УИХ-ын гишүүн Х.Баттулга Ерөнхий сайдын фракцынхныг АТГ-т өглөө

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга өчигдөр нэр бүхий улстөрчдийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өглөө. АТГ-ын гадаа өчигдөр 15.00 цагт МоАХ-ны 20, 30-аад гишүүн ирсэн байв. Тэднийг төлөөлж УИХ-ын гишүүн Х.Баттулга дотогш орсон юм. Түүнийг хэвлэлийнхэнтэй оруулахгүй хэмээн  тус газрынхан хориг тавьсан ч дийлдээгүй. Ингээд Х.Баттулга гишүүнийг АТГ-ын тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр нарын хүмүүс хүлээн авч уулзав. Х.Баттулга гишүүн Ерөнхий сайд С.Батболд, түүний хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Д.Зоригт, Ц.Нямдорж нартай холбоотой асуудлыг шалгуулахаар баримтыг нь цуглуулан ийн өгч байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Х.Баттулга “Бид өнөөдөр 15.00 цагт танайд ирнэ гэж утсаар хэлсэн байгаа. Гэвч сая наашаа орох гэж жаахан хүлээлээ. Н.Ганболд дарга АТГ-ын дарга болохдоо авлигатай тэмцэнэ гэсэн ам тангараг өгч байсныг санаж байна. Өнөөдөр эмч, шүүгч, багш нар авлига их өгдөг гэсэн төсөөлөл байна. Энэ бол авлига биш ээ. Авлига төр засагт нүүрлэчихсэн байна. Ард түмэн туйлдаад байгаа нь үүнтэй холбоотой. Н.Ганболд дарга энэ тухай өөрөө их ярьдаг хүн. Тиймээс биднийг хадаг сүүтэй угтдаггүй юмаа гэхэд тэсэн ядан хүлээж авах болов уу гэж бодсон. Даанч тэгсэнгүй. Энэ бол тоглоом биш. Аймаг, сумын Засаг даргын тухай, хил дээр гарсан зөрчлийн тухай яриагүй. Монголын ардчилсан холбоо Монгол Улсыг, нийгмийг иргэн бүр баян байлгахын тулд өөрчилсөн. Гэтэл өнөөдөр авлига гэдэг хэрэм хаалт дунд хэдхэн хүний аз жаргалтай амьдралаар Монгол Улсын амьдрал хязгаарлагджээ. Олон зүйл нуршаад яах вэ. Энд бүх баримт бий. (Хавтастай зүйлээ харуулав). Хамгийн сүүлийн баримт гэхэд ХЗДХ-ийн сайдаар олон жил тохоон томилогдон ажиллаж байгаа сайд Ц.Нямдоржийн хэвлэлд өгсөн “Хөлсний байранд амьдардаг баяжсан дурак хаана байдаг юм” гэсэн ярилцлага байна. “MSC-ийн”  “Ухаа худаг”-ийн байранд урсгал зардал буюу 300-400 мянган төгрөг төлөөд амьдардаг гэсэн байгаа юм. Тэр нь хүний гэнэ л дээ. Хүний байр юм бол яахаараа тэр хүн давуу эрх эдлээд суугаад байна вэ.

