Даатгалын компанийн захирлын аминд хүрсэн гэмт хэрэгтний зургийг ил болгожээ

325739-06122024-1733451351-646301809-killerАНУ-ын эрүүл мэндийн байгууллагын захирлын аминд хүрсэн хэргийг мөрдөн шалгахын тулд сэжигтэн байж болзошгүй этгээдийн хоёр зургийг Нью-Йоркийн цагдаа нар нийтэлжээ.

UnitedHealthcare компанийн захирал, 50 настай Брайан Томпсоныг өнгөрсөн Лхагва гарагийн өглөө Манхэттены Мидтаун дахь Хилтон зочид буудлын гадна буудан хөнөөсөн.

Халдлага үйлдэгч хэргийн газраас хохирогчийн эд зүйлсийг авалгүй зугтсан ба цагдаа нар уг хэрэг нь урьдчилан төлөвлөгдсөн аллага байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Мөрдөгчид мөн сэжигтнийг илрүүлэхийн тулд нүүр таних технологи ашиглаж, мөн сумны хошуунд бичигдсэн бичээсийг шинжлэх зэрэг арга хэрэглэж байгаа ч хэргийн шалтгааныг одоогоор ил болгоогүй байна.

Хэрэг гарсан өдөр чухам юу болсон бэ?


Энэ хэрэг Нью-Йоркийн Цагийн талбай болон Төв цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо Манхэттений хөл хөдөлгөөнтэй хэсэгт 06:45 цагт болжээ. Томпсон тэр өдөр хөрөнгө оруулагчдын бага хуралд үг хэлэхээр төлөвлөсөн байсан аж.

Цагдаагийн мэдээлснээр, сэжигтэн Томпсоныг буудлын гадна ирэхийг таван минут хүлээсэн байна. Томпсон явган ирж байх үед нь нуруу болон хөлд нь бууджээ. Хохирогч орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн ч хагас цагийн дараа нас барсан байна.
Нью-Йоркийн цагдаагийн хэлтсийн (NYPD) мөрдөн байцаалтын газрын дарга Жозеф Кеннигийн мэдээлснээр, гэмт этгээдийн зэвсэг гацсан боловч тэр даруй засаж, үргэлжлүүлжээ.

CCTV бичлэгээс харахад  гэмт этгээд гар бууныхаа дуу намсгагч суурилуулсан байв. Нью-Йорк хотын дарга, цагдаагийн албанд олон жил ажилласан Эрик Адамс MSNBC-д өгсөн ярилцлагадаа “Дуу намсгагч ашигласан хэргийг урьд өмнө огт харж байгаагүй. Энэ нь биднийг маш их цочирдууллаа” гэжээ.

Мөрдөгчдийн үзэж буйгаар уг зэвсэг нь BT Station Six 9 гар буу байх магадлалтай бөгөөд энэ нь Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Холбоотны тагнуулын албаны тусгай ажиллагаанд ашиглагддаг бууны загвар дээр бүтээгдсэн зэвсэг юм. Цагдаа нар уг бууг хаанаас худалдан авсан болохыг тогтоохоор Коннектикут мужийн бууны дэлгүүрүүдэд шалгалт хийж байгаа аж.

Гэмт этгээд хэрхэн зугтсан бэ?
Хэрэг гарсны дараа сэжигтэн явган зугтаж буй дүрсийг бичлэгт харуулжээ. Анхандаа сэжигтэн Lyft компанийн Citi Bike цахилгаан дугуй ашиглан зугтсан гэж мэдэгдсэн. Гэвч Citi Bike-ийг эзэмшдэг Lyft компани CBS News-д мэдээлснээр, NYPD уг хэрэгт тэдний дугуй ашиглагдаагүй гэдгийг хэлсэн байна.

Эх сурвалж: BBC


URL: