Булганчууд цагаан зээрийг ад үзэх болсон

Булган аймгийг анхдагчдын өлгий нутаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Нэг үе булганчуудыг хүний мөсөөрөө сайн ч гэж ярилцдаг байсан цаг саяхан. Харамсалтай нь сүүлийн үед хүний мөс нь эрс өөрчлөгдсөнийг хүмүүс ярих болж. Өөрсдөөс нь энэ талаар асуухаар оторчид, оршин суухаар шилжин ирэгсэдтэй холбоотой гэх юм билээ. Үнэн ч биз, үгүй ч биз. Энэ удаа булганчууд гэж олны нэрийг онцлох болсон минь учиртай.

Монголын төр засгаас цагаан зээрийг нутагшуулах, өсгөж үржүүлэх, зуд, гангаас аврах гэж чамгүй их ажил хийж байгааг хот, хөдөөгүй л мэдэж байгаа. Гэтэл өнөөдөр Булганы Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Дашинчилэн сумдын иргэд нүүдэллэн ирсэн цагаан зээрэнд дэндүү хатуурхаж байна. Хавар, намар, өвлийн цагт Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Дашинчилэн сумдын зарим малчид цагаан зээр малын бэлчээр талхалчлаа гэж төмөр хөлгөөрөө өдөр шөнөгүй элдэн хөөж туухтай нэг бус удаа таарч байв.

Зээр байгальд халтай юм байх. Байгаль дэлхийд хэрэгтэй болоод л бий болсон амьтан баймаар юм. Ямар орчин цагийн хиймэл амьтан биш. Намар амьтан таргалах үеэр чоно хөөх нэрээр төмөр хөлөгтнүүд зээрийг ихээр агнадаг аж. Энэ тал дээр санаа тавьдаг албан тушаалтан, мэргэжлийн хүмүүс ч гэж алга. Ер нь ганц цагаан зээр ч биш, тэр орчмоор байдаг ан амьтад ямар ч хайхрах эзэнгүйгээс болж олон төрлөөрөө үгүй болж байгааг байгаль, ан амьтандаа ээлтэй иргэд нь хошууран ярих аж.

Өнгөрдөг намар, өвөл, энэ хаврын байдлыг ажаад байвал Хишиг-Өндөр, Бүрэгхангай сумдын нутагт зээр устаж үгүй болохгүй гэх баталгаа алга болсныг БОАЖЯ болон Булган аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагуудын сонорт хүргэхийг зорилоо. Байгаль дэлхийн өөрчлөлтөд цагаан зээр ч үгүйлэгдэж байж болох юм.

Р.Мөнхтөр
Эх сурвалж: “Болсон явдал”


URL:

Сэтгэгдэл бичих