“Онгоц бэлэглэсний төлөө яагаад сүржигнээд байгааг ойлгохгүй байна”

261126-810x500Катараас АНУ-д тансаг зэрэглэлийн Боинг 747-8 онгоц бэлэглэхээр болсон нь гадаадын бэлэг, тэтгэмж болон авлигатай холбоотой хууль тогтоомжийг зөрчсөн гэх маргаан үүсгээд буй. Тэгвэл Катарын ерөнхий сайд Шейх Мухаммед бин Абдулрахман бин Жассим Аль-Тани энэ асуудлын талаар Лхагва гаригт мэдээлэл өгчээ. Онгоц бэлэглэж байгаа нь яагаад тийм том асуудал болоод байгааг ойлгохгүй байгаагаа тэр илэрхийлжээ.

Тэрбээр “Энэ бол ерөнхийлөгч Дональд Трампад хувь хүнд нь өгч буй зүйл биш, засгийн газар хоорондын шилжүүлэг. Катарын талаас ч, АНУ-ын талаас ч ямар ч хувь хүнтэй холбоотой зүйл байхгүй. Трампад нөлөөлөх зорилготой бэлэг гэсэн ойлголтыг үгүйсгэж байна. Харин энэ бол холбоотон орныхоо асуудлыг шийдэх эрмэлзэл юм. Катар хэзээнээсээ АНУ-ын найдвартай түнш бөгөөд АНУ-д туслах, дэмжих байдлаар ажилласаар ирсэн. Энэхүү нөхөрлөл нь нэг талын бус, хоёр улсад ижил тэнцүү ашигтай байх ёстой гэж бид итгэдэг. Энэ бэлгийг хууль эрх зүйн үндэслэлтэйгээр илгээж байгаа болно” гэжээ.

Трамп Даваа гаригт энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө бухимдангуйгаар “Ийм бэлгийг хүлээж авахгүй бол тэнэг хэрэг болно” гэжээ.

АНУ уг онгоцыг “Air Force One” буюу ерөнхийлөгчийн хэрэгцээнд зориулан ашиглана. Гэтэл гадаадын онгоцыг “Air Force One”-ын оронд ашиглах нь аюулгүй байдлын асуудал үүсгэж магадгүй. Учир нь “Air Force One” онгоцыг АНУ-ын ерөнхийлөгч рүү халдсан тохиолдолд хөдөлгөөнт командын төв байхаар бүтээсэн байдаг ажээ.

ЭХ СУРВАЛЖ: NDTV


URL: