Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
УИХ-ын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зүгээс Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.
Энэ үеэр тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг танилцуулж, янжуур болон электрон тамхины хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийхээр ажиллаж буй талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт хэд хэдэн газарт доголдож байна. Ажлын хэсгийн хүрээнд хуралдаж, мэдээллүүдээ нэгтгээд үзэхэд сургууль, цэцэрлэгийн 500 метр орчимд тамхи, тамхин бүтээгдэхүүн хэрэглэх, зарж болохгүй гэх заалт байгаа ч яг үнэндээ хэрэгжихээ больсон.
Энэ заалт нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын очсон газарт нь тамхи ил байдаг, худалдаж авдаг боломжийг бууруулах зорилготой юм. Тиймээс илүү сайн хэрэгждэг хууль болгохын тулд ажиллаж байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийн тооны асуудал гарч ирнэ. Архины тусгай зөвшөөрлийг хязгаарлаж чадсан шигээ тамхины тусгай зөвшөөрлийг хязгаарлах дээр судалгаа хийж байна.
URL: