Е.Сагсай: Прокурорын байгууллагын яллах чиг үүрэгт халдсан үндэслэлгүй мэдээлэл цацаж байна

-ШҮҮГДЭГЧ НАРЫН ГЭМ БУРУУГ ХАНГАЛТТАЙ НОТОЛСОН-

Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Е.Сагсайгаас  зарим нэг зүйлийг тодрууллаа.

-”Долдугаар сарын 1″-ний үймээний хэрэгт шүүгдэгчээр татагдсан хүмүүсийн өмгөөлөгчид “Прокурорынхон нэг талыг барьсан мэдээлэл цацаж байна” хэмээн шүүмжлэлтэй хандах болов. Үүнийг хэвлэлээс харсан байх. Энэ  тал дээр байр сууриа илэрхийлэх үү?

-Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагад тухайн үед удирдах албан тушаал хашиж байсан хүмүүст мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

Энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн шүүхээр хэлэлцүүлэхээр шилжүүлсэн. Шүүх хурал зарлагдсан боловч тодорхой хугацаагаар хойшилсон байгаа. Анхан шатны шүүх хурал болоогүй байна. Гэтэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгдэгчийн өмгөөлөгч гэх О.Алтангэрэлийн ярьсан зүйлээс харах юм бол “Прокурорын байгууллага үймээний хэрэг нотлогдсон мэтээр мэдээлэл хийж байна. Шүүх хэргийг хэлэлцээгүй байхад прокурорууд хэрэг нотлогдсон хэмээн байр сууриа байнга илэрхийлж нэг талыг барьж байна” хэмээн дүгнэлт хийсэн зүйлс ярьсан байна.

УЕП-ын дэргэдэх  Мөрдөн байцаах алба энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Шалгах ёстой бүх нөхцөл  байдлыг шалгаж тогтоосон. Хэргийн талаар цуглуулбал зохих эрүүгийн хэрэгт хамааралтай бүх нотлох баримтуудыг  хангалттай баримтжуулсан. Тэгэхээр энэ хэрэгт хангалттай нотлох баримт бүрдсэн гэсэн үг. Шүүгдэгч нарын гэм буруугүйн асуудлыг шүүхээр хэлэлцүүлэхээр өгсөн. Яллах хангалттай баримт бий гэж прокурор хэргийг шүүхэд шилжүүлсэн. Прокурорын байгууллага энэ байр суурин дээрээ байгаа. Бид яллах чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллага. Энэ чиг үүргийнхээ хүрээнд мөрдөн байцаалтаар тогтоогдсон баримтыг үндэслэн яллах дүгнэлтээ үйлдсэн. Одоо зөвхөн гэм буруугүйн асуудлыг шүүх шийдэх ёстой. Шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон. Түүнээс шүүхэд нөлөөлөх байдлаар прокурорын байгууллага нэг талыг барьж байр сууриа илэрхийлсэн зүйл байхгүй. Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүх хурал болохоос өмнө прокурорын байгууллагыг үндэслэлгүй буруутгаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн явдал.

-Яагаад?

-Шүүх эрх мэдлийн байгууллага хэнээс ч хараат бус  байж шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлэх ёстой.  Анхан шатны шүүх хурал болоогүй байхад шүүгдэгч нарын өмгөөлөгчид урьдчилсан байдлаар дүгнэлт хийж, буруутгасан мэдээлэл цацаж байгаа нь шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд халдсан.  Мөн прокурорын  байгууллагын яллах чиг үүрэгт халдсан үндэслэлгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байна гэх үндэслэл бий.

-Таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна шүү дээ. Одоо тэгээд яах юм бэ, Прокурорын байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

-Шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчихсан шүү дээ.

-Шүүгдэгчид  эмнэлгээсээ хөдлөхгүй байна шүү дээ?

-Гагцхүү эрүүл  мэндийн байдлаар гэдэг шалтгаанаар  эмнэлэгт  хэвтээд байгаа. Гэхдээ журамд  зааснаар  нарийн мэргэжлийн эмч шаардлагатай бол цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хүмүүсийг цагдаагийн харуул хамгаалалтын дор эмнэлэгт хэвтүүлдэг журам бас бий. Одоохондоо энэ журмын хүрээнд эмнэлэгт байгаа гэж ойлгож байна. Ер нь шүүхийн захирамж гараад  нэгэнт таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол цагдан хорих байранд таслан сэргийлэх арга хэмжээгээ эдлэх ёстой. Цагдан хорих төв шинээр баригдсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, тэндээ нэгдсэн эмнэлэгтэй. Тэнд бүх төрлийн  оношлогоо, шинжилгээ нарийн мэргэжлийн  эмчээр  эмчлүүлэх гэх мэтээр  эмнэлгийн үйлчилгээ авах бүрэн боломжтой.

-Үйл явдлыг хуулийн байгууллага бус шүүгдэгч нар өөрсдөө хөтлөөд яваад байгаа юм биш үү?

-Шүүгдэгчид өөрсдөө  үйл явдлыг хөтлөөд яваад байгаа юм уу гэдэгт дүгнэлт хийх бололцоо алга. Үнэхээр эрүүл мэндийн байдал нь муу байвал хэцүү л байх л даа.

-Хошууч генерал Ч.Амарболд хурандаа О.Зоригт Ш. Батсүх гурав гурвуулаа чихрийн шижинтэй гэж байх уу?

-Мэдэхгүй юм аа, мэргэжлийн эмч биш учраас шууд хэлэх боломж алга.

Г.ЯЛГУУН


URL:

Сэтгэгдэл бичих