Хятад: Covid-19-ийн талаар шүгэл үлээгч 4 жилийн хорих ял авчээ

large-68cd14f8f9b047338a080d82-1-810x500Хятад улс “Covid-19”-ийн тархалтын эхэн үеийг баримтжууулсан сэтгүүлчид дахин дөрвөн жилийн хорих ял оноосныг Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллага мэдээллээ. 42 настай Жан Жан 2020 оны арванхоёрдугаар сард үймээн самуун дэгдээж, хэрүүл маргаан үүсгэсэн хэргээр дөрвөн жилийн ял авч, уг ялаа эдэлсэн.

Түүнийг шоронд хоригдож буйгаас үл хамааран “мэдээллийн баатар” гэж дэлхий дахинд алдаршуулах ёстой гэж Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын Ази-Номхон далайн зөвлөх менежер Александра Бьелаковска хэлжээ. Мөн “Түүний зовлон зүдгүүр, хавчлага дуусгавар болох ёстой. Олон улсын хамтын нийгэмлэг түүнийг яаралтай суллуулахын тулд Бээжинд шахалт үзүүлэх ёстой” гэсэн юм.

Жан Жан анхандаа албан ёсны мэдээлэл гэхээсээ илүүтэй үймж бужигнасан эмнэлгүүд, хүний хөл татарсан гудамжууд зэргээр янз бүрийн бичлэгүүд, бичвэрүүдийг нийтэлдэг байжээ. Хэдэн сарын турш цахим сүлжээндээ нийтлэл оруулсны эцэст тэр баривчлагдсан. Тухайн үед түүний үг хэлэх эрх чөлөөг боож байна гэж хуульч Рэн Чуанниу нь мэдэгдэж байв.

Жан Жан баривлагдсаныхаа дараа өлсгөлөн зарласан тул цагдаа нар түүнийг хүлж байгаад, хүчээр гуурсаар хооллож байжээ.

Ингээд 2024 оны тавдугаар сард ялаа эдэлж дуусаад, суллагдсан боловч ердөө гурван сарын дараа дахин баривчлагдсан байна. Энэ удаад түүнийг Шанхайн Пудон хорих ангид хорьжээ. Жан Хятад дахь хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлсэн нь түүний дахин баривчлагдах үндэслэл болжээ.

Түүнийг сэтгүүлчийн ажил үүргээ гүйцэтгэснийх нь төлөө үндэслэлгүй хэргээр хоёр дахь удаагаа яллаж буйг Нью-Йоркт төвтэй Сэтгүүлчдийг хамгаалах хорооны Ази-Номхон далайн бүсийн захирал Бех Лих И хэлсэн юм.

Дашрамд дурдахад, сэтгүүлчдийг хорьдог дэлхийн хамгийн том шорон Хятадад байдаг. Тус шоронд хэвлэл мэдээллийн салбарын 124 ажилтан хоригдож байна.

Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас жил бүр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргадаг. 2025 оны индексээр Хятад улс 180 улс, газар нутгаас 178-д оржээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS


URL: