Ринчиннямын Амаржаргалын ярилцлагаас онцлох ишлэлүүд

476449247_1034324218715276_2748407244573852627_n“Өдрийн сонин”-ын 2025.02.10-ны дугаарт нийтлэгдсэн Ринчиннямын Амаржаргалын ярилцлагаас онцлох ишлэлүүд: – Өнгөрсөн 25 жилд монголчууд хөгжил, дэвшлийнхээ төлөө зүгээр суугаагүй, эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн болохоор нийгэм урагшилсан байж таарна. Урагшилсан гэдэг нь статистик тоо баримтаар харагддаг. – Саяхан нэгэн арга хэмжээн дээр манай улсад Япон улсыг төлөөлж суугаа Элчин сайдтай тааралдахдаа “Сүүлийн 30 жилд Монгол Улс олон талбарт, өргөн цар хүрээтэй хөгжиж байна. Монголын нийгэмд, улс орны хөгжилд асар том өөрчлөлт гарсан” гэж ярьж байна. Гадны нэлээд хэдэн зочноос ингэж сонссон. Тэгэхээр бид дотор нь байгаа учраас статистик тоогоор илэрхийлэгдсэн хөгжлийн хэмжүүр тоонууддаа итгэхийг хүсдэггүй, ололт гэж боддоггүй, шүүмжилмээр талуудыг илүү олж хардаг. – Гучхан жилийн дотор Монгол Улсын ДНБ, нэг хүнд ногдох ДНБ, эхийн болон нялхсын эндэгдлийн бууралт, дундаж наслалтын өсөлт, боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилчдын тоо яаж нэмэгдэв гээд тоонуудаа харахад аль ч улс орон атаархмаар үзүүлэлттэй болсон. Гайхамшигтай. – Цаашид бид эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралын чанарт нөлөөлөхөд анхаарах нь чухал хэдий ч чанартай өсөлт буюу хэр шударга замаар өссөн эсэхийг анзаарах, нэг шалгуур болгож цэгцлэхгүй бол тун эвгүй зүйл рүү хөтлөх нь гэж бодож байна. Үүнийг л Л.Оюун-Эрдэнэ зөв мэдэрч, олж хараад, зэрэгцүүлж хийчих гээд “зодуулаад” байгаа нь энэ юм болов уу даа. – Би чинь гурван Засгийн газар огцорсны дараах Ерөнхий сайд. Угаасаа нэг жилийн дараа сонгууль болох байсан. Тухайн үед нийгмийн сэтгэлзүй нь “Засгийн газар ингээд огцорчихно гэж байдаг юм уу” гэж гайхаж дуусаагүй байтал дараалан гурван Засгийн газар огцорчихсон, ард иргэд төр засагт итгэхээ больсон байв. Зах зээлд шилжсэний үр шим гэгчийг ард түмэнд мэдрүүлэх, амсуулахыг хичээсэн. Энэ бол Ерөнхий сайд хүний хувьд “гашуун” нөхцөл байдал. Гэхдээ чадах бүхнээ хийж амжих ёстой. Юуны өмнө банкны тогтолцоог цэгцэлсэн. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед эхэлсэн боловч дуусгаагүй, холион бантан болчихсон байсан юм. – Зөвхөн төрд очиж, төсөвт ойрхон байж, захиран зарцуулах ямар нэг байгууллагад оролцож ажилласнаар амьдралаа залгуулна, амьжиргаагаа дээшлүүлнэ гэсэн сэтгэл өвөрлөж УИХ, Засгийн газарт орж ирсэн, аймаг, сумын Засаг даргаар томилогдсон хүмүүс байж болохгүй. Энэ л Монголыг сүйтгэж байгаа юм. Төрийн албыг ийм хүмүүсээс цэвэрлэх ёстой. – Төрийн өмчийн реформ бол маш зөв. Энэ талаар би У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад нь хэлж байсан. “Төрийн өмчит компаниудаа хувьцаат компани болгож, олон нийтийн хяналтад оруулах ажлыг хурдан хийх хэрэгтэй. Ураг төрлийн холбоотой, эрх ашгийн сонирхолтой, ур чадвар муутай хүмүүс тэнд ажилласнаар үр ашиггүй болгож байна. Чадвал менежментийн багийг нь гадаадын компаниудаар удирдуулдаг бол. Тэгвэл улс төрийн нөлөө бүхий хүмүүс очоод шахаа хийгээд байж чадахгүй” гэж. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ч хэлж байсан. Одоо л ажил хэрэг болж эхэлж байна. Үүнд баяртай байна. – Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд таны дээр ярьсан орлогын ялгарлын эсрэг буюу авлигатай тэмцэж шударга ёсыг тогтоохоор зарлаж, ажиллаж эхэлсэн.Үүнийхээ үр дүнд улс төрд олон ч “дайсантай” болж, энэ түүний Засгийн газрын “насжилт”-д хүчтэй нөлөөлөл үзүүлэх бололтой. Арга барил, шат дарааллын хувьд хэр зөв ажиллаж байна вэ? -Хар, эсвэл цагаанаар будах боломжгүй. Алдаа, оноо олон бий. Ерөнхий хандлагаас нь харахад юм нэг хөдөлчих, явчих гээд байгаа “Уур амьсгалаа мэдэрчихлээ” гэж бодож байна. Улстөрчийнхөө хувьд дээр миний шүүмжилсэнчлэн долоо хоногоор, хамгийн уртдаа нэг сараар ажлаа төлөвлөөд байгаа мэт харагддаг. Угаасаа зүй тогтол, том зорилгоо 30 жилээр, бүр цаашилбал 300 жилээр харах чадвар одоохондоо эд нарт байхгүй. Нас нь арай “нялх” юм. Тодорхойлолтоороо байхгүй. Залуу байгаа нь тэд нарын буруу биш л дээ. – Би Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа зарим ажлыг ихэд ойшоож байгаа. Тухайлбал, гурван шилжилтийн тухай ойлголтыг хэлж болно. Ногоон, дижитал, хүний нөөцийн шилжилт. Энэ талаар олон нийтэд та сэтгүүлчийн хувьд тайлбарлаж өгөх хэрэгтэй. Энэ бол хийх үү, үгүй юу гэсэн сонголтгүйгээр гарцаагүй хийгдэх ёстой зүйл юм шүү. – Н.Учрал сайд Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа “Төрийн албан хаагчдын тоог 30 хувиар цомхотгоно” гэж байна лээ. Хэрэв тэгж чаддаг бол үнэхээр сайн байна. Тэгэхээр ногоон, дижитал, ажиллах хүчний гэсэн гурван шилжилт бол ёстой л бодлогын чанартай том арга хэмжээ болох юм. Дижитал шилжилт Н.Учрал, ногоон шилжилт С.Одонтуяа сайдын асуудал огт биш. Төрийн бүх байгууллага, бизнесийн салбарууд, нийслэлийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд бүгдэд нь хамаатай. – Бид сайн шүүмжилж байна. Харин бидэнд байгаа давуу тал юу байна гэж ололт амжилтаа зөв үнэлж дүгнэх тал дээр учир дутагдалтай харагддаг. Жишээ манай улсад “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжиж байхад гадны хөрөнгө оруулалт татах, “Орано майнинг” хэмжээний томоохон гэрээ хэлэлцээр хийх тухай санахын ч хэрэггүй байв. Зөвхөн өнөөдөр бид “орших уу, эс орших уу” гэдэг нөхцөлд байсан. Харин бид өнөөдөр гадаад харилцаа нээлттэй, бие даасан бодлоготой байна. Хөгжлийн түвшин харьцангуй ахиж, дундаж орлоготой улс орнуудын жагсаалтад орчихлоо. Хэдийгээр доод хэмжээний дундад тооцогдох боловч дундаждаа орж чадсан. Нэгэнт энэ ангилалд орчихоор “Стэнд бай” гэгчээс ангижирч санхүүгийн өөр механизмтай болчихож байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, санхүүгийн институтууд Монголд мөнгө өгөх боломжтой болж байна. Тэр ч байтугай гадны улс орнуудын тэтгэврийн сангууд ч орж ирэх сонирхлоо илэрхийлэх боллоо. Энэ мэтчлэн санхүүгийн эх үүсвэрүүд эрс нэмэгдэж байна. Тиймээс томоохон төслүүдийг хэрэгжүүлэх цаг үе, санхүүгийн эх үүсвэрийн нөхцөл тохиочихоод байна. – -Та мега төслүүдийн талаар ямар бодолтой байна вэ. Дээр дурдсан санхүүгийн болон цаг үеийн факторт суурилсан бодитой төслүүд үү, эсвэл нэр хүнд олох, суудалдаа удаан суух гэсэн залуу Ерөнхий сайдын мөрөөдлийн жагсаалт уу? -Сэтгүүлч та нар хүртэл асуудалд ингэж хандаж болохгүй, юу нь бүтэх, эс бүтэх талаар судалж, олон нийтэд тайлбарлаж мэдээллэж өгөх үүрэгтэй. Би 14 мега төслийг бүгдийг нь дэмжиж байгаа. Хэрэгтэй болоод л, зайлшгүй хийх ёстой цаг үе нь тулчихсан учраас л гаргасан ажлын төлөвлөгөө. Үүнийг одоо хэрэгтэй юу, үгүй юу гэж ярилцах нь ч утгагүй. Ер нь заавал эдийн засгийн шалгуур тавьж, үр ашиг харах албагүй том төлөвлөгөө аль ч улс оронд байдаг. Тухайн улс орны хөгжлийн шатанд зарим төслийг ашиг харахгүй, бодлогын чанартай хэрэгжүүлэх шаардлагатай байдаг юм. Тийм ганц нэг төсөл энэ 14 дотор байна. Төслүүдийн талаар ярихдаа нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Эдгээр төслийн аль нь ч алга урвуулахын дайтай амархан ажил биш. Үе шаттай явагдана. “Эхэлнэ” гэдэг ямар хэцүүг эхэлж үзсэн, хийж байгаа, хэцүүг нь мэдэх хүмүүс л ойлгоно. Энэ бол том ахиц. Хамгийн гол нь дээрх мега төслүүдийг санхүүжүүлэх механизмууд нь тодорхой бөгөөд боломжтой болчихоод байна. Үүн дээр ажиллаж чадах монгол хүмүүс, шинжээчид хэчнээн байна вэ, тэд шударга ажиллаж чадах уу гэдэг асуудал чухал.


URL: