1500 жилийн түүхтэй сүмо нь японуудын үлгэр домгоос эхлээд их ургацын зан үйл, дайчдын бэлтгэл болон хувирч эцэст нь хаанд зориулсан үзвэр, үндэстний бэлгэ тэмдэг болсон гэдэг. Арлын орны үндэсний спортын хамгийн дээд цол нь ёкозүна. Их аварга гэж хүндлэгдэх энэхүү цолыг түүхэндээ 73 хүчтэн хүртсэнээс тав нь монгол бөх юм. Бүр тодруулбал, сүүлийн зургаан ёкозүнагийн тав нь талын Монголоос тодорчээ. Энэ нь монгол аваргуудын халаа тасраагүйн шинж. Хэдийгээр 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас зодог тайлах шийдвэрээ зарласан ч өөр нэг монгол аварга төрж буйг Хоошёорюү зарлалаа. Тэр мэргэжлийн сумогийн 74, Монголоос төрсөн зургаа дахь аварга болох эсэх нь удахгүй тодорхой болно. Магадгүй 75 дахь аварга ч Монголоос төрөхийг үгүйсгэхгүй.
Их аварга гэж хүндлэгдэх энэхүү цолыг түүхэндээ 73 хүчтэн хүртсэнээс тав нь монгол бөх юм. Бүр тодруулбал, сүүлийн зургаан ёкозүнагийн тав нь талын Монголоос тодорчээ.
Дарьгангын хурдан хүлгүүд далавчаа нуусан жигүүртнүүд гэдэг шиг Д.Долгорсүрэн зааны бөхийн удам дэлхийн хаана ч чансаатай юм гэдгийг бахдан харж, баярлан өндөлзөв. Мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын хацү башёд амжилттай барилдаж, эгзэгтэй үед иртэй, хүчтэй, гүн төвлөрөлтэй байсныхаа ачаар богино хугацаанд гурван хүнд барилдаан хийж, аваргын болзол хангасан Хоошёорюү С.Бямбасүрэнгээр монголчууд бахархаж, омогшиж байна. Үеэл ахынхаа иртэй үеийг санагдуулам барилдсан түүнийг өнөөдөр мэргэжлийн сумо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс “аварга” хэмээн батламжлах буй за. Монголчууд сумогийн 74 дэх аварга Монголоос төрөхийг чих тавин, чимээ чагнан хүлээж сууна. С.Бямбасүрэн бол улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн том хүү Сугаррагчаагийн хүү бөгөөд мэргэжлийн сумод барилдаад ийнхүү хоёр дахь түрүүгээ хүртсэн нь энэ. Түүний ёслолоо үйлдэж буй хэлбэр, биеийн хэлэмж, учраа бөхдөө өгч буй сэтгэл зүйн мэх, гүн төвлөрөл, догшин хэрнээ омог бардам төрх, харц, харизм нь яг л мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга авга ах Асашёорюү Д.Дагвадоржийг санагдуулам хурц эрэмгий дайчин аж.
2002 оны Кюүшюү башёд анх Асашорюү Д.Дагвадорж түрүүлснээр арлын Япон дахь монголчуудын ялалт, амжилтын буухиа эхэлсэн. Тэгвэл 23 жилийн дараа түүний ахын хүү Хоошёорюү үүнийг залгамжилж байна. Сумогийн 74 дэх ёкозүнагаар Сугаррагчаагийн Бямбасүрэн тодрох мөч ирлээ. Тэрбээр 2020 оны Аки башёд анх дээд зиндаад барилдаж, анхны түрүүгээ 2023 оны Нагоя башёд хүртэж байв. Үүнээс хойш 2023 оны Аки башёд озэки цол хүртсэн түүхтэй. Озэки цолтой Хоошёорюү өдийг хүртэл барилдсан бүх башёдоо тавиас дээш хувийн амжилтаа үзүүлсэн юм. Харин өнгөрсөн башёд 13 даваатайгаар үзүүрлэсэн сумогийн холбооныхны анхаарлыг татаж, ийнхүү болзол сонсов. Хацү башёд түрүүлсэн Хошорюү С.Бямбасүрэн “Өмнөх башёгийн сүүлийн өдөр би өөртөө Хацү башёд түрүүлнэ гэж амласан. Энэ башё бол ёкозүна цолны төлөөх башё байлаа. Өдөр бүр бүрэн анхаарлаа төвлөрүүлж, ялалт авахыг зорилоо. Дэвжээний багш маань барилдаан бүрдээ хүссэнээрээ барилдаж, сайхныг нь мэдэр гэж хэлсэн. Энэ үгс намайг урамшуулсан. Би хэт их бодож байснаа ойлгосон. Харин багшийнхаа зөвлөсний дараа эерэг хандлагатайгаар сумогоо төвлөрч хийж чадсан” гэлээ. Өдгөө 25 настай Асашорюү Д.Дагвадоржийн үеэл дүү Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөлөөс албан ёсоор ёкозүна цол хүртсэн тухайгаа сонсож, зөвшөөрлөө авна. Хошорюү Хацү башёгийн түрүүгээ ахлах сургуулийнхаа багш Томохиро Осавад зориулжээ. Энэхүү эрхэм Хоошёорюүг анх сумотой танилцуулж, Японд авчирсан гэнэ. Харамсалтай нь 2024 оны есдүгээр сард таалал төгсчээ.
Японы мэргэжлийн сумогийн түүхэнд Ерөнхий сайдаас цом гардсан гурван монгол бөх бий. Эхнийх нь сумогийн 68 дахь их аварга Асашёорюү. Тэрбээр 2005 оны арваннэгдүгээр сарын 27-нд тухайн үеийн Японы ерөнхий сайд Коизүми Жүничирогоос цом авч байлаа. Харин хоёр дахь нь 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал юм. Тэгвэл өчигдөр Хоошёорюү С.Бямбасүрэн Японы одоогийн ерөнхий сайд Ишиба Шигэрүгээс Ерөнхий сайдын цомыг гардлаа. 68 дахь их аварга Асашёорюү, 69 дэх их аварга Хакүхо нараас хойш Монгол дахь сумогийн үзэгчийн тоо цөөрсөн бол өчигдөр хүн бүр цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухалж, Хоошёорюүг уухайлан дэмжив.
Энэ башёд гурван маэгашира цолтонд өвдөг шороодсоны дараа Хоошёорюүгийн ёкозүна цолонд хүрэх мөрөөдөл салхинд хийсэх шиг болсон. Өөрөөр хэлбэл, дахин нэг башё хүлээх шаардлага гарах нь хэмээн үзэгчдийн хүлээлт багасах нь тэр. Гэвч Хоошёорюү мөрөөдлөө бодит болгож чадлаа. Тэр сэтгэл зүй сайтай, бас азтай байлаа. Хэрвээ их аварга Тайхогийн зээ хүү Оохо Казахстаны бөх Кинбозанд өвдөг шороодсон бол манай хүний зорилго нурах байв. Даанч тийм зүйл болсонгүй. Хацү башёд онцгой байсан Оохогийн ялалт Хоошёорюүд итгэл, эрч хүч бэлэглэсэн нь дамжиггүй. Нэмэлт барилдаанд озэки Хоошёорюү цолны, туршлагын, сэтгэл зүйн хувьд илүү гэдгээ харуулж хоёр дахь удаагаа Эзэн хааны цом өргөлөө. Огшоосон, түгшээсэн, догдлуулсан түрүү байлаа. Баярлалаа, Хоошёорюү С.Бямбасүрэн. Сумогийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээж байя даа.
https://itoim.mn/a/2025/01/27/sport/hzy?a868545ff539f5400273d8877db64060