ХӨСҮТ: Зусланд хүүхдээ амраах бол улаанбурхны вакцин хийлгэнэ
-Одоогоор эм тарианы тасалдал үүсээгүй байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд хэт их ачаалал хэтрээгүй. Өнөөдрийн байдлаар нийт орны 86 хувьд улаанбурхны халдвар авсан хүмүүс хэвтэн эмчлүүлж байна. Үлдсэн хувьд сүрьеэ болон гэдэсний халдварт өвчтэй хүмүүсийг эмчлүүлж байна. Бид зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг эмнэлэгт хүлээн авч байна. Иргэдэд гэр зөвлөгөө өгөхдөө бүх мэдээллийг нь нийслэлийн Эрүүл мэндийн газар руу явуулж, тэндээс өрхийн эмнэлэг үүгээ дамжуулж байгаа. Улаанбурхан халдварт өвчний эсрэг дархлаажуулалтыг 9 сартай болон 2 настайд заавал хийдэг товлолт вакцин. Үүнээс гадна нэмэлт дархлаажуулалтаар 6-8 сартай хүүхдүүдийг хамруулж байгаа. Энэ өвчний дэгдэлтийн үед урьдчилан сэргийлж байгаа арга хэмжээ. Энэ өвчний вакциныг Монгол Улс 1970-аад онд анх эрүүл мэндийн салбартаа нэвтрүүлж эхэлсэн. Бүрэн тунгийн хамрагдалттай бол 95-98 хувьд хүн ам өвчлөхгүй.
Сургууль, цэцэрлэг амарсан ч хүүхдүүд зусланд амарч байна. Тиймээс боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж, эрсдэлийн үнэлгээ хийж, зөвлөмж өгч байна.
Хүүхдийн зусланд хүүхдээ амраах гэж байгаа бол 14 хоногийн өмнөөс эхлэн хүүхдийнхээ вакцинжуулалтын мэдээллийг авч, улаанбурхан халдварт өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдуулаарай. Нэг батлагдсан тохиолдлын голомтын хавьталд 72 цагийн дотор дархлаажуулалтыг хийхэд өвдөхгүй байх боломжтой. Тийм учраас иргэд хамтран ажиллаж, зөв ойлголттой байхыг зөвлөж байна.
УЛААНБУРХАН ӨВЧНӨӨР 7 ХҮН НАС БАРАВ
Халдварт өвчин судлалын үндэсний төвд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн хүн нь 6796 байгаа бол эмнэлэгт 691 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал нь хөнгөн 53 хүн, дунд 599, хүнд 37 хүн, нэн хүнд хоёр хүн хэвтэн эмчлүүлж байгааг албаныхан мэдээллээ.
Харин гэрээр 1154 хүн эмчлүүлж байгаа бөгөөд энэ өвчнөөр харамсалтайгаар нас барсан тохиолдол долоо болжээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 72224444, 100 утсанд хандана уу.
URL:





