Э.Оюунболдын барилдах эрх хэзээ сэргэх вэ

unnamedУлсын заан Б.Соронзонболд, улсын харцага А.Бямбажав нарын тэргүүтэй хэд хэдэн бөхчүүд допингийн зөрчил гаргасан  улсын арслан Э.Оюунболдыг энэ жилийн Сар шинийн баярт зориулсан барилдаанд барилдах ёстой гэх байр суурийг хурцаар илэрхийлэв. Э.Оюунболд уучлал гуйгаад л барилдахад болно гэж нийгмийн сүлжээнд нэг биш удаа хэлсэн нь олон мянган хүний талархалыг хүлээжээ.

Улсын арслан Э.Оюунболдын тухайд 2023 оны хоёрдугаар сард Сар шинийн барилдааны үеэр допингийн шинжилгээнд бүдэрсэн байдаг. Энэ нь түүний хувьд гурав дахь удаагийн тохиолдол нь. Дээрх шинжилгээг МҮБХ-ноос санаачлан авсан бөгөөд Э.Оюунболдын барилдах эрхийг 2.4 жилийн хугацаагаар хасах шийдвэрийг гаргасан юм. Түүний хувьд нийт шийтгэлийн хугацааны дөрөвний  гурвыг эдэлсэн бөгөөд одоогоор зааланд хэрэглэлтэй бэлтгэл хийх эрх нь нээгдсэн. МҮБХ-оос оноосон шийтгэлийн хугацаагаар бол Э.Оюунболдын барилдах эрх нь ирэх тавдугаар сард сэргэх учиртай. Шийтгэлийн хугацаандаа ямар нэгэн барилдаанд зодоглож ноцтой зөрчил гаргаагүй Э.Оюунболд ердөө хоёр сарын дараа л зодгоо өмсөөд гараад ирэх боломжтой гэсэн үг. Харин шийтгэлийн хугацаанаас өмнө барилдуулах асуудалд бөхчүүд, бөхийн хүрээнийхэн хоёр байр суурийг илэрхийлж байгаа юм.

Допингийн зөрчил гаргасан бөхчүүдээс зөвхөн Э.Оюунболд л дэвжээний гадна үлдлээ. Түүний тухайд алдаагаа ухамсарлаж уучлал гуйгаад дэвжээндээ гарахад болохгүй зүйл байхгүй. Допингийн зөрчил гаргасан бөхчүүд холбоондоо хүсэлт өгч, уучлал хүсээд шийтгэлийн хугацаанаас өмнө барилдсан хэд хэдэн тохиолдол бий гэх байр суурийг илэрхийлж буй.

Нөгөө талд Э.Оюунболд МҮБХ-ноос оноосон шийтгэлийн хугацаанаас өмнө дэвжээнд гарвал үндэсний бөхөд буруу жишиг тогтоно гэх байр суурийг илэрхийлэх улс ч нэг биш байна. Хэрэв Э.Оюунболд МҮБХ-нд бичгээр хүсэлт өгч, уучлал гуйгаад шийтгэлийн хугацаанаас өмнө,  энэ жилийн Сар шинийн барилдааны үеэр  дэвжээнд гарвал араас нь улсын гарьд М.Бадарч мөн уучлал гуйгаад барилдах боломж гарч ирнэ гэдгийг албаныхан тайлбарлаж байгаа юм. М.Бадарчийн тухайд 2023 оны улсын баяр наадамд түрүүлсэн ч допингийн зөрчил гаргаснаар улсын арслан цолоо хураалгаж, барилдах эрхээ дөрвөн жилийн хугацаагаар хасуулаад байгаа. Хэдхэн бөх л “М.Бадарчийг барилдуулъя” гэж лоозон бариад зогосоход МҮБХ  үйл ажиллагаа явуулахад хүндрэл учрах  юм байна.

Цаашлаад өөр хэн нэгэн допинг шахаж улсын наадамд түрүүлээд байр машинаар шагнуулдаг, эрхээ хасуулсан ч хэсэг нөхдийг Баяр наадам зохион байгуулах комисс, МҮБХ-ны эрсрэг турхираад л шийтгэлийн хугацаанаас өмнө барилддаг буруу жишиг тогтох боломжтой юм байна.

Улсын арслан Э.Оюунболдын зүгээс ч үүнийг ухамсарлаж ирэх тавдугаар сард зодоглохоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дэвжээний бэлтгэлээ хийж эхэлсэн юм байна. Түүний хувьд тавдугаар сард уламжлал болон зохион байгуулагддаг Монгол Улсын аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд зодоглох боломжтой. Ямартаа ч ирэх зуны наадмаар Э.Оюунболд зодоглож энэ цагийн шилдэг хүчтэнүүдтэй их хүчээ үзнэ.

О.ДАШНЯМ

https://tsahiur.mn/n/s/23061


URL: