“Таваас доош насны суурь эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ханиад хүндэрч байна”

510936ffae52fad677417bbad667cbb900f48dd9ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭХЭМҮИ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний эмч А.Зэвэг ”2024 оны арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт 603 хүүхэд хэвтэн эмчлүүлж байснаас амьсгалын замын цочмог хүнд халдвартай 516 буюу 85 хувийг эзэлж байсан. Харин өнөөдрийн байдлаар 315 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс амьсгалын замын цочмог хүнд халдвар 59.3 хувийг эзэлж байна. Арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар 24:00 цагт 350-400 хүүхэд үзүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 180-220 хүүхэд тусламж үйлчилгээ авч буй. Харин хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн тоо буурсан. Гэсэн хэдий ч 5-аас доош насны суурь эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ханиадаар өвчлөөд хүндрэх байдал их ажиглагдаж байна. Томуугийн үед ханиалгах, халуурах, цээж давчдах, амьсгалын тоо олшрох шинж тэмдгүүд илэрдэг. Амьсгалыг тоолохдоо хэвлий болон цээжний хэсгийг ил гаргаж байгаад амьсгалыг нэг минутын турш тоолно. 0-2 сартай хүүхдүүдийн амьсгалын тоо 60 буюу түүнээс дээш, 2 сараас 1 настай хүүхэд 50 буюу түүнээс дээш, 1 насны хүүхдүүд 40 буюу түүнээс дээш амьсгалж байх юм бол амьсгал олширсон гэсэн үг. Түүнчлэн хүүхдэд цээж хонхолзох шинж тэмдэг нь хэвлий түмбийхэд өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлдэг. Амьсгал олшрох, цээж хонхолзох шинж хоёр хавсарвал яаралтай эмчид хандах шаардлагатай. Хүүхэд магадгүй уушгины хатгалаатай байж болно. Иймээс маш сайн шинж тэмдгийг ажиглах ёстой. Мөн хичээл сургууль орох гэж байгаатай холбоотойгоор амны хаалт, гарын ариун цэврийг сайтар сахихыг зөвлөж байна” гэлээ.


URL: