Осолдсон “Air India” онгоцны нисгэгчийн бүхээгийн бичлэг ил болжээ

AA1IKco0-768x500“Air India” компанийн өнгөрсөн сард осолдсон нисэх онгоцны нисгэгчийн бүхээгийн бичлэг сэргээгджээ. Үүнд хөлгийн ахмад нь онгоцны хөдөлгүүрт урсах түлшийг удирддаг унтраалгыг унтраасан байж болзошгүй бичлэг үлдсэн байна. Улмаар нисэх онгоц осолдсон байж болзошгүй гэж “Wall Street Journal” Лхагва гаригт (2025.07.16) мэдээлэв.

Тус сонин 260 хүний амийг авч одсон аймшигт онгоцны ослын мөрдөн байцаалтын явцад илэрсэн нотлох баримтыг АНУ-ын үнэлгээний албаны албан тушаалтнуудаас иш татан мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, “Boeing 787 Dreamliner” онгоцыг жолоодож явсан нэгдүгээр офицер өөрөөс нь илүү туршлагатай ахмадаас яагаад нисэх зурвасаас гарсны дараа унтраалгуудыг ”таслах” байрлалд шилжүүлснийг асуусан байжээ.

Нэгдүгээр офицер унтраалгууд унтарсан байгаад цочирдож, сандарч байсан бол хөлгийн ахмад тайван байсан бололтой гэж “Wall Street Journal” мэдээлж байна.

Энэтхэгийн Иргэний нисэхийн ерөнхий газар, “Boeing” болон “Air India”-гийн удирдлагаас дээрх мэдээлэлд тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байгаа юм. Осолдсон хөлгийн ахмад Сумит Сабхарвал нь 15,638 цаг ниссэн туршлагатай байсан бол нэгдүгээр офицер Клайв Кундер 3,403 цаг ниссэн туршлагатай. Энэтхэгийн Онгоцны ослыг мөрдөн шалгах товчооноос өнгөрсөн долоо хоногт гаргасан урьдчилсан тайланд зургадугаар сарын 12-ны ослын өмнөхөн бүхээгт төөрөгдөл үүссэнийг онцолсон байсан юм.

Өдгөө бүхээгийн бичлэг ил болсон тул хөдөлгүүрийн түлшийг таслах унтраалгын талаарх шинэ асуултуудыг хөндөх болсон байна.

ЭХ СУРВАЛЖ: Reuters


URL: