“18 жил үргэлжилсэн хэлэлцээрт цэг тавьж, түүх бүтээж чадлаа”

Screenshot-2025-05-14-092910-810x500Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх түүхэн өдөр өнөөдөр /2025.05.14/ болж байна. Энэхүү экспортын төмөр замыг барих ажил эхэлж байгаатай холбогдуулж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Хил холболтын төмөр замыг 1.9 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд 979 тэрбум төгрөг зарцуулна. Энэхүү төмөр зам баригдсанаар боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Энэхүү түүхэн мөчийн гэрч болж, хоёр улсын хилийн заагт хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, хөрөнгө оруулагчдад, инженер техникийн ажилтнууд та бүхэндээ нарлаг өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Монгол Улс БНХАУ-ын хооронд 1955 оны хэлбэрээр байгуулсан Замын-Үүд-Эрээний төмөр замаас хойш хийж буй хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын албан ёсны ажил 70 жилийн дараа эхэлж байна. Энэ бол түүхэн өдөр юм. Та бүхэндээ талархал илэрхийлье. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж байсан. Тэрнээс хойш гурван сарын хугацаанд хурдтай хөгжлийн төлөө зориг гарган мэргэжлийн өндөр түвшинд шуурхай ажилласан хоёр улсын Засгийн газрын байгууллагууд, төрийн албан хаагч, аж ахуйн нэгжүүд тэр дундаа “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Тавантолгой”, “Чайна энержи” группийн хамт олон, ажлын хэсгийн сайд нар, мэргэжлийн эрдэмтэн судлаачдад  талархал илэрхийлж, баяр хүргэе. Монгол Улсын хамтарсан Засгийн газраас 14 мега төслийг зарласан. Л.Гантөмөр, Т.Доржханд дарга нар маань хүрэлцэн ирсэн байна.

Том төслийг хөдөлгөнө том эрх ашгийг хөндөнө гэсэн үг. Том сорилтуудтай нүүр тулж, даван гарна. Тийм учраас 18 жилийн хугацаанд үргэлжилсэн энэ хэлэлцээр цэг тавьж, түүх бүтээж чадлаа.

Тавантолгой ордыг эзэмшихийг хүссэн бүлэглэлүүдийн томоохон өрсөлдөөн, Гашуунсухайт-Ганцмод төмөр замын царигийн маргаан зэрэг асуудлууд нүүрсний зах зээлийн дотоод, гадаад өрсөлдөөний олон улсын тоглогчид энэхүү төмөр замыг тавиулахгүй байх нь өөрсдөд нь ашигтай гэж үзсэн явцуу эрх ашгаас үүдэн өнгөрсөн хугацаанд маш их цаг хугацааг алдсан. Харин өнөөдөр хоёр улсын Засгийн газар аливаа гурав дахь этгээдийг оруулахгүйгээр Засгийн газар хоорондын хэлэлцээрийг урт хугацаанд тогтвортой байгуулж, олон жилийн үл ойлголцолд цэг тавьж чадлаа.
Хамтарсан Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын чуулганаар хэлэлцээрийг соёрхон баталсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүд, парламентад суудалтай улс төрийн намууд, ажлын хэсгийн гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улс БНХАУ-тай уул усаараа холбогдсон мөнхийн хөрш орнууд билээ. Өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа нь Замын-Үүд боомт, Энхтайваны гүүр, Улсын их  дэлгүүр зэрэг хоёр улсын найрамдлын бэлгэ тэмдэг болж, ард түмний сэтгэлд хоногшсон нэгэн том бүтээн байгуулалт болж Монгол Улс болон БНХАУ-ын эдийн засгийн түүхэнд тодоор үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ том бүтээн байгуулалтын ажилд буцалтгүй тусламж үзүүлсэн БНХАУ-ын засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлье. Хилийн боомт зөвхөн төмөр замаар холбогдох бус орон нутагт, иргэдэд ээлтэй байх хэрэгтэй. Бид үүний дагуу боомт сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Гашуунсухайт боомтын экспорт, импортыг 22 гарцтай болгож, нэвтрүүлэх хүчин чадлыг нь 2 дахин нэмэгдүүлснээр улсын эдийн засаг, гадаад худалдаанд эерэг нөлөө үзүүлэхээс гадна орон нутгийн иргэдийн амьдрах чадвар, ажил орлогын эх үүсвэрийг шинээр бий болгож чадна гэж үзэж байна. Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэл эрчимтэй хөгжлийн шинэ эрин, шинэ хуудас нээгдэж байна. Монгол Улс “Алсын хараа-2050″ урт хугацааны хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, “Монголын за бол андгай” хэмээх язгуурын зарчмаа хатуу баримтлах болно. Нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, нэг жил 1.5 тэрбум ам.доллараар өсөн нэмэгдэ, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хангагдаж, эдийн засаг тэлэх  үндсэн нөхцөл бүрдэх юм.

Энэхүү экспортын төмөр зам холбогдсоноор олон улсын худалдааны дайн, геополитикийн өрсөлдөөн хурцдаж, тодорхойгүй байдал үүсэж буй энэ цаг үед Монгол Улсын экспорт нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдал хангагдана. Түүнчлэн энэ төмөр зам ашиглалтад орсноор дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх хамгийн итгэлт түнш Монгол Улс байх болно.

Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгагдсаны дагуу Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбох ажлыг эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлсэн дарааллын дагуу дараа дараагийн төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсаныг өнөөдөр илэрхийлэхэд таатай байна.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрс гүн боловсруулах аж үйлдвэр, технологийн салбарт Монгол Улс харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна.

Хурдтай хөгжлийн төлөө Зориг уриатайгаар байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт ийнхүү гараанаас гарч байна.

Засгийн газар үлдэж буй МЕГА төслүүдээ хөдөлгөхийн төлөө хатуугаас хатуу зарчим барьж, алдагдсан цаг хугацааны өртгөө нөхөж, ирээдүйн боломжийг бүрдүүлэхийн төлөө хөрөнгө оруулагчид, Засгийн газруудтай нягт хамтран ажиллах болно гэв

Монгол Улс БНХАУ, ОХУ-тай гурван улсын төмөр зам болон байгалийн хийн хоолой төслүүдийг явуулахын төлөө харилцан ашигтай хэлцлүүдэд идэвхтэй оролцох болно.

Гашуунсухайт-Ганцмод төмөрзам холбогдож, төмөр замаар нүүрс, бүтээгдэхүүн тээвэрлэх тэр өдөр эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.

Мөнх хөх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Мөнхийн хөрш Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин цэцэглэх болтугай” гэлээ.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Энэ бүтээн байгуулалт нь орон нутгийн хөгжилд шууд нөлөө үзүүлэх болно. Хоёр улсын хамтын шийдвэрт олон хүний тууштай хөдөлмөр орсон гэдгийг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлье. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050″ хэрэгжүүлэх шинэ бүтээн байгуулалтаар эдийн засгаа тэлэх бодит хөшүүрэг болгон ашиглана. Энэхүү төмөр замын бүтээн байгуулалт түргэн шуурхай хэрэгжиж, үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Төмөр зам дагаж эдийн засаг сэргэдэг. Хамтын хүч, хурдтай хөгжлийн төлөө урагшлая. Монгол, Хятадын найрамдалд харилцаа мөнхөд бат бэх, эв найрамдалтай байх болтугай.

tumur zam 1
tumur zam 3
tumur zam 4

 


URL: