О.Алтангэрэл сайд аа, мега төслүүдийн сургаар идэвхжсэн хөлсний анархистуудад хуулийн хариуцлага тооцохгүй юм уу
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2025.01.17) Францын “Орано майнинг САС” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээгээ албан ёсоор байгуулна. Оюутолгойн гэрээг байгуулснаас хойш гуравдагч хөрштэй хамтран хэрэгжүүлэх мега төсөл ийнхүү ажил хэрэг болж байна. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ талаар “Авлига, ашиг сонирхлоос болж 28 жил гацсан Монгол, Францын уран олборлох төслийн бүтээн байгуулалтын ажилд оролцогсдын 60 хувь, олборлолт эхлэхэд 90 хувь нь монголчууд байна. Монгол мэргэжилтнүүд мэдлэг, чадвараа аль ч улсын мэргэжилтнүүдтэй ижил түвшинд үнэлүүлж, 7-12 сая төгрөгийн цалин авахаар тохиролцож чадлаа.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэг Франц улстай хамтран ажиллаж, Монголын говьд дэвшилтэт технологиор олборлосон, цэвэр эрчим хүчийг Европын найман оронд нийлүүлж эхлэх нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо урин дуудаж, бизнесийн салбар дахь харилцан итгэлцлийг сэргээж, геополитикийн олон талын үр өгөөжтэй юм” гэж мэдэгдсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ийнхүү 14 мега төслийнхөө эхний гурван том төслийг хөдөлгөж эхэлмэгц Төрийн ордон тойрсон улстөржилт идэвхжив. Сошиал ертөнц дэх хоржоонтой зарим иргэний бичдэгчлэн “Талбайн савдгууд” улам олуулаа болж “ажил”-даа орцгоов.
Танил технологи биш үү. Эх орончдын дүрд тоглож, Сүхбаатарын талбайгаас Төрийн ордон тийш орилогсдын үнэн нүүр царай нь эрх мэдэл, мөнгөний төлөө л байдгийг монголчууд өнгөрсөн хугацаанд сайн мэдэж авцгаасан. Ж.Батзандан, О.Магнай тэргүүтэн 2000 оны дундуур Төрийн ордны хашаа руу улаан лооль шидэж, 2008 оны долдугаар сарын 01-ний үймээний үеэр залуусыг турхирч эцэст нь ямар үр дагаварт хүрч байсныг ч сайн санаж байгаа байх. Гэвч “Хөлсний армийнхан” хүрээгээ тэлэн оршсоор л… Төлбөрт жагсаал цуглаан, бослого тэмцлээр “хөлжигсөд”-ийн арга тактик улам нарийн болж, хот, хөдөөд эгнээгээ улам тэлсээр байна.
Сошиал улс төрийн технологи нь хэдий танил ч тэд бүхнийг мэдэгчийн дүрд гарамгай тоглоцгоож, тархи угаалт хийсээр байна. Яг одоо тэд боловсролтой, боловсролгүй хамаагүй цөмийн физикчид, ураны мэргэжилтнүүд, геополитикч, гео эдийн засагчдын дүрд орж зүсээ хувирган өдөр, шөнөгүй лаив хийцгээж байна. Уран тойрсон улс төр хаврын синдромын нэг сэдэв, хөлсний армийнхны цалингаа ахиухан хүртэх олз болсон гэхэд хилсдэхгүй. Ураны төслийн эсрэг хөдөлсөн хөлснийхөн Төрийн ордны ойролцоо байраа эзэлж, Монгол Улс дахь Францын ЭСЯ тийш эсэргүүцлийн хөдөлгөөнөө өрнүүлж, өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Улаанбаатарт улс төрийн цаг агаар ороо бусгаа байна.
Халзан бүрэгтэйд өнгөрсөн оны сүүлчээр юу болов. Уг төслийн ерөнхий геологич А.Цолмон хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Халзан бүрэгтэйн ордыг 1984 онд ЗХУ-ын эрдэмтэн, геологичид анх олж нээсэн. Үүнээс хойш судалгаа, хайгуулын ажлуудыг үе шаттай хийсээр ирсэн. Тухайн үед газрын ховор элементийн хэрэглээ өнөө үе шиг их байгаагүй. Цахилгаан машин, гар утас, салхин сэнс зэрэг нь 1980-аад онд түгээмэл дэлгэрээгүй байсан. 2010 оноос хойш дэлхий дахинаа технологийн хөгжлийг дагаж газрын ховор элементийн хэрэгцээ нэмэгдэж эхэлсэн” гэжээ. Физикийн ухааны доктор, ЦЭГ-ын дарга асан Н.Тэгшбаяр “Газрын ховор элемент бол Менделеевийн үелэх системд байдаг жирийн л нэг элемент. Бусад элементээс ялгаатай нь цацраг идэвхт чанартай болон чанаргүй ховор элемент гэж байна. Эдийн засгийн ач холбогдолтой бол олборлоно.
Эс олборлосон ч хур тунадасны усаар шүүгдэж угаагдаад тэнд байгаа газрын ховор элемент Ховд гол, Хар ус нуур руу орж л байгаа. Тэгэхээр олборлуулахгүй байлаа гээд ер гавьяа байгуулж байгаа хэрэг биш. Шинжлэх ухаан талаасаа эдийн засгийн ач холбогдолтой бол хаана ч олборлох ёстой. Халзан бүрэгтэй ордыг ашиглах нь бүс нутагтаа хэрэгтэй. Дэлхий дээр газрын ховор элемент ховордож байна. Үүнээс улбаалж эрэлт нэмэгдсэн. Өндөр технологи газрын ховор элементээс хамаарч байна. Ийм тохиолдолд “Газрын ховор элементийг олборлуулахгүй” гэж байгаа нь ухаалаг хэрэг биш” гэжээ.
Мэргэжлийн хүмүүс ийм тайлбарыг өгсөн ч мөнөөх хөлснийхөн огт сонссонгүй. Тэдний зарим нь доктор Н.Тэгшбаяртай үг сөрж, өдөж хоргоож буй бичлэг ч цахим ертөнцөд түгсэн. Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн ярьснаар, Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төсөвт жилд хагас их наяд төгрөгийн татвар, хураамж төлөх аж. Гэвч төлбөрт тэмцэгчдэд энэ сонин биш, баялаг тойрсон зодоон хийж, бусдыг өдөөн турхирч, бизнесийнхныг шантаажилж мөнгө олох л зорилготой. “Халзан бүрэгтэй уулыг хөндүүлэхгүй” гэж Ховд аймгийн 200 гаруй морьтой иргэн, 1000 гаруй хүн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 02-нд жагсаал хийжээ.
Тэд эмх замбараагүй байдал үүсгэж, хүний биед халдсан явдал ч гарсан. Хөлсний армийнхны анархист үйлдлийн мөрөөр хууль хяналтынхан хэрхэн ажиллаж буй талаар сэтгүүлч С.Бүдрагчаа Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Ш.Сүхтулгаас тодруулахад “Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн компаниас тав, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн А-аас нэг, нийт зургаан гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Тодруулбал, бусдын эд хөрөнгөд халдсан, олон нийтэд илт худал мэдээлэл тараасан, байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан, бусдын биед халдсан зэрэг мэдээллийн дагуу шалгаж байгаа” хэмээн хариулсан байна. Өөрөөр хэлбэл, Халзан бүрэгтэй төслийг эсэргүүцэх нэрийдлээр бусдын биед халдаж, хөдөөд анархизм цэцэглүүлж яваа хөлснийхнийг цагдаагийнхан шалгаж байгаа ч хуулийн хариуцлага хараахан тооцоогүй гэсэн үг. Шинэ оны дараахан Сүхбаатарын талбайд жагсаал хийж эхэлсэн зарим иргэний биед “Нөгөө хэд” мөн л халдаж, нэгэн бүсгүй рүү гурил хүртэл цацсан гэрэл зураг цахим ертөнцөд түгжээ.
Хөлсний армийнхны анархизм ийн цэцэглэж, эрчээ авч, улам ширүүсч, догширч буйд хуулийн хариуцлага тооцохгүй юм уу, О.Алтангэрэл сайд аа. Та бол Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд. Цагдаагийн байгууллага танай салбарт харьяалагдана. Гэвч Монголын цагдаа хөлсний армийнхны гэмт үйлдлийг арай л удаан шалгаж байгаа бус уу. Машиндаа ганцаараа ярьсан иргэнийг дор нь баривчлаад саатуулчихдаг л юм байна. Харин гэгээн цагаан өдөр бусдын биед халдаж буй хөлсний армийнхны үйлдэлд хуулийн арга хэмжээ авахгүй юм уу.
О.Алтангэрэл сайдын тухайд, энэ Засгийн газрын гишүүн. Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг. Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Монгол, Франц улс ураны салбарт хамтран хэрэгжүүлэх төслөө бодит ажил болголоо. Төрийн ордны цонхоор төв талбай руу нэг хараадах даа, Хууль зүй, дотоод хэргийн сайд аа. Цаана чинь танай танхимын хэрэгжүүлэх 14 мега төслийн эсрэг эх орончийн дүрд орж зүсээ хувиргасан хөлсний анархизм идэвхжиж байна. Ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эсрэг ийм үйлдэлд хуулийн хариуцлага тооцох нь, та болон танай харьяа цагдаагийн байгууллагынхны хийх ёстой ажил мөн биз.
URL: