Данийн Хааны номын санд Монголын ховор гар бичмэлүүд хадгалагдаж байна

Данийн Вант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  тус улсын Хааны номын санд зочиллоо. Ерөнхийлөгчийг номын сангийн захирал Ерланд Колдинг Ниелсен угтаж номын санд хадгалагдаж байгаа монгол гар бичмэлүүдийг танилцуулсан юм.

1835 онд буулгасан “Эрдэнийн эрхи”-ийн хуулбар гар бичмэл, монгол ахуйг хэрхэн хөтлөх, тоо тооцооллын монгол аргачлал, уул ус газар нутгийг хэрхэн шинжих зэргийг зааварлан зургийн хамт тайлбарласан сонирхолтой номнуудыг эрдэмтэн судлаач Кристенсен 1930-аад оны үед монголоос аваачжээ. Эдгээр гар бичмэл нь 17-18 дугаар зууны үеийн бүтээлүүд байна. Өөр нэг сонирхолтой бүтээл нь 1903 оны Сэцэн хан аймгийн газрын зураг юм. Уул ус, сүм хийд, хот айлын байрлал зэргийг ихэд нарийн зурж бичиж тэмдэглэсэн энэ зураг Данийн Хааны номын сангийн үнэт зүйлсийн нэг болж байна.

Тус номын санд хадгалагдаж байгаа монгол гар бичмэлүүдийг 1835 оноос өмнөх үеийн, хожуу үеийн гэж 2 ангилбал гуравны нэг нь 1835 оноос өмнөх үеийнх юм. Тус номын санд нийт 650 гаруй Монголын түүх, соёл, шашны холбогдолтой гар бичмэл, ном, газрын зураг хадгалагддаг нь хилийн чанад дахь түүхийн баримт бичгийн томоохон цуглуулгын тоонд орж байна.

Уг номын санд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн санд бүртгэгдсэн олон бүтээл байна.

1648 онд хаан III Фредерик Европын уран бүтээлээс бүрдсэн номын санг байгуулж, 1793 оноос олон нийтэд үйлчлэх болжээ.

Хааны номын сан нь мөн түүнчлэн Европын орчин үеийн архитекторын шилдэг шийдлүүдийн нэг юм. 1999 онд уг номын сангийн хуучин барилгыг орчин үеийн шинэ барилгатай нийлүүлэн холбож барьжээ. Өнөө цагт номын сан ямар байх ёстойг харуулж чадаж байгаа энэхүү сонгомол барилгыг даничууд “Хар алмаз эрдэнэ” хэмээн нэрлэдэг юм.

Өнөөдөр тус номын сан нь  Европын нэр хүндтэй томоохон их сургуулиудын нэг Копенгагены их сургуулийн номын сангийн үүргийг давхар гүйцэтгэж, эрдэмтэд судлаачдын судалгааны гол эх сурвалж нь болдог байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын түүхийн ховор нандин гар бичмэлүүдийг судлахад хамтран ажиллах, хуулбаруудыг Монгол Улсад шилжүүлэн авах боломжийн талаар ярилцав.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.