НДС-г 160 тэрбумын алдагдалд оруулсан албан тушаалтнуудыг шалгана
Авлигатай тэмцэх газраас Нийгмийн даатгалын сангийн 170 тэрбум төгрөгийн авлагын хэргийг шалгах гэнэ. Нийгмийн даатгалын сан 160 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орох бодит эрсдэл нүүрлээд байгааг салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлж байсан. Тодруулбал, “Капитал” банкинд 68.2 тэрбум төгрөг, “Чингис хаан” банкинд 100 орчим тэрбум төгрөгийн авлага барагдуулна гэж олон жил ярьсан боловч огт барагдуулаагүй юм. Тэгвэл энэ асуудлаар прокурорт гомдол гаргаж, прокурорын байгууллагаас гомдлыг хянаад, Авлигатай тэмцэх газар руу шилжүүлсэн байна.
Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөхдөө “Би сайдын ажлаа хүлээн авч, Нийгмийн даатгалын үндэсний хорооны дарга болсон. Бид нэгдүгээрт мэргэжлийн хороог байгуулсан. Хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлийн есөн зөвлөх ажиллаж буй. Эдгээр мэргэжилтнүүд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ямар хэлбэрээр байршуулбал үр өгөөжтэй, эрсдэлгүй байх вэ гэдэг шийдлийг Нийгмийн даатгалын үндэсний хороодод зөвлөдөг. Үүн дээр тулгуурлаж бид шийдвэрээ гаргадаг. Хоёрт, Олон нийтийн хяналтын зөвлөлийг байгуулсан.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө өнөөдөр аль банкинд ямар хүүтэй хадгалагдаж байгаа нь нээлттэй байдаггүй байсан бол өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын вэб сайт руу ороход энэ бүх мэдээлэл ил тод болсон.
Гуравдугаарт, “Капитал” банк болон “Чингис хаан” банкинд эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Бид мэргэжлийн хуульчдыг авч ажиллуулж, прокурорт анх удаа гомдол гаргасан. Прокурор энэ гомдлыг хянаад, Авлигатай тэмцэх газар руу шилжүүлсэн байна лээ. Авлигатай тэмцэх газраас шинэ хэрэг нээн, нийгмийн даатгалын сан дээр үүсгэж буй эрсдэлтэй шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудыг шалгана. Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэх болов уу гэж харж байна” гэв.
URL: