Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Данийн бизнес уулзалтыг нээв

Данийн Вант Улсад албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа эхний өдөр 10 дугаар сарын 8-нд Аж үйлдвэрийн холбоонд зочилж, Монгол-Данийн бизнес уулзалтын нээлтэд оролцов. Бизнес уулзалтыг Данийн Аж үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч Ханс Сков Кристенсен нээж үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өөрийн орны хөрөнгө оруулалтын орчин, төр засгийн бодлогын талаар үг хэллээ.

Дэлхийн хоёр том зах зээлийн дундах ардчилсан орон, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой, уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхэлж байгаа зэрэг нь манай улсын хувьд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах хүчин зүйл болох талаар Ерөнхийлөгч онцлон ярив. Ялангуяа Европын хөрөнгө оруулагчдын хувьд манай улсын татварын бодлого тэдний анхаарлыг татаж байна.
Нээлтийн ажиллагаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан яваа Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай болон албаны бусад хүн оролцов.
Бизнес уулзалтад Монгол банкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал Монголын эдийн засгийн ерөнхий тойм, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга З.Баттүшиг Монголын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөх Ч.Ганбат Сайншандын аж үйлдвэрийн парк сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Данийн талаас Аж үйлдвэрийн холбооны газрын захирал Ханс Петер Сленте Данийн эдийн засгийн ерөнхий байдал, өрсөлдөх чадвар, давуу талуудыг танилцуулсан бөгөөд  Дулааны шугам сүлжээний удирдах захирал Е.Б.Кристенсен дулааныг хангахад шинэ, цэвэр технологи, нөхөн сэргээгдэх нөөц баялгийг ашиглах, Монгол Улстай дулааны шугам сүлжээний чиглэлд хамтран ажиллаж ирсэн түүх, туршлагын тухай илтгэл тавив.

Бизнес уулзалтын үеэр Монгол Улсад хөрөнгө оруулах нөхцөл байдал, Дани улсаас дэвшилтэт технологид хөрөнгө оруулах нөхцөл зэргийн талаар тодорхой яригдав.  Дани улс манай улсад хөрөнгө оруулах болон өөрийн улсдаа Монголын хөрөнгө оруулалтыг татаж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг хайж буй нь энэ уулзалтаас тодорхой харагдаж байлаа.

URL:

Сэтгэгдэл бичих