Ц.Мөнхтуяа гишүүнийг намын дарга нь өмөөрөв

327830-12022025-1739342455-1079258148-munhtuyaУИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяатай холбоотой асуудлаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс сэтгүүлчид асуулт асууж, тодруулав.

Гишүүн Ц.Мөнхтуяа төрийн бус байгууллагын нэрээр өнчин хүүхдүүдэд байр авч өгөхөөр хандив цуглуулжээ. Гэвч тухайн  мөнгийг нь өөр зүйлд зарцуулан, орон сууцыг нь бусдын нэр дээр авсан гэх асуудалд холбогдоод байгаа юм. Мөн олон нийтийн сүлжээнд ёс зүйгүй үйлдэл гаргаж, иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм.

Тодруулбал, 2022 онд Ц.Мөнхтуяа гишүүн Монголын Үйлдвэрчний эвлэлийн хороогоор дамжуулж өнчирч үлдсэн 4 хүүхдийг орон сууцтай болгоно хэмээн 80 орчим сая төгрөгийн хандив цуглуулжээ.

Гэвч саяхан цахим сүлжээнд өнчин 4 хүүхдийг байрнаас нь хөөж гаргаад, ядарсан ахмад багшийг оруулна гэж видео бичлэг тавьсан нь олны дургүйцлийг хүргэсэн. Мөн өөрийнх нь “мууг үзсэн зарим хүмүүс шоронд, зарим нь шороонд булагддаг” гэж бичин ёс зүйгүй үйлдэл гаргасан юм. Түүнчлэн тэрээр хандивын мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулж, тухайн орон сууцыг хувь хүний нэр дээр авчээ.

Энэ талаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр ”Яг ямар асуудлыг болсныг мэдэхгүй байна. Гэхдээ Мөнхтуяа гишүүн боловсролын салбарт бугшсан авлигатай ганцаараа тэмцэж, олон ч хүнтэй хэрэлдлээ. Хэдэн захирлуудтай үзэлцсэн биз дээ. Ц.Мөнхтуяа гишүүний хэдэн жилийн өмнөх бичлэгийг тодорхой хүмүүс сэвээд байгааг сонссон. Ардчилсан намын гишүүдийн нэр хүндийг унагаах зорилготой байх.

Сэтгүүлч: Ц.Мөнхтуяа гишүүн өөрөө хандивын мөнгийг өөр зүйлд зарцуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд тодруулга өгсөн. Гэхдээ хүүхдүүдийг байранд байлгаж байгаа гэсэн. Энэ асуудал дээрх таны байр суурь?

Л.Гантөмөр: Мэдэхгүй ээ. Мөнгөний асуудлыг Шүүхээр шийдүүлээд, өөрөөс нь асуусан дээр байх. Тэр байтугай хулгай дээрэм хийсэн хүмүүс төрийн ордноор дүүрэн хэсүүчилж байна. Та нар ганц багш хүнээр оролдоод болж байгаа юм уу. Би бол тэр хүнийг мөнгө авсан гэж бодохгүй байна. Хэрвээ авсан нь эцэслэгдчихвэл өөртөө нь уулзъя л даа. Хүний мөнгийг авсан бол хариуцлагаа хүлээх л байх даа.

Багш нарын төлөө зүтгэх хүнийг Ардчилсан намд оруулж ирсэн. Жирийн багш, жирийн эмч нар УИХ-д ороосой гэж хүссэн дээ, үзээтэй хүнийг оруулж ирсэн” гэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяаг “жирийн багш хүн” гэж тодотгодог. Гэвч түүний намтар УИХ-ын албан ёсны сайтад алга байгаа бөгөөд хаана ямар ажил, юу хийж байсан нь тодорхойгүй байна.


URL: