Данийн Хатан хаан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн зоог барив

Данийн Вант Улсад айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн Данийн Цог Жавхлант Хатан хаан II Маргрете ордондоо хүлээн авч уулзан,  зоог барилаа.  Зоогт Данийн Хатан хааны нөхөр гүн Хенрих, угсаа залгамжлах  ханхүү Фредерик, Дани Улсын Ерөнхий сайд Л.Л.Расмуссен,  Парламентын дарга Т.Педерсон болон албаны бусад хүн оролцов.

Хааны ордон болох Амалиенборг ордноо Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд хаант төрт ёсны уламжлал дэгийн дагуу хүндэт харуул угтан авч хүндэтгэл үзүүллээ. Олон мянган жилийн түүхт Хааны ордны хүндэт зочноо угтах ёслолын дэг журам сүр жавхлантай агаад энэ уламжлал одоо ч хэвээр үлджээ.

Үндсэн хуульт Хаант улсын төрийн тэргүүний хувьд Данийн Хатан хаан бие даан улс төрийн ямарваа нэг шийдвэр гаргах эрхгүй боловч Ерөнхий сайдаар томилогдох хүний нэрийг парламентад өргөн барьдаг, мөн Засгийн газраас гаргасан аливаа шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулдаг юм аж.

Данийн Хатан хаан Маргрете 1972 онд албан ёсоор хаан ширээнд заларчээ. Тэрээр 1412 оноос хойш Данийн Хаан ширээнд сууж буй анхны Хатан хаан юм.

Уран зураг, шашны тухай ном зохиол, дизайны чиглэлээр сонирхон судалдаг Хатан  хаан Маргрете өмнөх хаадаас илүү олон нийтэд ойр дотно нээлттэй хэмээн ард түмэндээ үнэлэгддэг юм байна. Тэрээр Монгол Улсын тухай асууж сонирхон, хааны гэр бүлийнхэн монголчуудад элэгтэй ханддаг тухай ярьж, монголын байгаль, ард түмний амьдралын онцлог, хөгжил дэвшлийн талаар асууж байлаа.

Угсаа залгамжлах ханхүү Фредерикийн оролцсон киноны хэсэг манай улсад 2 удаа ирж, монголчуудын аж байдлыг харуулсан баримтат кино хийж байжээ. Тэрээр мөн Монгол Улс, Данийн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан 2008 онд манай улсад ирж байв. Данийн Хатан хааны гэр бүлийнхэн монголын талаар нэлээн мэдлэгтэй байдаг нь Хатан хааны ордны маршалаар олон жил ажилласан Өргөмжит консул ноён Хаслунд Кристенсентэй холбоотой. Түүний эцэг 1920-1930 онд Монголд амьдарч, тэр тухайгаа таван дурсамжийн ном бичсэн нь Данийн өсвөр үеийнхний дуртай номуудын тоонд ордог байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Данийн Хатан хааны гэр бүлийн гишүүдээс Монгол Улсад айлчлахыг урилаа.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.