Германы Ерөнхийлөгч иргэнээсээ илүү хөнгөлөлттэй нөхцөлд байр авсныхаа төлөө огцорсон жишээ бий шүү дээ. Энэ талаар тодорхой нэмэлт баримт шаардлагатай гэвэл өгч болно” гээд суудлаасаа босов. Ингээд уулзалт хийж буй өрөөний хананд өлгөөтэй байгаа АТГ-ын тангаргийг уншив. “АТГ-ын албан хаагчид бид хэний ч нөлөөнд үл автан, зөвхөн хуульд захирагдан үнэнч шударгаар авлигатай тэмцэхээ батлан тангараглая. Миний бие үүнээс няцвал хуулийн хариуцлага хүлээе” гэсэн байна. Та нар тангаргаа уншиж ажилдаа орсон байлгүй. Тэгэхээр бид энэ авлигыг таслан зогсоож байж Монгол Улсын хөгжлийг ярина. Надтай холбоотой олон асуудлыг Ц.Нямдорж сайд ярьсан. Энэ тухай ирэх долоо хоногоос хэвлэлийнхэнд тайлбар өгнө” гэв. Харин АТГ-ын тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр “Иргэд байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг хуулийн хугацаанд шалгаж, хууль зүйн үндэслэлтэй хариу өгөх үүрэгтэй. Энэ хүрээнд ажиллаад албан ёсоор хариу өгнө. Манай холбогдох албаны хүн гарын үсэг зураад хүлээж авна” гэсэн юм. Тэгэхэд нь Х.Баттулга гишүүн “АТГ байгуулагдаад хэдэн жилийн нүүр үзлээ. Хэдэн даргын нүүр үзлээ дээ. Тиймээс та бүхнийг дарамттай ажилладаг гэдгийг ойлгож байна. Үүнээс болоод та нарыг дарамталж байгааг мэдэж байгаа. Ард чинь Монголын ардчилсан холбоо байгаа шүү гэж бодоод урам зоригтой ажиллаач. Та нарыг бид хамгаалъя. Аливаа даргыг нь шалгах гэхээр нэг нь утасдаад болиулдаг байдлыг таслан зогсоомоор байна. Тэгэхээр энэ асуудлыг ажил болгох талаас нь санаа тавиарай гэж захья” хэмээн хэлээд өрөөнөөс гарлаа.

Дараа нь тэрээр сэтгүүлчдийн цөөн асуултад хариулаад яарч одсон юм.

-Таны өгсөн хүмүүсийг АТГ шалгах болов уу?

-УИХ-аас Авлигатай тэмцэх тухай тогтоол гаргачихсан байгаа. Харамсалтай нь хэрэгжихгүй юм. Ийм байж болохгүй учраас энэ хүмүүсийг АТГ-т өглөө. Би ганцаараа тэмцээд байгаа юм биш. Монголын ардчилсан холбоо гэх улс орон даяар сүлжээтэй байгууллага байна. Энэ байгууллагыг толгойлж байгаа хүний хувьд нөхдийнхөө санал санаачилгыг дэмжиж, өөрөө төлөөлөн ирлээ. Авлигатай тэмцэх ажлыг хийх ёстой. Гэхдээ сая АТГ-ын дарга нь хүлээж авсангүй. Магадгүй тэр хүн биднийг хүлээж авсан бол элдэв дарамтад орох байсан болов уу. Тэгээд АТГ ямар хариу өгөхийг нь хүлээж л байя.

-Та хэн хэнийг АТГ-т өгч байгаа юм бэ?

-Ерөнхий сайд С.Батболд, Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт гээд фракцынх нь хүмүүсийг өглөө. Тэдний тухай баримт материал хангалттай байгаа.

-Таныг төмөр зам барих талаар нууц гэрээ байгуулсан гэх мэдээллийг Ц.Нямдорж сайд зарласан. Үнэн юм уу?

-Энэ тухай бүх баримтыг би ирэх долоо хоногоос дэлгэнэ. Ер нь Засгийн газрын сайд нь нууц гэрээ байгуулаад, гаднынхан нууц гэрээнд нь мөнгө өгөөд, нууцаар төмөр зам барина гэж байхгүй щүү дээ. Нууц гэрээ бол хар тамхи, зэвсгийн наймаа зэрэгт л хийгддэг болов уу даа. Ийм энгийн зүйлд хууртаж боломгүй санагдана. Ц.Нямдорж гэдэг хүн өөр зүйл рүү хүмүүсийн анхаарлыг холдуулдаг аргатай. Энэ байдлаараа л явж байгаа байх. Би шал өөр юм яриад байна шүү дээ. Бидний горьдож байсан Таван толгой бүтэхгүй болчихлоо, одоо яах вэ гэдэг асуудал ярьж байна.

Я.Мөнгөн


URL:

Сэтгэгдэл бичих