Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Данийн Вант Улсын Парламентийн дарга болон Засгийн газрын тэргүүнтэй уулзав

Данийн Вант Улсад албан ёсоор айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дани Улсын Парламентын дарга Тор Педерсентэй энэ сарын 8-нд уулзаж, хоёр орны харилцаа, хууль тогтоох байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, харилцан сонирхсон олон улсын зарим асуудлаар санал солилцов. Уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Гүндалай УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, С. Бямбацогт, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Монгол Улсаас Данийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Энхмандах, албаны бусад хүн байлцав.

Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг өнгөрсөн 20 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, иргэдийн оролцоо, хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх талаар үлэмж амжилт олж буйг Дани Улсын Парламентын дарга тэмдэглээд Монгол, Данийн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, авлигагүй цэвэр орчин, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгаа байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй байдлаар хөгжүүлэх чиглэлээр Монгол Улс Хойд Европын улсууд, түүний дотор Дани Улстай хамтран ажиллах сонирхолтой байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон дурдав.
Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Данийн Вант Улсын Ерөнхий сайд Локке Расмуссенийг хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцсан юм. Монгол оронд өрнөсөн ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үйл явцыг эхнээс нь тууштай дэмжиж, “Шилжилтийн шатанд яваа улсуудад туслах хөтөлбөр”-төө хамруулан чөлөөт хэвлэлийг дэмжих, хотын дулаан хангамжийг сайжруулах, ерөнхий боловсролын сургалын хөтөлбөрийг боловсронгуй болгох, фермерийг жижиг аж ахуй байгуулах зэрэг төсөл хөтөлбөрийг хамтран амжилттай хэрэгжүүлсэнд Монголын олон нийт Дани Улсын Засгийн газарт болон даничуудад талархаж байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглэлээ.
Монгол Улс, Европын Холбооны хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ хоёр орны хамтын ажиллагаанд нааштай нөлөө үзүүлнэ гэж үзэж буйгаа Дани улсын Засгийн газрын тэргүүн илэрхийлэв.
Монгол, Данийн хооронд сэргээгдэх эрчим хүч, эрчимжсэн хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломж байгаа хийгээд боловсрол,соёл, шинжлэх ухааны салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан, залуучуудын солилцоог дэмжих, уул уурхай, байгаль орчныг нөхөн сэргээх, цэвэр технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүх нийтийн хүчин чармайлтад өөрсдийн хувь нэмрийг оруулах, энхийг сахиулах олон улсын ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллахаар талууд тогтлоо.
Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт хоршооллын хэлбэрийг амжилттай нэвтрүүлсэн Данийн туршлагыг нэвтрүүлэх, мах, сүү боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцан тохиров.

Олон жилийн түүхтэй , эртний парламентуудын нэг болох Фолкетинг буюу Дани Улсын Парламент Копенгаген хотын төвд 1167 онд байгуулагдсан Кристииансборгийн ордонд сүүлийн 160 гаруй жилийн турш байрлаж байгаа бөгөөд  тус ордонд тус улсын Ерөнхий сайдын алба, Дээд шүүх мөн хамт байрладаг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих