Трамптай тэрсэлддэг CNN-ийн сэтгүүлч Жим Акоста ажлаа орхилоо
CNN-ийн дотоод мэдээний ахлах сурвалжлагч Жим Акоста шууд эфирийн үеэр ажлаа орхиж буйгаа зарлажээ.
Үүний дараа Трамп өөрийн дуртай “Truth Social” платформ дээр түүн рүү дахин дайрч “Пөөх, үнэхээр гайхалтай мэдээ. Жим Акоста бол сэтгүүлзүйн түүхэн дэх хамгийн муу, хамгийн шударга бус сурвалжлагчдын нэг, жинхэнэ өөдгүй амьтан. CNN-ийн хуурамч мэдээний баг түүнийг маш бага үзэгчтэй, авьяасгүй учраас шөнийн 00:00-02:00 цагийн ‘үхлийн бүсэд’ цөллөө” хэмээн Трамп бичсэн байна.
Түүнийг шөнийн 00:00-02:00 цагийн ээлжид томилох саналыг тавьсан ч тэр татгалзаж, ажлаасаа гарахаар болсон байна.
Тэрээр цааш нь “Түүнийг гарахыг хүсэж байгаа гэсэн мэдээлэл байна. Хэрвээ үнэн бол бүр ч сайхан хэрэг. Жим бол хаана ч очсон бүтэлгүйтэх хувьтай жинхэнэ ялагдагч /loser/. Амжилт хүсье, Жим!” гэж нэмжээ.
Акоста мягмар гарагт өглөөний цагаар гардаг өөрийн нэвтрүүлгийг цуцалсны дараа CNN түүнийг шөнийн 00:00-02:00 цагийн ээлжид томилох саналыг тавьсан ч тэр татгалзаж, ажлаасаа гарахаар болсон байна.
Тэрээр сүүлийн нэвтрүүлгийнхээ төгсгөлд үзэгчдэдээ хандан “Энд хамтран ажилласан гайхалтай багийнхандаа баярлалаа. Би CNN-д 18 жилийг өнгөрөөж, энэ хугацаанд мэдээ хүргэхдээ үнэнч байхыг хичээсэн. Гэхдээ цаашдаа өөр зүйлс дээр төвлөрөхөөр шийдлээ” хэмээн хэлжээ.
Акоста карьерынхаа оргил үеийг Барак Обамагийн 2016 онд Кубад хийсэн айлчлалыг сурвалжилсан явдал хэмээн тодорхойлж, студиэс сүүлчийн үгээ хэлэхдээ “Кубаас дүрвэсэн хүний хүүгийн хувьд би нэг зүйлийг ойлгосон. Дарангуйлагчдын өмнө бөхийх цаг хэзээ ч ирдэггүй. Эрх мэдэлтнүүдийг хянах нь хэвлэлийн үүрэг гэж би итгэдэг. CNN-д байхдаа би үүнийг хийхийг хичээсэн, цаашдаа ч үүнийг үргэлжлүүлэх болно” гэжээ.
Жим Акоста болон Дональд Трамп олон жилийн турш зөрчилдөж ирсэн нь ихэвчлэн Акостагийн түрэмгий асуулт асуудаг хэв маяг болон Трампын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа CNN-д хандах дайсагнасан хандлагатай холбоотой. Тэдний зөрчил Трампын ерөнхийлөгч байх үед улам хурцадсан бөгөөд хэд хэдэн гол үйл явдал үүнд нөлөөлсөн юм.
2018 оны 11-р сард, Цагаан ордонд
1. Хэвлэлийн бага хурал дээрх мөргөлдөөн – Акоста Цагаан ордны хэвлэлийн хурлуудын үеэр Трампыг байнга хурц асуултаар шахаж, цагаачлал, Оросын мөрдөн байцаалт болон хэвлэл мэдээлэлд чиглэсэн дайралтуудын талаар ширүүн асуулт тавьдаг байв. Трамп түүнд уурлаж, CNN-ийг “хуурамч мэдээ” хэмээн үгүйсгэж, Акостаг байнга доромжилдог байжээ.
2. 2018 оны хэвлэлийн үнэмлэхний маргаан – 2018 оны 11-р сард болсон нэгэн хэвлэлийн хурлын үеэр Акоста Трамптай халз маргалдаж, асуултаа үргэлжлүүлэхийг оролдсон. Трамп түүнд уурлан өөр сэтгүүлчид үг өгөхийг шаардахад Акоста микрофоноо өгөхөөс татгалзсан. Үүний дараа Цагаан ордон түүний хэвлэлийн үнэмлэхийг түр хассан. CNN Трампын засаг захиргааг шүүхэд өгч, шүүх Акостагийн талд шийдвэр гарган үнэмлэхийг нь буцаан олгосон.
3. Трампын CNN-ийг чиглэсэн дайралтууд – Трамп CNN-ийг байнга “хуурамч мэдээ” хэмээн нэрлэж, Акостаг “бүдүүлэг, аймшигтай хүн”, “жинхэнэ өөдгүй амьтан” гэж доромжилдог байв. Харин Акоста Трампыг худал мэдээлэл тарааж, ардчиллын зарчмуудыг уландаа гишгэж байна гэж шүүмжилж байжээ.
4. Акостагийн ном ба үргэлжилсэн шүүмжлэл – 2019 онд Акоста “Ардын дайсан: Америкт үнэнээ хэлэхэд аюултай цаг үе” нэртэй ном бичиж, Трампын засаг захиргааг хэрхэн сурвалжилсан тухайгаа өгүүлжээ. Тэрээр Трампыг чөлөөт хэвлэлтэй дайн хийсэн хэмээн буруутгасан байна.
Тэдний харилцаа байнга хурц байсан бөгөөд Акоста өөрийгөө эрх мэдлийг хянах сэтгүүлч гэж үздэг байсан бол Трамп түүнийг хэвлэл мэдээллийн нэг талыг барьсан үзэл бодлын билэг тэмдэг гэж хардаг байв. Трамп албан тушаалаасаа буусны дараа ч тэдний зөрчил үргэлжилсээр байжээ.
Эх сурвалж: AP news
URL: