үл тооно, өмнө нь аялдан дагалдаж байсан “цэрэг” –үүд нь бүгд нүүр буруулна. Хамаг бурууг түүнд хамааруулан тохно. Ийм эрүүл бус тогтолцоо монголд үйлчилж байна. Дарга нар дарга байхдаа л хүчтэй…

Ц.Гомбосүрэн
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.