Сирийн мөргөлдөөн бол дэглэмийг унагах боломж
Алеппо хотод босогчид гэнэтийн дайралт хийсний дараа Сирийн агаарын хүчин Оростой хамтарч сөрөг хүчнийхэнд цохилт өгч эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Сирийн өмнөд хэсэгт байгаа босогчдын хүчин Дераа бүс нутгийн ихэнх хэсгийг эзэлжээ. Засгийн газрын хүчинтэй хийсэн тулааны дараа тэд бүс нутгийн цэргийн олон объектуудыг хяналтдаа авч чадсан байна.
Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн ажиглалтын төвийн мэдээлснээр босогчид Дераа бүс нутгийн 90 гаруй хувийг хяналтдаа авсан бөгөөд засгийн газрын мэдэлд зөвхөн Санамайн бүс нутаг үлджээ.
Дераа хот нь стратегийн болон бэлгэдлийн ач холбогдолтой. Энэ нь мужийн төв бөгөөд Йорданы хилийн гол боомттой ойролцоо оршдог хот юм. 2011 онд ардчиллыг дэмжсэн жагсаал тус хотод анх эхэлж, улмаар иргэний дайн болон өргөжсөн билээ. Энэ дайнаар хагас сая хүн амиа алдсан.
Үүний зэрэгцээ нутгийн хойд хэсэгт Сирийн цэргийнхэн Хомс хотын эргэн тойронд агаараас цохилт өгч байна. Дераа хотоос зүүн тийш 50 км-ийн зайд орших Сувейда хотод мөн эмх замбараагүй байдал үүсчээ. Бүс нутаг дахь Друзийн цөөнхийн шашны бүлэглэлийнхэн аюулгүй байдлын хүчнийхэнтэй мөргөлдсөн байна. Мөн Курд тэргүүтэй цэргүүд нутгийн зүүн хэсэгт орших Дейр-эззор хотыг эзэлсэн. Дейр-эззор нь засгийн газрын гол түшиц газар аж.
Сирид нөхцөл байдал ширүүссэн тул Йордан улс хилээ хаажээ. Түүнчлэн АНУ, Их Британи, Йордан улсууд Сири дэх иргэдээ аль болох хурдан бүс нутгийг орхихыг зөвлөсөн байна. Хамгийн сонирхолтой нь ерөнхийлөгч Ассадын гол холбоотон Иран улс цэргийн командлагч, албан хаагчдаа нүүлгэн шилжүүлж эхэлсэн болохыг “NY Times” мэдээлжээ.
Нутгийн олон хэсэгт эмх замбараагүй байдал үүсээд буйг ажиглагчид Сирийг чөлөөлж, дэглэмийг унагах боломж гэж харж байна.
Арваннэгдүгээр сарын 27-нд эхэлсэн босогчид дайралтаа эхлүүлснээс хойш улс даяар 820 гаруй хүн амиа алдаад байна. Тэдний 111 нь энгийн иргэн юм. Зарим энгийн иргэн аюулгүй газар хүрч чадалгүй фронтын бүсэд гацсан байна.
Мөн үймээн самуунтай энэ цаг үед Башар аль-Асадын гэр бүл Орос руу дүрвэсэн нь тодорхой болжээ. Ерөнхийлөгчийн эхнэр Асма аль-Асад өнгөрсөн долоо хоногт гурван хүүхдийн хамт дүрвэсэн талаар Сирийн аюулгүй байдлын албаны хүмүүс болон Арабын албаны хүмүүс мэдээлсэн байна. Гэвч ОХУ Башар аль-Асадыг аврах төлөвлөгөөгүй байгаа гэж Кремлийн эх сурвалж хэлжээ. Сирийн ерөнхийлөгчийн арми байр сууриндаа бат бус байгаа нь Путины дургүйцлийг төрүүлсэн гэв.
ЭХ СУРВАЛЖ: BBC, THE TELEGRAPH
URL: