Хуучин орон сууцны үнэ өсчээ
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өсчээ. Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өссөн бол өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тэгвэл хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өсчээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4 сая 600 мянган төгрөг байна. Харин Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5 сая 700 мянган төгрөгийн үнэтэй байна.
2024 оны арванхоёрдугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4 сая 200 мянган төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5 сая 900 мянган төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 33.2 хувь буюу 1 сая гаруй төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт аж. Хан-Уул дүүрэгт 10.3 хувь буюу 438.0 мянгантөгрөгөөр өссөн нь хамгийн бага байна. Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 36.9 хувь буюу нэг сая 600 орчим мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр, Баянзүрх дүүрэгт 12.0 хувь буюу 400 гаруй мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.
URL: