Вакцинжуулалтад тулгарч буй “АСУУДАЛ”
Дэлхий даяар 14.3 сая хүүхэд бүрэн дархлаажуулалт буюу амьдралдаа нэг ч удаа вакцинд хамрагдаж байгаагүй байна. Ялангуяа геополитикийн хурцадмал нөхцөл байдалтай улс оронд байх хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, жил бүр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Хүүхдийн сан хамтарч дэлхийн 195 орны мэдээлэлд үндэслэн, дархлаажуулалтын хамрах хүрээг тооцоолсон дэлгэрэнгүй тайланг гаргадаг. Энэ жилийн тайлан өнгөрсөн Даваа гаригт (2025.07.20) гарсан бөгөөд ерөнхийдөө хүүхдийн эхний хоёр жилийн дотор заавал хийлгэх ёстой вакцинжуулалтад тодорхой ахиц гарсан болохыг онцлон тэмдэглэжээ. Дэлхийн хэмжээнд өнгөрсөн онд 2023 оныхоос илүү 171 мянган хүүхэд вакцинд хамрагджээ. Вакцинд хамрагдсан хүүхдийн тоо нэмэгдсэн нь сайн хэрэг. Гэвч ямар ч вакцинд хамрагдаагүй 14 сая гаруй хүүхэд бүртгэгдсэн нь хүнд өвчин тусах эрсдэл хэвээр байгаад мэргэжилтнүүд санаа зовж байна. Мөн 5.7 сая хүүхэд аль нэг төрлийн вакцинд хамрагдаагүй байгаа юм.
ДЭМБ-ын Дархлаажуулалт, вакцин, биологийн газрын захирал, доктор Кейт О’Брайен хэлэхдээ “Сүүлийн үеийн тоо баримт нь үнэхээр анхаарал татахуйц байна. Олон улсын алсан хараа бол хүн бүр аюулт өвчнөөс хамгаалах вакцинаас ашиг тусыг нь хүртэх явдал юм. Гэхдээ бид маш зузаан шилэн таазыг мөргөөд байна гэж төсөөлж болно. Олон хүүхдийг вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөс хамгаалахын тулд тэр шилийг нэвтлэх нь улам хэцүү болж байна” гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Тэрбээр мөн олон улсын мөргөлдөөн нэмэгдэж, дайны бүс олширч байгаа нь хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах зарим ахиц дэвшлийг бууруулж байгааг анхааруулсан. Ялангуяа бага эсвэл дунд орлоготой орнуудын хүүхэд вакцинд хамрагдаагүй үлдэхэд хүргэж байгаа аж.
Доктор О’Брайен хэлэхдээ, хүмүүнлэгийн онцгой байдлын үед нэрвэгдсэн 26 орны аль нэгэнд амьдардаг хүүхдүүд тогтвортой улс орнуудад амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад вакцинд хамрагдаагүй байх магадлал гурав дахин их байдаг. Үнэндээ дэлхий дээрх вакцинд хамрагдаагүй нийт хүүхдийн тал хувь нь эдгээр эмзэг, мөргөлдөөнтэй орнуудад амьдардаг. Өнгөрсөн онд Нигери, Энэтхэг, Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Этиоп, Индонез, Йемен, Афганистан, Ангол зэрэг есөн улсад нэг ч тун вакцин хийлгэж байгаагүй хүүхэд нийт хүүхдүүдийн 52 хувийг эзэлж байгаа нь тогтоогдсон байна.
Үүний зэрэгцээ, өндөр хөгжилтэй орнуудад вакцинд эргэлзэх, эрүүл мэндийн байгууллагуудад үл итгэх үзлээс болж вакцинд хамрагдах нь багассан байна.
Улмаар улаанбурхан, полиомиелит зэрэг вакцины тусламжтай урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөл дахин сэргэхэд хүргэсэн гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн дэд захирал, дэлхийн дархлаажуулалтын тэргүүн доктор Эфрем Леманго мэдэгдсэн байна.
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Бидний мэдэж байгаа бүх зүйл дээр үндэслэн сүүлийн 50 жилийн хугацаанд вакцинжуулалтаар 150 сая гаруй хүний амийг аварсан. Вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой аливаа өвчнөөс хүүхдүүдийг хамгаалах боломжтой болсон” гэсэн байна. Мөн “Гэхдээ вакцины талаарх ташаа мэдээлэл, эргэлзэх аливаа хэлбэр нь үүнийг нийлүүлдэг систем, нийлүүлэгч, үйлдвэрлэгч байгууллагат итгэхгүй байгааг харуулж байна. Тиймээс буруу мэдээлэл эсвэл мэдээлэл дутмаг байдлыг шийдвэрлэхийн тулд илүү өргөн системтэйгээр асуудлыг авч хэлэлцэх нь чухал юм” гэжээ. Тэрбээр мөн буруу ташаа мэдээлэл нь вакцинжуулалт өндөр орнуудад өвчний дэгдэлтийг өдөөж байгаа бололтой гэсэн юм.
Тухайлбал, аль ч улс оронд вакцинжуулалтад маш бага хамрагдсан бүлэг байдаг бөгөөд тэнд гол төлөв өвчний дэгдэлт гардаг байна.
Жишээлбэл, АНУ-ын Баруун Техас мужид улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдсээр байгаа. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар тухайн муж нь бусад мужуудтай харьцуулахад вакцинжуулалт хамгийн бага байсан бөгөөд сүүлийн 100 жилтэй харьцуулахад өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-д улаанбурхан өвчний тохиолдол хамаагүй их бүртгэгдсэн байна. Хэдийгээр вакцины талаарх буруу ташаа мэдээлэл нь сөрөг үр дагавартай хэвээр байгаа ч дэлхий даяар хэдэн сая хүүхэд дархлаажуулалтад хамрагдаагүй байгаагийн гол шалтгаан биш юм.
“Дэлхий даяар хүүхдүүд яагаад вакцинд хамрагдахгүй байгаагийн гол шалтгаан нь вакцины хүртээмж, дархлаажуулалтын үйлчилгээний хүртээмжтэй байдалтай нягт холбоотой. Зарим хүнд нөхцөл байдал байгаа хүүхдүүдэд тусламж хүргэж, тулж ажиллахад саад бэрхшээл тулгарсаар байна. Тэд аюултай, нэвтрэхэд хэцүү орчинд байгаа. Зарим тохиолдолд засгийн газар эдгээр орчинд нэвтрэх боломжгүй байдаг” гэж О’Брайен хэлж байна.
“БИДЭНД ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА”
ДЭМБ, НҮБ-ийн гаргасан тайланд вакцинжуулалтын санхүүжилт цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа гэх эмзэг сэдвийг хөнджээ.
Трампын засаг захиргаа АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг (USAID) татан буулгасан бөгөөд дараа нь ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн сангийн санхүүжилтийг бууруулах төлөвлөгөөгөө зарласан юм.
ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Тедрос Адханом Гебрейюс хэвлэлийн бага хурлын үеэр Трампын засаг захиргааны шийдвэрийг хүчтэй буруутгаж, энэ нь олон сая хүний эрүүл орших эрхийг хөндөж байна гэж мэдэгдсэн юм. Тэрбээр ”Бидэнд хийх ажил маш их байна. Вакцины аюулгүй байдлын талаарх ташаа мэдээллээс гадна тусламжийг эрс танасан нь олон арван жилийн ахиц дэвшлийг арилгах аюул заналхийлж байна. ДЭМБ вакцины амь нас аврах хүчээр бүх хүүхдүүдэд туслахын тулд шийдэл олж, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах үүргээ хүлээсээр байх болно” гэж мэдэгджээ.
Түүнчлэн энэ жил гарсан тайланд 2024 онд нялх хүүхдийн 89 хувь нь 2023, 2022 оныхтой адил сахуу татран, хөхүүл ханиалгын эсрэг вакцинд дор хаяж нэг тун хийлгэсэн болохыг харуулсан байна. Улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалтад 84 хувь хамрагдсан байсан нь 2023, 2022 онтой адил үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч 86 хувь нь хамрагдсан байсан 2019 онтой харьцуулахад бага байгаад мэргэжилтнүүд санаа зовж байна. Ерөнхийдөө өнгөрсөн онд 20.6 сая хүүхэд улаанбурхан өвчний эсрэг вакциныхаа эхний тунд хамрагдаагүй байгаа нь тогтоогджээ.
Дэлхийн хэмжээнд улаанбурханы эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн хүүхдүүдийн хувь 2022 онд 73 хувь, 2023 онд 74 хувь байсан бол 2024 онд 76 хувь болж өссөн байна.
АНУ-д вакцинд хамрагдах хүүхдийн тоо буурч байгаа бөгөөд энэ жил улаанбурханы өвчлөлийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь вакцинд хамрагдаагүй эсвэл вакцинжуулалтын статус тодорхойгүй байсан хүмүүст тохиолдсон гэж тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ.
Харин умайн хүзүүний хорт хавдар болон бусад холбогдох өвчлөлийг үүсгэдэг хүний хөхөнцөр вирусээс хамгаалахад тусалдаг “HPV”-ын вакцинд хамрагдсан үзүүлэлт сайжирсан болохыг О’Брайен онцолсон юм. Эхний тунг хийлгэсэн охидын хувь 2023 онд 27 хувь, 2022 онд 20 хувь байсан бол 2024 онд 31 хувь болж өссөн байна. АНУ-д л гэхэд санал болгож буй вакцины бүх тунд хамрагдсан охидын хувь 2023 онд 21 хувь байсан бол 2024 онд 28 хувь болж өсжээ. “HPV”-ийн вакцины хамрах хүрээ хөвгүүдийн дунд бага байгаа хэдий ч тогтвортой байгаа аж. Тухайлбал, 2023 болон 2024 онд эхний тунд АНУ-ын нийт хөвгүүдийн 8 хувь нь хамрагдсан байна. “HPV-ийн вакцины хамрах хүрээ жилээс жилд нэмэгдэж байгаа нь мэдээллийн жинхэнэ тод цэг юм” гэж О’Брайен хэлсэн байна. Түүний үзэж буйгаар энэхүү өсөлт нь Нигери, Бангладеш болон бусад дөрвөн улсад вакцин нэвтрүүлсэнтэй холбоотой.
Ерөнхийдөө шинэ гарсан тайланд хүүхдийн вакцинжуулалтад тодорхой ахиц дэвшил гарсан хэдий ч томоохон цоорхой үлдсэн хэвээр байна. 2023 онтой харьцуулахад 171 мянга гаруй хүүхэд вакцинд хамрагдсан боловч 14 сая гаруй хүүхэд вакцин хийлгээгүй хэвээр байгаа нь тэднийг хүнд өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн 5.7 сая нь зөвхөн эхний тун вакцинд хамрагдсан байгаа нь аюулт өвчнөөс бүрэн хамгаалагдахгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байгаа юм.
Тайланг гаргахад гар бие оролцсон Бет Израилийн Диконес эмнэлгийн төвийн Вирус судлал, вакцин судлалын төвийн захирал, доктор Дэн Баруч хэлэхдээ, “Вакцин бол хүүхдийг хамгаалах хамгийн үр дүнтэй, боломжийн арга замуудын нэг юм. Вакцин хийлгээгүй 14 сая хүүхэд байгаа гэдэг нь өвчлөлд өртөх эрсдэлтэй олон хүүхэд байгааг харууллаа” гэсэн юм. Мөн тайланг гаргасан мэргэжилтнүүд дэлхийн эрүүл мэндийн салбарын удирдагчдад вакцинжуулалтын хөтөлбөрийг нэн тэргүүнд тавьж, илүү их санхүүжилт олгохыг уриалж байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN
URL:




