Ээжүүд STEM салбар дахь хүйсийн ялгаанд хэрхэн нөлөөлж байна вэ

image-8fc6854f-d026-405d-95fb-0409f7b67ad8Шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн салбарт эмэгтэйчүүд бага төлөөлөлтэй байсаар ирсэн. Тэгвэл саяхны судалгаагаар ээжүүдийн нөлөө үүнд хэр их байдаг талаар судалжээ. Харвардын Кеннедигийн сургуулийн төрийн бодлогын туслах профессор Микела Карлана, Италийн Каттоликагийн их сургуулийн эдийн засгийн профессор Люсиа Корно нар 11-14 насны 2000 итали хүүхдийг судалгаандаа хамруулж, эцэг эх нь охид, хөвгүүдийг STEM болон хүмүүнлэгийн салбар луу чиглүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг тооцоолжээ. Уг судалгааны талаар профессор Карланатай ярилцсан ярилцлагын хэсгээс орчуулан хүргэж байна.
-Таны судалгааны ажил хүүхдүүдийг сурах чиглэлээ сонгоход эцэг эхчүүд ямар үүрэг гүйцэтгэж болох талаар авч үздэг. Ямар үр дүн гарсан бэ?
-Хүүхдүүдийн сурах чиглэлийг тодорхойлоход эцэг эхчүүд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа ээжүүд охидоо STEM салбараас холдуулж, хүмүүнлэгийн салбар луу чиглүүлэхэд хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байна. Гэхдээ бүх ээжүүд тийм гэсэн үг биш. Энэ ялгаа охидыг STEM салбараас холдуулж, хүмүүнлэгийн чиглэлийг санал болгодог эхчүүдэд голчлон хамаарч байгаа. Сонирхолтой нь бид STEM салбарыг санал болгож буй эхчүүдийн эерэг нөлөөг олж харсан боловч тэрхүү нөлөө маш бага байгаагийн сацуу статистикийн хувьд ач холбогдолгүй байна.
-Аавуудын хөвгүүддээ үзүүлэх нөлөөний талаар юу хэлэх вэ?
-STEM салбарт ажилладаг аавууд эрэгтэй хүүхдүүдэд STEM салбарыг сонгоход тодорхой хэмжээнд түлхэц үзүүлж байгаа боловч охидоо хүмүүнлэгийн салбарыг сонгоход нөлөө үзүүлж буй ээжүүдтэй харьцуулахад тийм ч хүчтэй биш байна.
-Туршилтын аргуудынхаа талаар товч танилцуулбал?
-Бид санамсаргүй байдлаар явуулдаг хяналтын туршилт ашигласан. Эрэгтэй, эмэгтэй холилдсон нэг бүлэг хүүхдүүдээр суралцах салбарыг нь сонгуулсан. Өөр нэг бүлэгт суралцах чиглэлээ сонгохоосоо өмнө ээжийнхээ зөвлөмжийн талаар бодохыг санал болгосон. Харин нөгөө бүлэгт суралцах мэргэжлээ сонгохоосоо өмнө аавынхаа саналыг бодохыг зөвлөсөн. Эрсдэл багатай орчинд байсан ч ээж, аав нь юу санал болгох талаар бодох нь эдгээр сурагчдын сонголтод нөлөөлдөг болохыг ажигласан.
Итали STEM болон хүмүүнлэгийн чиглэлийн тусгаарласан системтэй байдаг. Хүүхдүүд 14 настайдаа тэрхүү замаа сонгодог. Ямар шийдвэр гаргаснаасаа шалтгаалаад өөр өөр сургуульд суралцах болдог. Тиймээс маш өндөр хариуцлага бий болдгоос гадна коллежид суралцах магадлалд хүчтэй нөлөөлдөг. Ийм учраас эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ирээдүйнх нь талаар маш их ярилцдаг гэж бодож байна. Гэсэн хэдий ч дэлхий даяар маш олон хэвшмэл ойлголт байсаар байна.
-Судалгааны явцад таныг гайхшируулсан зүйл байсан уу?
-Хэдхэн минутын турш эцэг эхийнхээ хүсэж буй зүйлийн талаар бодох гэх мэт маш энгийн хөндлөнгийн оролцоо хүртэл хүүхдүүдийн сонголтод гүнзгий нөлөө үзүүлж, тэдний илүү сайн гэж итгэсэн салбараа сонгоход түлхэц үзүүлсэн нь үнэхээр цочирдмоор байлаа.
Бид 200 орчим эцэг эхчүүдийг хамруулсан жижиг хэмжээний туршилтын судалгаа хийж, судалгааны үр дүнг танилцуулсан. Тэд бүгд цочирдож “Одоо би охинтойгоо ярихдаа маш болгоомжтой байх хэрэгтэй юм байна.” гэцгээж байв. Миний хувьд судалгааны дараагийн алхам бол энэ гүн гүнзгий асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бодох явдал юм.
https://itoim.mn/a/2025/01/20/other/xzs?61b3aa51eff6d14afa04d7df3848c0d2

URL: