Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилжээ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн авлигын хэрэгт холбогдож өнгөрсөн есдүгээр сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүний оронд Эрүүл мэндийн сайд, дэд сайд асан С.Энхболдыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилжээ. Тус газрын шинээр томилогдсон дарга С.Энхболд нь ч мөн авлигын хэрэгт холбогдсон юм. С.Энхболдод нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж, нарийвчлан шалгах саналыг 2024 оны аравдугаар сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорт хүргүүлжээ. Улмаар тухайн саналыг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татах тогтоол баталсан байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболдыг “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн буруутгасан юм.
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ж.Чинбүрэн гишүүн авлигын хэрэгт холбогдсон хүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томиллоо хэмээн шүүмжилж байлаа. Ингэхдээ тэрээр хүний нэр дурдаагүй ч С.Энхболдын тухай ярьж байжээ. Ж.Чинбүрэн гишүүн “АТГ дээр яллагдагчаар татагдаж байсан хүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилж байна. Ийм байж болох юм уу, УИХ-ын дарга аа. Мөнгөний авдрыг сахиад суух хүнийг ингээд тавьж байна гэдэг ямар учиртай юм бэ” хэмээн бухимдсан юм.
URL: